Зураглаач Балдангийн Дэмбэрэл хэмээх нэрт уран бүтээлчийг зөвхөн киноныхноор зогсохгүй манай дэлгэцийн урлагт элэгтэй түмэн олон мэднэ. Гэвч “мэдэх” гэдэг үнэндээ хязгаартай билээ.
Монгол киноныхны хойч үеийнхэн нь Б.Дэмбэрэл гуайн барааг нь ч хараагүй болохоор сургаар л мэддэг аж. Харин хамт ажиллаж, хамтран бүтээл туурвиж асан хүмүүс тэднийг бодоход арай илүү мэдлэгтэй боловч тэр хүмүүний юу хүсч мөрөөдөж явсан, хэрхэн яаж уран бүтээлч болсон хийгээд ахуй амьдрал, зан төлөвийн онцлогийн гол зүйлүүдийг тэр бүр мэддэггүй.
Тэгвэл үзэгч олон түмэн Б.Дэмбэрэл гуайн бүтээлийг сэтгэл зүрхэндээ таашаан хүлээж авснаараа түүнтэй дотно “танил” болчихсон байдаг. Энэ бол хорвоогийн жам. Уран бүтээлчдийн нэг гайхамшигтай хувь тавилан бол энэ бөлгөө. Миний хувьд бага балчир байсан болохоор киноны зураг авалтын онцлогуудыг нь мэддэггүй байснаас Дэмбэрэл гуайн чадварлаг бүтээсэн зургуудын “ид шидийг” ойлгохгүй явсан нь үнэн юм.
Гэвч хэзээ хойно 1975 онд доктор С.Лувсанвандан багшийн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд байгуулсан Урлаг судлалын секторт Монголын албан ёсны анхны кино судлаачаар ажиллаж эхэлсэн тэр ерөөл буянтай цаг үеэс кино урлагийн түүхийг бичих нүсэр том ажлыг нуруун дээрээ үүрэх шаардлагатай болж, дэлгэцийн урлагийн “алтан шанг” татсан хүмүүстэй уулзаж, асар их чухал баримт хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулж байсан азтай цаг мөчүүдэд Б.Дэмбэрэл гуайтай учран золгож, улмаар дотно танилцаж, гэр орноор нь хүртэл очиж, үг яриаг нь соронзон хальсанд бичиж авдаг байсан минь эдүгээ эргэцүүлэн бодвоос бурхны хишиг байжээ.
Б.Дэмбэрэл гуайтай хүүрнэн суухад их энгийн бөгөөд хүнийг том, жижиг гэж голохгүй ярьдаг шударга , халуун дулаан сэтгэлтэй хүн байж билээ. Намайг гололгүй Монголын кино урлаг хэрхэн яаж буй болсон, хэн хэн түүний анхны түүдгийг асаасан тухай чин сэтгэлээсээ өөрийнхөө мэддэг болгоныг өгүүлж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Тэрбээр амьдралынхаа тухай ч цөөн бус сонин зүйлсийг ярьдаг сан.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн /1975/ зураглаач Балдангийн Дэмбэрэл 1918 оны 4-р сарын 29-ний билэгт өдөр Нийслэл хотноо мэндэлсэн гэдэг. Бага балчир наснаасаа эхлээд амьдралынхаа төлөө зүтгэж зарим үед мужаан хийж, заримдаа гэрэл зураг хүртэл авч явсан боловч хувь заяа нь гэнэт 18О градус эргэж, урлагийн тэнгэр Янжинлхам бурхан кино хэмээх агуу их урлаг руу түүнийг зүглүүлжээ.
1934 онд Өлзий хэмээх тэр цагийн Монголын “Кино зургийн хороо”-ны кино механикч түүнтэй тааралдаж, өөрийнхөө туслахаар авсан нь бяцхан Дэмбэрэлийн хувьд ирээдүйн гэрэлт замынх нь дөрөөнд гишгүүлсэн хэрэг байлаа. ЗХУ-аас ирсэн киноны мэргэжилтэн, нэрт зураглаач С.Гусев “Кино зургийн хороо”-гоор нэг удаа орохдоо санаандгүй Дэмбэрэлтэй тааралдаж, түүний сэргэлэн цовоо, идэвх чармайлттайг бахархаж, өөрийн гарын шавь болгохоор шийдэж, шинэ тутам байгуулагдаж асан “Монгол кино” үйлдвэрт зураглаачийн мэргэжлээр сургаж ажиллуулсан нь түүх болон үлджээ.
Энэ бол “Монгол кино” үйлдвэр анх байгуулагдсан 1935 он байлаа. Тэр үед Дэмбэрэл гуай дөнгөж 17-хон настай байжээ. Тухайн үед анх байгуулагдаж байсан “Монгол кино” үйлдвэрийн тулгийн гурван чулууг анх тавилцсан эрхмүүдийн нэг нь яах аргагүй тэр байсан юм.
Ийм хүн Дэмбэрэлийг гарын шавиа болгож, зураг авах арга барилд сургаж “Монгол кино” үйлдвэрийн анхны бүтээл болох “Майн 47 жилийн ой” баримтат киног бүтээхэд дагуулан ажиллаж, зарим зургийг авхуулж байсан тухай судлаачид бичсэн байдаг. Тийнхүү залуу зураглаач орос багш нарынхаа буянаар шинэ мэргэжил эзэмшиж, багавтар хэмжээний кинонуудын зургийг авч туршлага суусаар “Монгол кино” үйлдвэрийн анхны уран сайхны кино болох “Норжмоогийн зам” /1938/ хэмээх богино хэмжээний уран сайхны дуугүй киноны зургийг авчээ.
Энэ нь түүний уран бүтээлийн томоохон алхам болсон юм. Мэдээж хэрэг энэ зураг авалтад орос зөвлөх А.Лебедев гуай санал бодлоо хэлж, зөвлөгөө өгч байсан байж болох боловч “Норжмоогийн зам” киноны эхний дүрс болох гудамжийн зургийг авахдаа нарны гэрлийн тусгалыг зөвөөр ашиглан ерөнхий дүрсээр авсан нь тэрхүү хэсгийн өгүүлэмжтэй сүрхий нийцсэн харагддаг. Түүнчлэн гэр доторхи зургийг ч гэрлийн бууруу шийдлээр авсан нь тухайн нийгмийн цаг үеийн өнгө аясыг тодруулсан утгачлахуйг дүрслэл болсноороо оновчтой болсон байдаг.
Дэмбэрэл Норжмоогийн гэрт тийнхүү бууруу гэрлийг голлон ашиглаж байсан бол Цэрэндуламын гэрт болон эмнэлгийн гэрлийг маш их гэгээлэг, тунарсан оргилуун гэрлээр шийдсэн нь уг киноныхоо утга агуулгыг тодруулан харуулсан байдаг. Ийнхүү гэрлийн утгачилсан шийдлээр тухайн нийгмийн шинэлэг, хуучинсаг өнгө аясыг нээн үзүүлжээ. 19З9 онд Японы түрэмгийлэгчид Монгол орон руу халдан довтлоход Б.Дэмбэрэл орос багш С.Гусевийн хамт дайны гал дунд орж, амь насаа хутганы ирэн дээр тавин зүтгэж 1,300 метр гаруй ховор зураг авч ирсэн нь эдүгээ түүхийн асар их үнэтэй баримт болсоор байна.
Мөн 1945 онд “Цогт тайж” киноны зургийг зураглаач Д.Жигжид , Д.Ганжуур хоёрын хамт авснаар туульсын киноны зургийг авах арга барилыг гүнзгий мэдэрч уран бүтээлдээ мэдэгдэхүйц ахижээ. Б.Дэмбэрэл 1955 онд Ц.Зандраагийн зохиолоор найруулагч Э.Оюуны бүтээсэн “Гэм нь урдаа” киноны зураглаачаар ажиллахдаа нэгж дүрсийн уран зохиомж, гэрлийн утгачилсан шийдэл зэрэг сонирхолтой нээлт хийсэн нь Монголын зураглах урлагийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн юм.
Тэрээр муу малчин Сандагийн зүүдэлж буй хэсгийн зургийг авахдаа олон талт шил ашиглан, өвс хоолгүй өлдсөн бух нь түүнийг мөргөх хэмээн сандаргаж байгааг хэдэн арав болгон харуулж дүрсэлсэн нь уг киноны агуулгатай авцалдсан төдийгүй түүний цаад цаад шүүмжлэлт утга санааг үзэгчдэд ойлгуулж чадсан уран сайхны оновчтой шийдэл болсон байдаг.
1959 онд зохиолч Д.Гармаагийн зохиолоор найруулагч Р.Доржпаламын туурвисан “Морьтой ч болоосой” хэмээх хөдөө аж ахуйн сэдэвт киноны зургийг Б.Дэмбэрэл авахдаа нэг кадрт машины эрчлэн эргэх дугуй, цаана нь хурдлан давхих морины хөлийг нэг орон зайд урнаар дүрслэн үзүүлсэн нь түүний уран чадварын тэнхээг харуулсан юм.
“Гологдсон хүүхэн” /1961/ киноны үндсэн өнгийг нэлээд бууруу байдлаар шийдсэн нь тухайн цаг үеийн харанхуй бүдүүлэг шинжийг тодруулсан уран сайхны дүрслэл болжээ. Гэтэл “Салхины амт” /1960/ киноны зургийг авахдаа аль болох гэгээлэг, тунгалаг өнгийг гол болгож зурагласан нь шинэ нийгэмд ажиллаж амьдарч буй хүмүүсийн баяр бахдалыг илэрхийлэхийн хамт ялангуяа өвлийн цас мөсөн дунд цана, чаргаар гулгаж буй хүмүүс, тэдний хөгжилдөн инээж буйг харуулсан том дүрсүүдээр эрүүл чийрэг залуусын оргилуун төрх шинжийг тодорхой дүрсэлжээ.
Монгол, Зөвлөлтийн дайчдын ган бат найрамдлыг шалгасан Халх голын байлдааны түүхт үйл явдлыг харуулсан “Дайсны цэргүүд сонсоцгоо” /1971 он, найруулагч Б.Сумхүү, Б.Ермолаев/ киноны зургийг Б.Дэмбэрэл Оросын нэрт зураглаач Олоновскийтой хамтарч бүтээхдээ нэгж дүрсийн өвөрмөц зохиомж, гэрлийн утгачилсан нарийн дүрслэл, хэллэгээр тухайн үйл явдлынхаа утга санааг урнаар дүрслэн харуулахад гол анхаарлаа хандуулсан нь харагддаг.
Жишээ нь, дайны хүнд үед эвдэрхий байшинд төрсөн өдрөө тэмдэглэж буй холбоочин орос бүсгүй нөхдөө ганц ч үг дуугарахгүйгээр бодол санаандаа бүжин хамт баярлахыг урьж байгаа нь хүний сайн сайхан хүсэл мөрөөдлийг, энх тунх амьдрах хүслэн юутай үнэтэйг илтгэн харуулдаг.
Энэ бүсгүй энх амгалан цагийг дурсан санаж, гоёлын даашинз өмссөн нь амар төвшин цагийн үнэ цэнийг бэлгэдэн харуулсан гүн гүнзгий утга санаа бүхий уран сайхны шийдэл болсноороо хүмүүсийн сэтгэл зүрхийг догдлуулсан дүрслэл болжээ.
Б.Дэмбэрэл, А.Олоновский хоёр энэ хэсгийн утга санааг нээж харуулахын тулд гэрлийн өвөрмөц шийдлийг ашиглажээ.
Б.Дэмбэрэл, А.Олоновский хоёр энэ хэсгийн утга санааг нээж харуулахын тулд гэрлийн өвөрмөц шийдлийг ашиглажээ.
Тунарч манантсан гэрлийг тэр бүсгүй рүү тусган зурагласан нь нэг талаар дайны түгшүүрт шинжийг илтгэж, нөгөө талаар тэр бүсгүйн хүсэл мөрөөдлийн уянгалаг, гэгээлэг шинж төрхийг тодруулжээ. Дэвсгэр гэрлийн тусгалаар нурсан барилгын оочин цоочин хананы фактурыг тодруулан дүрсэлсэн нь дайны гай гамшгийг илтгэж харуулсан хэрэг юм.
Дайн тулааны хэсгийн зургийг маш нарийн төлөвлөж, хэсэг болгоны утга санааг тод илэрхийлсэн зураглалуудаар авсан нь тухайн дайны хүнд бэрх дүр төрхийг тодруулжээ. Ийнхүү Монгол киноны анхдагчийн нэг, ахмад зураглаач Б.Дэмбэрэл гуай үндэсний дэлгэцийн урлагийг хөгжүүлэхийн төлөө бүхий л оюун ухаан , ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж ирсэн уран бүтээлч бөгөөд түүний туурвисан бүтээлүүд нь нэрт зураглаачийн алдар нэрийг үеийн үед өртөөлөн дурсгасаар байна.
Кино зохиолч, судлаач Д.Мягмарсүрэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|