Уул Уурхайн яамнаас зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Уг хурлаар дараах асуудлыг мэдээлсэн байна.
Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” тогтоол, 2014 оны “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж баталсан билээ. Ингэснээр төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгжийн мэдүүлсэн борлуулалтын гэрээний үнийн дүнд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ ногдуулах боломж бүрдэж байна.
Өмнө нь төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа Dampeir Hedland боомтын /www.umetal.com/ цахим хуудсанд нийтэлсэн FOB үнэд үндэслэн “жишиг үнэ” гаргаж тооцдог байсан.
Тогтоолын хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ыг боловсруулж үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч борлуулалтын гэрээний үнэд шилжсэнээр татварын бааз суурь өргөсч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.
Мөн төмрийн хүдрийн уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэхээс гадна төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагаа хангагдах юм.
Хэрвээ төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулалтын орлогыг буруу мэдээлсэн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яамнаас зарладаг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулахаар тогтоолд заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!