ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис"-ийг шинэ бондоор "Солино"

Б.Цэцэгсүрэн
2015 оны 5 сарын 1
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Олон улсын зах зээлээс босгосон арилжааны зээлээ эргүүлэн төлөх оргил жилүүдийн хаяанд монголчууд иржээ. Хөнгөлөлттэй зээл, тусламжид хөлбөрч ирсэн бид анх удаа 1.5 тэрбум ам.долларын арилжааны зээл авсан билээ. “Чингис” бонд хэмээн түүнийг нэрлэдэг.

Хөрөнгийг нь Хөгжлийн банканд байршуулж, улсын төсвөөс болон санхүүжүүлсэн төслийнх нь орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хөгжлийн томоохон төслүүдэд оруулж байгаа.

2018, 2022 онд зээл төлөх оргил үе таарч байгаа юм. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ханш, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал улаан шугамд ойртоод байгаа энэ үед улсын гадаад валютын нөөцөөс ч илүү хэмжээний зээлийн төлбөр ойрын жилүүдэд Монгол Улсыг хүлээж байна.

ХУГАЦААНД НЬ ӨРӨӨ БАРАГДУУЛАХ ХАТУУ ҮҮРЭГ

1.5 тэрбум ам.долларын өрөө монголчууд аль халааснаасаа гаргаж, хэрхэн төлөхөөр төлөвлөж байгаа юм бэ? Албан тушаалтнууд энэ сэдвийг бараг улсын нууц шахуу бодон ам хамхина.

Гадаад өрийнхөө хүүгийн төлбөрийг монголчууд хугацаанд нь, өөгүй төлж байгаа. 

“Чингис” бондын өрийг хэрхэн төлөх төлөвлөгөөг албан эх сурвалжаас нь авах гэж Сангийн яамныхныг царайчлаад бараагүй юм. Төлөх эх үүсвэр, төлөвлөгөө нь тодорхойгүй байсан юм болов уу даа.

Эцэст нь, бондын үндсэн төлбөрийн 36.3 хувийг л төлөх Хөгжлийн банкнаас мэдээлэл авахыг Төрийн нарийн бичгийн дарга нь хэвлэлийн төлөөлөгч бүсгүйгээр дамжуулан “зөвлөв”.

Гадаад өрийнхөө хүүгийн төлбөрийг монголчууд хугацаанд нь, өөгүй төлж байгаа. Харин 2013 оны нэгдүгээр сарын 5-нд арилжсан 500 сая ам.долларын бондын үндсэн төлбөрөө 2018 онд нэг удаагийн төлөлтөөр барагдуулах хатуу үүрэг хүлээсэн улс, бид.

Үнэнийг хэлэхэд, цаг хугацааны нөхцөл байдлаас үүдэн 2017 оны арванхоёрдугаар cap айлчлахад мөнгөө бэлдсэн байх шаардлага бий. 500 сая ам.долларыг төгрөгт шилжүүлээд үзье. Тухайн үеийн тооцож буй ханшаар 830 тэрбум төгрөгтэй (1 ам.доллар 1,660 төгрөг) дүйнэ гэж өмнөх Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн яам тооцоолж байжээ.

“Чингис” бондын төлбөрийг эргүүлэн төлөхөд Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газартай хамжих ёстой. Учир нь Хөгжлийн банкаар дамжуулан бондын хөрөнгийн 38 хувь буюу 921.7 тэрбум төгрөгийг (дүйцүүлсэн үнэлгээгээр) төслийн өөрийнх нь орлогоос төлөгдөх төслүүдэд хуваарилсан байгаа юм.

Энгийнээр тайлбарлавал, Хөгжлийн банк нь төслийн өөрийн орлогоос эргэн төлөгдөх төслүүдэд олгосон зээлийнхээ төлөлтөөр гадаад төлбөрийн өөрт ногдох хэсгийн ачааллыг даах ёстой. Бондын төлбөрийг хийх хугацаа дөхөх үед тэдгээр төслүүдээс эргүүлэн төлсөн хөрөнгийг Хөгжлийн банк арилжааны банкуудаас хуримтлуулж, Монгол Улсын Засгийн газарт өгөх ёстой гэж ойлгож болно.

Ингэж үзвэл 2017 онд “Чингис” бондын эргэн төлөлтөд зориулан улсын төсвөөс 60.4 тэрбум төгрөг, Хөгжлийн банк 769.6 тэрбум төгрөг гаргахаар байгаа юм.

Засгийн газрын зовлон үүгээр дуусахгүй. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иений “Самурай” бондыг эргүүлэн төлөхөд улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргах учиртай юм. Нийлбэр дүнгээр нь тооцож үзвэл, гадаад өрийг барагдуулахад Монгол Улсын төсөвт 2017 онд 664.5 тэрбум төгрөгийн ачаалал ирэх нь.

Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк эдийн засаг, төсвийн орлогын өсөлтөө тооцоод ийм хэмжээний зээл төлөх нь манай улсын эдийн засагт өнөөдөртөө хүндрэл багатай гэж үзжээ. Тодруулбал, энэ нь төсвийн орлогын 8.1, зарлагын 7.7, төсвийн хөрөнгө оруулалтын 33.9, ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэх нь.

Төсвийн нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг нь Монгол Улс шинэ хөрөнгө оруулалтад зарцуулдаг гэж үзвэл 2017 оны “Чингис” бондынхоо төлбөрийг төлөхийн тулд шинээр хийх хөрөнгө оруулалтыг нэг жил тэвчих шаардлага үүснэ гэсэн үг.

“Чингис” бондын төлбөрийг эргүүлэн төлөхөд Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газартай хамжих ёстой. 

2017оныг Монгол Улсын Засгийн газар мэнд давлаа гэж бодоход цаана нь мөн нэг тэрбум америк долларын данагар өр хоцорно.

“Чингис” бондын таван жилийн хугацаатай эх үүсвэрээс дийлэнхийг нь төслийн өөрийн орлогоос эргэн төлөгдөх, өөрөөр хэлбэл, 888 төслийн санхүүжилт зэрэг зүйлд зарцуулсан бол 10 жилийн хугацаатай эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх дэд бүтцийн тэргүүтэй төслүүдийг санхүүжүүлсэн байгаа юм. Тиймээс 2022 оны өрийн дарамт улсын төсөвт жин дарж буйг сануулъя. Гэр хэрээр төсөвт ирэх ачаалал хүндэрнэ гэсэн үг.

2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд 1.66 их наяд төгрөгийн (нэг тэрбум ам.долларын тухайн жилийн төсөөлсөн ханшаар) бондын үндсэн төлбөрийг төлнө. Үүний 1.525 их наяд төгрөгийг улсын төсвөөс, харин Хөгжлийн банкнаас 134.4 тэрбум төгрөг төлөх учиртай. 2022 оны улсын төсвөөс мөн 116.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатайгаар гаргасан Хөгжлийн банкны бондын төлбөрт төлөх хуваарьтай.

Нийлбэр дүнгээрээ 2022 онд Монгол Улсын төсөвт ирэх ачаалал 1.642 их наяд төгрөгт хүрэх нь. Энэ нь тухайн үеийн ДНБ-ий хоёр, төсвийн орлогын 6.7, зарлагын 6.1, хөрөнгө оруулалтын 34.8 хувьтай тэнцэнэ гэсэн тооцоо байна.

Хөгжлийн банкны хувьд зээл олгохдоо эргэн төлөлтийн нөхцөлийг эх үүсвэрийн төлбөрийн нөхцөлтэй уялдуулсан тул гадаад өр төлбөрүүдийг бүрэн барагдуулах чадвартай байх тооцоолол бий гэнэ. Зээл олгохдоо арилжааны банкаар дамжуулсан учраас эргэн төлөлт тасрах эрсдэл ч бага аж.

Монгол Улсын арилжааны банкны системд чанаргүй зээлийн үзүүлэлт ердөө 5-6 хувьд л хүрдэг билээ. Эдгээрт үндэслэн “Чингис” бондыг эргүүлэн төлөх нь улсын төсөв болон Хөгжлийн банканд хөнгөвтөр маягийн ачаа хэмээн бодлого боловсруулагчид тооцож байгаа бололтой. Гэхдээ Сангийн яам “Чингис” бондын өрийг эргүүлэн төлөх төлөвлөгөөгөө нууцлаад байгаа нь анхаарал татаж байна.

Эдгээр нь тун өөдрөг төсөөлөл болохыг энд тодотгоё. Эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд удааширч, 34 хувьтай болохыг олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулж байгаа. Тиймээс өрөө төлөх өөр шаансууд бий эсэхийг судалж, нөхцөл байдал хүндэрвэл Засгийн газрын статустай зээлийг дахин авах тухай ярих болжээ.

ЗЭЭЛИЙН ЗАРЛАГЫН БИЧИГ ХАЛААСАНД ТАНЬ ЗУЗААРНА

Санхүүгийн хүрээнийхний хэллэгээр бол “Чингис” бондыг дахин санхүүжүүлэхээр төлөвлөж байгааг Монголбанкны хариуцлагатай түшмэл ярилаа. Ойлгомжтой тайлбарлавал, энэ нь өрийг өрөөр төлж, 1.5 тэрбум ам.долларын өрийг хойшлуулах арга чарга юм.

Засгийн газрын зээлийг татвар төлөгч болгон төлөлцөх үүрэгтэй учраас шинээр бонд гаргавал зээлийн зарлагын бичиг таны, миний халаасанд зузаарна аа гэсэн үг. 2014 оны эцсийн байдлаар зөвхөн Засгийн газар л гэхэд 3.6 тэрбум америк долларын гадаад өртэй байгаа юм.

Бондыг дахин санхүүжүүлдэг туршлага олон улсад түгээмэл байдаг. Хамгийн гол нь дэлхийн зах зээл дэх үнэ ханшийн таатай мөчлөг таардаггүй л юм бол монголчууд “Чингис” бондоос илүү хатуу нөхцөлтэй зээлийн төлбөрт дарамтлуулах магадлал улам нэмэгдсээр байна.

Энэ нийтлэлийг бичиж байх мөчид зээлжих зэрэглэлийн үнэлгээний томоохон агентлагуудын нэг “Standard and Poor’s” Монгол Улсын Засгийн газрын урт хугацаанд зээлжих зэрэглэлийг В+, богино хугацааныхыг В түвшинд бататгасан боловч зээлжих хандлагыг тогтвортойгоос сөрөг болгон нэг шатлалаар бууруулсан тухайгаа бөмбөрцөг даяар зарлалаа.

Эвслийн Засгийн газраас авч буй Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр улсын санхүүгийн тогтворгүй байдлыг цэгцэлж чадахгүй бол энэ онд, эсвэл ирэх жилийн эхээр зээлжих зэрэглэлийг бууруулахаа тэд уламжилжээ.

2012 он хүртэл Монгол Улс зээлжих зэрэглэлдээ төдийлөн анхаардаггүй байлаа. Тийм шаардлага ч байгаагүй. Харин олон улсын санхүүгийн зах зээлийн харилцаанд идэвхтэй оролцож, зээл авч, өрийн бичиг гаргаж байгаа ийм үед энэ нь амин судас. Энэ үзүүлэлт шатлал буурахын хэрээр санхүүгийн зах зээлээс шүүрдэх Монгол Улсын мөнгөний үнэ цэнэ улам өсдөг зүй тогтолтой. Засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэчнээн буурууллаа ч гэсэн аль хэдийнэ арилжчихсан “Чингис” бондын төлбөрт шууд нөлөө байхгүй.

2018 онд хугацаа нь дуусах 500 сая ам.долларын бондыг анх бид 4.125 хувийн хүүтэй гаргасан. Тиймээс Засгийн газар бондын нийт хөрөнгийн ийм хувь буюу 20 орчим сая ам.долларыг жилд төлөөд л явна. Харин ирээдүйд гаргахаар одоо хэлэлцэж буй шинэ бондуудын, шинэ мөнгөний хүү, зардал, үнэ өснө гэсэн үг.

Хоёрдогч зах зээлийн арилжаан дээр “Чингис” бондын хүү өчигдрийн байдлаар 6.22, 6.94 хувиар хэмжигдэж байна. 2018 оны “Чингис” нэрлэсэн үнийнхээ 94.91,2022 оных 89.45 хувиар арилжаалагдаж байгаа.

Хүү нь саяхан арван хувь даваад байсан. Харин Монгол Улсын Засгийн газар 2012,2013 онд Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан “Чингис” бондыг арилжаалах үед хүү нь 4.125, 5.125 хувиар тус тус тогтож байсан билээ. Тэгэхээр Монгол Улсын шинээр гаргах бондын хүү хоёрдогч зах зээл дэх “Чингис” бондын одоогийн хүүнээс өндөр тогтож таарна.

“Standard and PoorV’-ийн В+ рейтингтэй Засгийн газар “дампуурсан” тохиолдол түүхэнд байхгүй. Тиймээс захиалгынх нь хэмжээ “Чингис” бондынх шиг арав дахин их ирэхгүй ч гэлээ хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын бондыг худалдаж авна. Харин санхүүжилтийн зар-дал нь хаанаараа овоглосон бондынх шиг хямд төсөр бус, үнэтэй тогтох эрсдэл бидэнд бодитой нүүрлээд байна.

“Засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалт татах алхмыг хийхгүйгээс төлбөрийн чадвар нь улам буурч, өрийн ачаалал нэмэгдсээр байвал бид үнэлгээгээ дахин бууруулах болно” хэмээн “Standard and Poor’s” айлдсаныг энд сануулъя. Тиймээс “Чингис” бондоо дахин санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа бол санхүү, мөнгөний бодлогын сахилга батаа сайжруулж, тогтворгүй байдлаа засаж, зээлжих зэрэглэлээ дээшлүүлье.

Нөгөөтэйгүүр, энд нэр дурдсан агентлагаас гадна “Fitch”, “Moody’s” Монгол Улсын зээлжих зэрэглэл, хандлагыг өсгөх талаар “ам ангайх” бүртээ том төслүүдээ урагшлуулах талаар ярьдаг. Зарим нь “Оюу толгой”, “Таван Толгой” гэж тухайлан цохдог.

Бүхэл бүтэн улсын эдийн засгийн хандлага, санхүүжилтийн зардлыг “Оюутолгой”, “Тавантолгой”-гоос хамааруулна гэдэг зөв үү, буруу юу? Маргаад цаг алдах бүрт санхүүжилтийн зардал өссөөр байна гэдэг нь хатуу үнэн. Өр төлөх хугацаа өдөр өдрөөр ойртсоор байна. Одоо монголчуудад 20 сарын хугацаа үлдлээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.180.218.10] 2015/5/1
Согтуу хүний сэтгэлийн хөөрлөөр бичсэн балай юм бичиж байх юм аа. Олигтой нийтлэл бичиж болдоггүй юм уу
0 | 0 Хариулах
Зочин [202.180.218.10] 2015/5/1
бас арай л утгагүй бичжээ
0 | 0 Хариулах