ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хороо дэмжлээ

open.parliament.mn
2015 оны 5 сарын 19
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Байнгын хорооны 2015 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.

Үүний дараагийн асуудал нь Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан.

 

 

УИХ 2013 оны долдугаар сард Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан ч цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулах боломжгүй болсон тул алба хаагчийн эрх зүйн байдал, баталгаатай холбоотой асуудлыг зохицуулах хэрэгтэй болсон аж.

Түүнчлэн цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг журмаар зохицуулж байгааг өөрчилж хуулиар зохицуулах шаадлагатай бий болсон юм байна.

Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгааг олон улсын хэм хэмжээ, бусад улсын туршлагыг судалж, Монгол орны онцлог, эрх зүйн системд нийцүүлэн, алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан бүлгийг өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ.

Түүнчлэн цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог болгохоор, цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлгийг шинээр нэмсэн аж.