Ийм мэдээлэл өчигдрөөс эхлэн томоохон сайтуудаар гарч эхлэв. Алдагдалтай ажиллаж байгаа компанийг ашигтай ажиллаж байгаа “Энержи Ресурс” авах гэж хөрөнгө оруулалтын гэрээнд хамгийн том үүрэг гүйцэтгэгчээр оролцож байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед тун эрчимтэй гарч байгаа. Нийгэм ч тэгж ойлгоод “Энержи Ресурс”, MMC-д өгөөд ордоо ашиглуулж, улс орноо хямралаас гаргах ёстой гэж шүүмжлэх болсон.
Гэтэл том ордод тэрбумаар нь мөнгө шидэх хүч хөрөнгөтэй компани маань “ашиггүй” компаниасаа мөнгө зээлсэн нь хүн бүхний л сонирхол татах асуудал биз дээ. Тиймээс ч энэ талаар хаана ямар мэдээлэл гарсныг шүүрдэж үзлээ. Хамгийн эхний сонирхол татсан мэдээлэл нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээлэл байв. Тэрбээр, “Энержи Ресурс” компани тонн нүүрс тутамдаа 9.8 ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа талаар ярьжээ.
Нэг үгээр хэлбэл, дээрх хардлага үнэний ортой гэдгийг төрд ард түмнийг төлөөлж суугаа УИХ-ын гишүүд мэдэж байгаа гэсэн үг. Л.Эрдэнэчимэг гишүүн хэлэхдээ “Энержи Ресурс” өнөөдөр тонн тутамдаа 9.8 ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа. Их ажиллах тусам алдагдал хүлээгээд байгаа юм билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ашигтай байгаа учраас алдагдалтай байгаа компанийг энд яагаад шалгаруулаад оруулаад ирэв гэдэг нь сонирхол татах л асуудал.
Энэ бол зөвхөн хувь гишүүний байр суурь гэдэг үүднээс мэдээллийг хайхралгүй өнгөрөөж болох ч Төрийн өмчит хувьцаат компанийн 2014 оны тайлан балансад энэ талаар бичсэн нь дээрх асуудал үнэн гэдгийг улам баталж өглөө. Тодруулбал, “Эрдэнэс Таван Толгой” компаниас гаргасан тайланд “Энержи Ресурс” компани манайд 14 тэрбум, 627 сая төгрөгийн өртэй гээд цагаан дээр хараар биччихжээ.
Өрийн асуудлаар албаны хүмүүсээс тодруулахаар “Эрдэнэс Таван Толгой” компанины холбогдох албаны хүмүүс рүү утас цохиход “өртэй гэдэг нь үнэн” гэсэн хариулт өгч байна. Хэрэг явдал ингэж эхэлжээ. “Энержи ресурс” тэдний нүүрсийг Ухаахудагийн нүүрс угаах үйлдвэрт угаагаад хятадад өндөр үнээр борлуулах тал дээр хамтарч ажиллах санал тавьсан ажээ. “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ны удирдлага саналыг хүлээж аваад, туршилтын үйлдвэрлэл явуулах болж нүүрсээ нийлүүлсэн байгаа юм.
Тус компани уг нь Хятадын худалдан авагчдад нүүрсээ нийлүүлэхдээ тонн тутамд 10 хувийн хаягдал тооцож өгдөг гэнэ. Гэтэл “Энержи ресурс”-ынхан өөрсдийнхөө жишгээр 30 хувийн алдагдал тооцно гэж тулгаад, үүнийгээ зөвшөөрүүлэх гэж дээрээс сайд, дарга нараар яриулах зэргээр нийт жингийн 70 хувиар тооцож нүүрс хүлээн авч угааж, цааш нь хятадуудад зарчихаад нүүрснийхээ төлбөрийг төлөхгүй байгаагаас Эрдэнэс Таван Толгойн нүүрсийг Ухаахудагт угаах ажиллагаа зогсоход хүрсэн байгаа юм. Ингээд нэгэнт нийлүүлсэн нүүрснийхээ төлбөрийг авч чадахгүй жил орчим болоод байгаагаа тэд учирлав.
Энэ өрийн хэмжээ 14 тэрбум 627 сая төгрөг, он гараад дөрвөн сар өнгөрч байгаа болохоор алданги, торгуулиа тооцвол одоо өссөн дүнтэй байгаа гэнэ. Үүнийг нөгөө талын эх сурвалжаас бататгахгүйгээр шууд алдагдалтай ажилладаг юм байна. “Энержи Ресурс” өрөнд баригдчихаад, түүнийгээ дарах гэж сүүлийн гурван жил ашигтай ажиллаж, тонн тутамдаа 5.8 ам.долларын ашигтай ажиллаж байгаа орд газрыг авах гэж улайрч байна гэж дүгнэх нь өрөөсгөл.
KPMG аудит ч энэ талаар мэдээлэл хийсэн нь мэргэжлийн хүмүүсийн нүд чихнээс бултаж чадсангүй. “HD Монгол” зэрэг томоохон арилжааны телевизүүдээр Таван Толгойн ордтой холбоотой, нүүрсний салбарын талаарх “Чухал сэдэв” гэх нэвтрүүлэг гарсан бөгөөд MCS компанийн захирал Ж.Оджаргал энэ нэвтрүүлгийн үеэр өрийнхөө хэмжээг нилээд багасгаж 600 сая ам.доллар гэж мэдээлжээ. Гэтэл жилийн тайлан дээр нь хоёр дахин их дүнтэй өр бичигдсэн байгаа юм. Тэрбээр, өртэй гэдгээ үгүйсгэсэнгүй. Харин төрийн өмчит компанийн тайланд бид итгэх үү, хувийн хэвшлийн компанийн нэг захирлын үгэнд итгэх үү гэдгийг бодож үзэх л асуудал.
Эхлээд энэ өрөө төлчихье. Тэгвэл хамаг хүчин чадлаараа ажиллаж Ардын намын тавьсан Чалкогийн өрийг төлөх гэж хичээж буй хүмүүст мөн ч том тус болох биш үү. Алдагдалгүй ажиллаж байгаа гэдгээ баримт тайлангаа тавиад нотолчих. Тэгсэний дараа үнэ хаяж, ашиггүй ордыг авах гэж байна гэж ярьвал итгэж болох л юм. Өрөө төлөхийн оронд компанийг нь худалдаж авна гээд байгааг нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ны уурхайн ажилчид, инженерүүд эсэргүүцэн Улаанбаатарт жагсахаар завдаж байгаа гэсэн мэдээлэл ч тархаад буй.
Мөн тэд өчигдөр Монгол Улсын сайд М.Энхсайханыг огцруулах ёстой гэсэн хүсэлтээ албан бичгээр Засгийн газарт хүргүүлжээ. Эцэст нь хэлэхэд, Таван Толгой бол ард түмний өмч. Иргэд нь хувьцаа эзэмшиж байгаа цорын ганц орд. Хүн бүхний санал энд чухал. Тиймээс долоо хэмжиж нэг огтлох ёстой биз дээ. Үнэхээр л их нүүрс олборлох тусмаа алдагдал хүлээж байгаа ийм компанид өгөх гэж улайраад байгаа бол эргэж ярих ёстой биз дээ. Таван Толгой ашигтай ажиллаж байгаа, хамгийн чанартай нүүрстэй орд.
Энэ ордыг Чалкод төлөх өр дууссаны дараа ашиггүй ажиллаж байвал тэр цагт хөрөнгө оруулагч урьж болно. Заавал дэлхийд бэлэн мөнгөний хомсдолд орчихсон гэж яригдаж байгаа нэг компанид өгөх гэж зүтгээд байгаагийн цаана юу нуугдаж байна вэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|