ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

open.parliament.mn
2015 оны 4 сарын 10
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр 6 хуулийн төсөл өргөн барьжээ. 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан байна. 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны арваннэгдүгээр сарын 28-нд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болсон юм.

Хэлэлцээрийн хүрээнд “Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх”, “Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх”, “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх”, “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” зэрэг төслүүд хэрэгжих юм.

Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын Конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт Протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт Протоколд 2004 онд тус тус нэгдэн орсон.

Монгол Улс энэхүү Нэмэлт Протоколд нэгдэн орсноор хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, ялангуяа “Хүүхдийн эрхийн тухай” Конвенци, түүний Нэмэлт Протоколуудын хүрээнд хүүхдэд бусад эрх эдлэгч субъектын нэгэн адил өргөдөл, гомдлыг олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж бүрдэнэ.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22,5 жилээр тогтоосон.

2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15,0 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн 1 сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байна.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэх, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Гэтэл орон нутгийн засаг захиргаа, ард иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх, улмаар хөгжлийг нь удаашруулах сөрөг нөлөө гарч байна хэмээн Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Тиймээс энэ салбарын үйл ажиллагааг хэвийн, жигд үргэлжлүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай гээд, үүний тулд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд батлагдаж энэ чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр төлөвшиж ахиц өөрчлөлт гарч байна.

Гэвч хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэм хэмжээг олон улсын түвшинд ойртуулах, салбарын яамд, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хуульчлах, ажил олгогч ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлага тавигдсаар байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

 

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан байдаг.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаар нь уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй” гэж заасан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг тусгасан чухал заалт юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Төрөөс уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих талаар бодлогын нэг хэлбэр нь хуулийн дээрх заалт болохыг тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эрчим хүч болон төмөр замын салбарыг нэмж тусгах шаардлага үүссэн болохыг УИХ-ын даргад танилцууллаа.

Мөн тэрээр, эрчим хүч, төмөр замын салбарт өнөөгийн байдлаар төрийн томоохон хэд хэдэн бодлого, хөтөлбөрүүдийг баталж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад, эдгээр бодлогын хэрэгжилтийг хангах, эрчим хүч болон төмөр замын салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нэмэлт оруулах, 19.8 дахь хэсгийг шинээр нэмэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг