Иргэд сүүлийн үед шинээр орон сууц худалдан авах нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор худалдан авч буй орон сууцнуудын гэрээнд заасан м/кв нь хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдол их байна.
Тиймээс ийм тохиолдолд иргэд тухайн байгууллага хэрхэн хариуцлага тооцох талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.
-Орон сууцны м/кв-тай холбоотойгоор танай байгууллагад иргэдээс хэр их санал гомдол ирж байна вэ?
-Манай байгууллагад орон сууц худалдан авахад м/кв нь хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн гомдол их ирдэг. Манай байгууллагын хувьд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэж өгдөг.
Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд иргэдтэй байгуулсан гэрээндээ 40 м/кв гэж заасан боловч яг ашиглалтад орох үед тухайн гэрээндээ заасан м/кв нь хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдол их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд их санал гомдол ирүүлж байгаа.
-Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны м/кв нь хэмжээндээ хүрэхгүй бол тухайн барилгыг ашиглалтад оруулсан компанидаа эхлээд гомдол гаргах ёстой юу?
-Орон сууц нь м/кв-таа хүрэхгүй байгаа бол захиалагч компанидаа хандах хэрэгтэй. Барилгын компаниуд бизнесийн байгууллага учир зөрүүг өгөхгүй байх нь их. Хэрвээ зөрүүг тухайн барилгын компани өгөхгүй бол мэргэжлийн байгууллагуудад хандах шаардлагатай.
Ихэнх барилгууд захиалга авч байхдаа 40 м/кв гэж гэрээ байгуулсан боловч ашиглалтад орох үед орон сууц захиалагч м/кв-таа хэмжүүлэхэд дутах тохиолдол их байдаг. Гэтэл өнөөгийн зах зээлийн ханшаар орон сууцны м/кв нь 1.8-2 саяын хооронд байгаа. Тиймээс барилгын компаниуд иргэдээс 1.8-2 сая төгрөг зүгээр авч байгаа гэсэн үг.
-Захиалсан орон сууц нь ашиглалтад ороход иргэдэд м/кв нь хэмжээндээ хүрч байгаа эсэхийг нь хэмжиж өгдөг байгууллагууд байдаг уу?
-Иргэд өөрсдөө м/кв нь дутуу байгааг нүдээр хараад мэдэхгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар хэмжүүлэх хэрэгтэй.Орон сууцны м/кв хэмждэг 140 орчим төрийн бус байгууллага манайд байдаг.
Тиймээс иргэд тэдгээр байгууллагуудад хандаад м/кв-таа тогтоолгоод зөрүүтэй гарсан тохиолдолд манай байгууллагад хандаж болно. Ер нь иргэд барилгын компаниудад захиалга өгөхөөсөө өмнө сайн лавлаж асууж байвал дараа нь асуудал үүсэхгүй байх боломжтой.
-Танай байгууллагад хандахад ямар нэгэн бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай юу?
-Мэргэжлийн байгууллагаар хэмжүүлээд м/кв нь зөрүүтэй гарсан бол өөр ямар нэгэн нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй бид тухайн иргэдийг хохиролгүй болгож өгнө. Өөрөөр хэлбэл, барилгын компаниудаас м/кв-ийн зөрүү мөнгийг нь буцаан олгуулах эсвэл үлдсэн төлбөрөөс нь суутгуулах арга хэмжээ авна.
-Орон сууцны м/кв-ийг хэмждэг мэргэжлийн байгууллагууд иргэдэд хэдэн төгрөгөөр хэмждэг юм бол?
-Орон сууцны м/кв-ийг хэмждэг төрийн бус байгууллагууд м/кв-ийг нь 2000-3000 төгрөгөөр хэмжиж өгдөг. Хэрэв м/кв нь хэмжээндээ хүрэхгүй байгаа нь тогтоогдсон бол хэмжилт хийлгэсэн зардал болон зөрүүг буруутай барилгын компаниар төлүүлэх болно. Дашрамд дуулгахад, найман хувийн хүүтэй зээлтэй холбогдуулаад иргэд маш ихээр орон сууц худалдан авч байгаа.
Гэхдээ шинээр орон сууц худалдан авахдаа техникийн нөхцөл аваагүй цахилгааны, дулааны, цэвэр бохир усны, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй, барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй зэрэг шалтгаанаар ус, дулаан, цахилгаанаар хангахгүй барилгад захиалга өгч урьдчилгаа мөнгө төлж олноороо хохирсоор байгааг анхааруулмаар байна. Тиймээс орон сууц захиалах гэж байгаа барилгын компаниа сайтар судалж байж захиалгаа өгөх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!