ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

open.parliament.mn
2015 оны 5 сарын 14
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион явууллаа.

Манай улсын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний дараа 1929, 1935 онд Аливаа хэргийг хэрхэн шийтгэх ба байцаах хууль, 1949, 1963 онд  БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус батлан мөрдөж байжээ. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 1994 онд зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан нь шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэх нөхцөл болсон бөгөөд 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталсан байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв болох Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг төсөлд бүгд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмуудыг  бүрэн хэрэгжүүлэх үндэс, нөхцөл, журмыг тогтоохоор зохицуулсан байна. 

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Хүний эрхийг хангах нөхцөл” сэдэвт илтгэл, Хууль зүйн доктор Б.Батзориг “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн өмнөх шат” сэдэвт илтгэл,  Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн шат” сэдэвт илтгэлүүдийг тус тус танилцуулсан байна.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхий үндэсний комисс, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Эмнэсти интернэшнл”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ байгууллагын төлөөлөгчид оролцжээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг