ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийг дэмнэх чөлөөт худалдааны хэлэлцээр

Б.Цэцэгсүрэн
2015 оны 3 сарын 23
ӨНӨӨДӨР
Зураг зураг

160 улсыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудаас чөлөөт худалдааны буюу өргөн утгаараа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нэг ч улстай байгуулаагүй цорын ганц орон нь саяхныг хүртэл Монгол Улс байлаа.

Харин Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Японы хоорондын буюу Монгол Улсын анхны хэлэлцээрийг УИХ соёрхон батлаад нэг cap гаруйн хугацаа өнгөрлөө. Албаны хүмүүсийн тооцоолж байгаачлан Японы парламент ирэх тавдугаар сард баталснаар эл хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. 

Ингэж чадвал Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын мөрддөг хөнгөлөлтийн ерөнхий системээс ч доогуур нөхцөлөөр Монгол, Япон түншлэх бололцоо бүрдэнэ. Хэлэлцээрийн дагуу хоёр улсын худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн татвараас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлнө.

Гадаад худалдаа, ялангуяа Японтой хийх худалдаандаа байнга алдагдал хүлээж ирсэн Монгол Улсын хувьд эл хэлэлцээр цоо шинэ үүд хаалга нээх юм. Хэлэлцээрийн талаар хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд хангалттай мэдээлсэн. Харин эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг задалж анзаарах өдрүүд нэгэнт иржээ.

Дэлхийн аль нэг улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай Монголд 2005 оноос яригдаж эхэлжээ. ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Канад гээд худалдааны гол түнш орнуудаас алинтай нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь Монголд ашигтай болохыг тухайн үед МУИС-ийн судалгааны баг судалсан аж.

Үр дүнд нь “Японтой байгуулах нь ашигтай” гэсэн дүгнэлтэд хүрч, хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээ эхэлж байжээ. Хоёр тал хамтарсан судалгааны баг байгуулж, хэлэлцээрийн агуулгаа тохирдог олон улсын туршлага бий. Үүнд хамгийн багадаа гурван сарын хугацаа зарцуулдаг бол Монгол, Япон улс хэлэлцээрийн ширээний ард сууснаас гурван жилийн дараа гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэхдээ 7-8 жил хэлэлцээд агуулгаа тохирч чадаагүй улс орнууд ч байдаг аж.

Сайн болон саар үр дагаврын аль, аль нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт бий. Гадаад худалдааг нэмэгдүүлэх ач холбогдолтой ч импортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, улмаар үндэсний үйлдвэрлэлийг уналтад оруулж, үүнээс үүдээд ажилгүйдлийг нэмэгдүүлдэг гэх ойлголт чөлөөт худалдааны хэлэлцээрийг ямагт дагадаг.

Гэхдээ хөгжлийн хувьд ижил түвшний улс орнуудад ийм үзэгдэл байхаас, Японтой байгуулсан хэлэлцээрийн хувьд Монгол Улсад шууд нөлөөлөх сөрөг үр дагавар, эрсдэл байхгүй хэмээн Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа тайлбарлалаа. Ижил түвшний хөгжилтэй, жишээлбэл, адилхан автомашин үйлдвэрлэдэг Америк, Японд ийм асуудал үүсэх эрсдэлтэй аж.

Японтой хийх худалдаандаа Монгол Улс байнга алдагдал хүлээж ирсэн гэдгийг дээр дурдсан. Өнгөрсөн оны байдлаар 343.4 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Өөрөөр хэлбэл, импорт нь экспортоос ийм хэмжээгээр давсан гэсэн үг. Импортын хувьд Япон бол Хятад, Оросын дараа орох манай гурав дахь том түнш бөгөөд автомашин, түүний тоног төхөөрөмж дийлэнхийг нь бүрдүүлдэг. Гаалийн татваргүй болсноор автомашины үнэ хямдарсан ч гаалийн татвараа тэглэчхэж байгаа учраас төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол үнэнийг хэлэхэд Монголчуудад бий.

Гэхдээ Японы бүхий л автомашин импортын татваргүй болчихно гэсэн үг биш. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор 0-3 жил ашигласан автомашин болон хайбрид хөдөлгүүр бүхий ‘Toyota Prius” маркийн машины татварыг л тэглэх аж.

Харин 4-6 жил ашигласан бол гаалийн албан татварыг нь жил тутам 0.5 хувиар бууруулсаар 10 жилийн хугацаанд л татварыг тэглэх юм байна.

Тодруулбал, одоо таван хувийн татвар ногдуулж байгаа бол эхний жил 4.5, хоёр дахь жил дөрвөн хувь, дараа нь 3.5, ингээд 10 жилийн дараа 4-6 жилийн “настай” машины импортын татвар 0 хувь болно. Өнгөрсөн жилүүдийн импортын бүтцээс авч үзвэл 0-3 жил ашигласан автомашин нийт импортын 28 хувийг, 4-6 “настай” машин 10 хувийг, 7-9 жил ашигласан нь 0.3 хувийг эзэлжээ. 

Харин 10-аас дээш жил ашигласан автомашины гаалийн албан татварыг эл хэлэлцээрийн хөнгөлөлтөд хамруулахгүй байхаар талууд тохиролцсон гэнэ. Гэхдээ Сангийн яамны мэдээллээр гаалийн татвар төсвийн орлогын ердөө 7-8 хувийг эзэлдэг аж.

Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар эхний жилүүдэд гаалийн нийт татварын хэмжээ жилд 0.22 хувиар буурах ч урт хугацаандаа татвараас олох орлого нэмэгдэх гэнэ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, эдийн засагч Н.Отгонсайханы тэмдэглэснээр “Гаалийн татварын орлого буурсан ч хөрөнгө оруулалт орж ирж, үндэсний үйлдвэрлэл хөгжих замаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь нэмэгдээд, эц-сийн дүндээ татвараас олох төсвийн орлого өснө” гэлээ.

Наран улс руу хийх экспорт ямагт бага түвшинг хадгалсаар ирсэн бөгөөд өнгөрсөн онд нэг жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн гэх боловч ердөө 24.4 сая ам.доллараар хэмжигдэж байсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болно. Манай улсаас Японд экспортолдог барааны 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзэлдэг.

Харин Японы ноос, ноолуур, арьс шир, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл 600 сая ам.долларт эргэлддэг аж. Тэгтэл Монгол Улс энэ зах зээлийн ердөө 0.1 хувийг нь л эзэлдэг. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Японы зах зээлд хөл тавихын тулд 10-14 хувийн гаалийн татвар буюу асар өндөр босго давах хэрэгтэй болдог.

Харин Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу энэ өндөр тарифыг үе шаттай тэглэснээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд үнийн хувьд өрсөлдөхүйц хямд хүрэхээс гадна гаалийн татвар төлөлгүйгээр бүтээгдэхүүнээ экспортолно гэдэг нь үйлдвэрүүдийн хувьд асар том хөнгөлөлт юм.

Хөнгөлөлт ингээд зогсохгүй. Оёмол сүлжмэл, ноос ноолууран бүтээгдэхүүний 8-11 хувийн татварыг хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц, арьсан гутал, үслэг эдлэл, арьсаар хийсэн цүнх түрийвчийн 20 хувийг үе шаттай, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, тодруулбал, ган, төмөр, төмөрлөг зүйлсийн гурван хувийн татвар, сүүн бүтээгдэхүүний 25-40 хувийн, гоймон зэрэг гурилан бүтээгдэхүүний 5-20 хувийн, архи дарс, зарим төрлийн жимсний ундааны 16-25 хувийн татварыг хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц болон шууд тэглэхээр хэлэлцээрт тусгасан байгаа.

Өөрөөр хэлбэл, эдийн засгаа төрөлжүүлье, уул уурхайгаас хамааралгүй байя гэдэг олон жил хашгичсан энэ бүх мөрөөдлүүд өнөөдөр л, энэ хэлэлцээрээр нээгдэж байгаа хэрэг.

Нийлбэр дүнгээрээ Монголын 5,700, Японы 9,300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг шууд болон үе шаттайгаар тэглэх аж.

Монголын 5,700, Японы 9,300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг шууд болон үе шаттайгаар тэглэх аж.

Япон улс эдийн засгийн цар хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг. Ийм том улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна гэдэг нь олон улсын зах зээл, гадаадын хөрөнгө оруулагч нарт маш эерэг дохио өгч байгааг шинжээчид тэмдэглэж байна.

Учир нь эдийн засгийн бодит сонирхлыг энэ улстай бий болгож, хэлэлцээрийг нь УИХ соёрхон баталж байгаа нь олон улсын гэрээ хэлэлцээрийн шинжийг агуулж буй. Энэ хэлэлцээрээр Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалт нь хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлж байгаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Нөгөөтэйгөөр, нэгэнт аж үйлдвэржиж, өндөр технологи эргэлт буцалтгүй нэвтэрсэн Япон улстай түншилснээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, компаниудын өрсөлдөх чадвар дээшлэх, үүнээс үүдээд бараа бүтээгдэхүүний үнэ буурч, чанар сайжрах зэрэг асар олон давуу талууд үүсэх юм. Мөн уул уурхайгаас хамаарсан ганц хөлтэй эдийн засаг ард үлдэж, эдийн засгийн зохистой бүтэц бий болох ч боломжтой аж.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах эхний шаардлага нь бизнесменүүдийн шахалт байдаг гэдэг. Эдийн засаг шалдаа буутал доройтож байгаа энэ үед Засгийн газрын зүгээс бизнесменүүдийг дэмжих хамгийн том алхам нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэмээн эдийн засагч Ч.Хашчулуун хэлж байсан.

Японы зах зээл үнэтэйгээс гадна ариун цэвэр, эрүүл ахуйдаа онцгой анхаардаг “нямбай” зах зээл. Ийм зах зээлийн шалгуурт тэнцэж гэмээнэ Монголын бүтээгдэхүүн дэлхийн аль ч улсад экспортлох боломж бүрдэнэ.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Японы талаас Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэс дараатай тусламж үзүүлэх боломжтой бөгөөд лаборатори байгуулах, боловсон хүчин бэлтгэх, бэлэн болсон махыг худалдаж авах гээд цогцоор нь шийдэж байгаа нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдол хэмээн Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа тоймлолоо.

Худалдаанаас гадна хөрөнгө оруулалтын салбарт энэхүү түншлэлийн хэлэлцээр өндөр ач холбогдолтой хэмээн Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Э.Соёл-Эрдэнэ тодотгож байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах эхний шаардлага нь бизнесменүүдийн шахалт байдаг.

Монгол Улсад хөрөнгө оруулдаг орнууд дотроос Япон улс 12 дугаарт жагсдаг. Өнгөрсөн хугацаанд 207 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр эхний хоёр жилдээ 400 сая ам.доллар болж өсөх төлөв бий гэнэ.

Хөрөнгө оруулах салбар нь ч нэмэгдэж, технологи, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарт Япончуудын сонирхол хил нэвтэрнэ хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Өндөр технологийн амин дэм гэгддэг газрын ховор элементийн хайгуул, олборлолт ч нэмэгдэх боломжтой аж.

Ажлын хэсгийн тооцоогоор хэлэлцээр байгуулсан эхний жилд улсын төсвийн орлого 9.8 сая ам.доллараар буурах хэдий ч нөгөө талаас Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр орны худалдааны эргэлт өсөх бололцоо бүрдэх юм байна. Одоо бидэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл нь тээврийн асуудал аж.

Япон хүрэх хамгийн дөт зам Хятадаар дайран өнгөрөх агаад Хятадын дарга Си Зиньпиний өнгөрсөн наймдугаар сард манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр зурсан транзит тээврийн хэлэлцээр мөрдөгдөж эхлэх цагт Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийнхээ үр дүнг бид бүрэн дүүрэн мэдэрч чадах нь.

Зураг