Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Энержи ресурсийг санхүүгийн хямралаас гаргах гэж одоогийн гэрээг хийж болохгүй

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Таван толгойн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Эрдэнэс Таван толгой компанийг гэрээний оролцогчоор оруулах шаардлагатай. Эрдэнэс Таван толгой компани 2010 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа сүүлийн гурван жилд нь тасралтгүй ашигтай ажилласан.

Энэ оны эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортолж, монголын хамгийн том экспортлогч болоод байна. 2012 оны сонгуулийн өмнө Чалько компанитай гэрээ байгуулж,  зээл авснаас өнөөдрийг хүртэл энэ компани олборлолтоороо Чалькогийн өрийг төлсөөр байгаа.

Өнөөдрийн байдлаар нэг тонн тутамд 5.8 долларын цэвэр ашигтай ажиллаж байна. Бид өчигдрийн АН-ын бүлгийн хуралдаан дээр Эрдэнэс Таван толгой компанийн өмнөх болон одоогийн захирлын мэдээллийг сонссон.

Ингэхэд 2014 онд буюу одоогийн өргөн бариад байгаагаас өөр хувилбар болох Эрдэнэс Таван толгой дангаараа 51 хувийн эзэмшихээр боловсруулсан байсан. Гэтэл энэхүү төслийг Засгийн газарт хэлэлцүүлэхээс 20 хоногийн өмнө гэнэт зогсоосон байдаг. Энэ талаар сайд М.Энхсайханаас асуухад тодорхой мэдээлэл алга гэсэн хариултыг өгсөн. Хамтарсан хөрөнгө оруулагчаар “Энержи ресурс” компанийг оролцож байгаа.

Гэтэл энэ компани нь тонн тутамд 9.8 долларын алдагдал хүлээж байгаа шүү дээ. Эрдэнэс-Таван толгой компанийг гэрээний оролцогчоор оруулахгүйгээр гэрээ хийх нь монголын талд алдагдалтай. Эрдэнэс-Таван толгой одоогийн олж байгаа ашгаар бүрэн чадлаараа ажиллаад жилдээ 150 сая доллар олох боломжтой.

Өнөөгийн гэрээгээр бол Эрдэнэс-Таван толгой зөвхөн түрээсийн 2 хувийн ашиг авч, нөгөө талд 98 хувь нь очно. Тэгэхээр бид 25 сая доллараар 150 сая доллараа сольж байна. Энержи ресурсийг санхүүгийн хямралаас гаргах гэж одоогийн гэрээг хийж болохгүй” гэв.