Энэ онд газар тариалангийн чиглэлээр ямар ямар ажил хийгдэх талаар Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээлжээ. Энэ онд улсын хэмжээнд 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай,13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж, 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн байна.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1,190 гаруй аж ахуйн нэгж иргэн,төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа аж. ХХААЯ-наас хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Үүнд:
Тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авч байна. Хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан жишигт тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийгдэж байна.
Түүнчлэн тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам, агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж байна.
Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 20 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийгээд байна.
Тариалалтад зүтгэх хүчний трактор 2,880, үр тарианы үрлүүр 2,170, хөрс боловсруулах техник 4,680, төмс хүнсний ногооны үрлүүр 326 ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 80 гаруй хувьтай байна.
Япон улсын Засгийн газрын “Бага орлоготой фермерүүдийг дэмжих КР-2” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн хүлэмж, өрхийн аж ахуйн зориулалттай 236 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийн үнийг 80 хувь хөнгөлөн ногоочдод олгож байна.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх 125-165 морины хүчтэй 132 ширхэг тракторыг хаврын тариалалт, уринш боловсруулалтын өмнө, 48 ширхэг үр тарианы комбайныг ургац хураалтаас өмнө нийлүүлэхээр ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн механикжсэн үйлдвэрлэлийн зардал, шинээр нэвтэрч буй техникийн бүтээл, шатахуун зарцуулалтын үлгэрчилсэн нормыг тогтоох зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна.
Газар тариалангийн тэг технологид нийцсэн техник худалдан авахад зориулан жилийн найман хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.
Төмсний тариалалтад 34.0 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд Монгол төмс хөтөлбөрийн хүрээнд төмсний үрийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлснээр хэрэгцээт үрийг дотоодоосоо бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн 80 сая төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний ногооны үр нийлүүлж, хүнсний ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг үзүүлэхээр сонгон шалгаруулалтыг зарлав.
Төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд зориулан 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 248 ширхэг намираа усалгааны тоног төхөөрөмжийг иргэн аж ахуйн нэгжид урт хугацааны зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн 2014 онд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймагт нийтдээ 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр услалтын системийг шинээр барьж сэргээн засварлан ашиглалтанд оруулснаар энэ онд нийтдээ 54.0 мянган га талбайг усалгаатай ашиглах боломжийг бүрдүүлэв.
Ургамал түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмын төслийг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж эцэслэн боловсруулаад байна. Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын ногоочдыг бүртгэлжүүлэх, цахим хэлбэрт мэдээ, мэдээллийг оруулж хэрэглэгчид шууд мэдээллээ авч болох боломжийг бүрдүүлэх юм.
Дархан-Уул аймагт үр тариа хадгалах зориулалттай 36 мянган тонны багтаамжтай элеваторыг ашиглалтад хүлээн авснаар ТЭДС-ийн үр тариа хадгалах хүчин чадлыг 182 мянган тоннд хүргэлээ.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот орчимд төмс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, худалдааны төв байгуулахаар шалгарч зээл авсан аж ахуйн нэгжүүдийн ажлын гүйцэтгэл 70-90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Шинээр байгуулагдаж байгаа зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, ченжийн дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгэлжүүлэх, өртгийн нэгдсэн сүлжээ байгуулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зарлаад байна.
Чингис бондын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүлэмжийн аж ахуй байгуулах” төслийн үлдэгдэл санхүүжилтээр хэрэгжих хүлэмжийн аж ахуй байгуулах төслийн шалгаруулалтыг шинээр зарлан зохион байгуулж 10.0 мянган м2 өвлийн шилэн хүлэмж байгуулах бодлогын гэрээ байгуулаад байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгаалалтын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, хэрэглэх тун хэмжээг гарган 2015 оны 02 сарын 25-ны өдрийн БОНХАЖ-ын сайд, ЭМС-ын сайд болон ХХАА-н сайдын хамтарсан А-80/А-28/73 тоот тушаалаар батлуулав.
Тариалалтад зориулан ТЭДС-аас үр ариутгалын бодис Тебу-60, хог ургамлын эсрэг алмазис, фенизан, пумасупер, химийн уриншийн зориулалтаар раундап зэрэг 5 нэр төрлийн 3.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 434.5 тонн пестицид, 1.0 мянган тонн нийлмэл бордоог тус тус импортоор авч 30 хувийн урьдчилгаатайгаар тариаланчдад олгож эхлээд байна.
Ургамлын өвчин, хог ургамал, хортон шавжтай тэмцэхэд ургамал хамгааллын бодисыг зөв сонгох, хэрэглэх, хүн, мал амьтан байгаль орчинд учруулах эрсдэлийг багасгах, хөрсний үржил шимийг сайжруулах арга хэмжээнд бордоог зохистой үр дүнтэй хэрэглэх талаар Төв, Сэлэнгэ, Орхон аймгийн тариаланчдад мэдлэг олгох сургалт, семинарыг зохион байгуулах, гарын авлага зөвлөмж боловсруулан тараах зөвлөх үйлчилгээний тендерийн ажлыг зарлаад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!