Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монголын бурхны шашин

ikon.mn
2015 оны 3 сарын 23
iKon.MN

ХIX зууны сүүлч, XX зууны эхэн үед Монгол даяар 3,000 гаруй сүм хийд, 500,000 орчим лам нар байжээ. XIX зууны эцсээр зөвхөн Ар Монголд 700 гаруй том, бага хүрээ, дацан байв.

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсад 115,000 лам байсан нь нийт хүн амын 21 хувийг эзэлж байжээ. 1900 оноос өмнө Монголд нийт 243 гэгээн хувилгаан байсны 147 нь Өвөр Монголд, 35 нь Хөхнуурт байсан гэсэн судалгаа бий.

Ар Монголд Богд Жавзандамбаас гадна тамгатай хутагт 13 байв. Үүнд, Засагт хан аймагт: Жалханз хутагт, Ялгуусан хутагт, Бэгэр номун хан, Сэцэн хан аймагт: Егүзэр хутагт, Ялгуусан хутагт, Сайн ноён хан аймагт: Зая бандид хутагт, Эрдэнэ бандид хутагт, Чин сүжигт Номун хан, Нар банчин хутагт, Эрдэнэ мэргэн ноён хутагт, Шива ширээт хутагт, Наран хутагт, Хамба хутагт нар байжээ. Тэдгээрээс хамгийн нэр нөлөө бүхий нь Богд Жавзандамба хутагт бөгөөд тэрээр Ар Монголын шарын шашны тэргүүн байв.

Их Хүрээнд байсан хүрэл бойпор
Дасга авч буй лам нар

ЭРДЭНЭЗУУ

Эрдэнэзуу нь Халхын бурханы шашны анхны томоохон хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, Эзэн Чингисийн байгуулсан Монгол улсын нийслэл хот Хархорумын туйран дээр байрладаг.

Энэ хийд ЮНЕСКО-д бүртгэгдэж дэлхийн өвд орсон Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг байна. XVI зууны сүүлчээр Абтай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд III Далай лам Хархорум хотын нэг хуучин сүмийг сэргээхийг зөвлөжээ. 

Эрдэнэзуу 1910 он
Эрдэнэзуу 1910 он

ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ

1662 оны барс жил одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Бөөрөлжүүт хэмээх газар нэгэн дуган байгуулснаар Ламын гэгээний хүрээний суурь тавигджээ. Улмаар 1745 онд 1,000 лам багтах Цогчин дугантай болж өргөжжээ. Ламын гэгээний хүрээ нь Халхын дөрвөн том хүрээний нэг юм. 

Ламын гэгээний хийдийн бурханч лам Мөнх 1909 он

АМАРБАЯСГАЛАНТ

Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөрт, Ивэн голын дэнжид Найралт төвийн тавдугаар (1727) онд Манжийн эзэн хааны зарлигаар Амарбаясгалант хийдийг байгуулжээ.

Энэ хийд нь Цогчин, Жүд, Манба, Зурхай, Зүүн чойр, Баруун чойр, Ёго, Ламрим, Гүнриг, Нүннай, Суварган жас, Шүтээний аймаг, Сангай аймаг, Дэжидлин аймаг, Зоогой аймаг, Пунцаглин аймаг зэрэг төрөлжсөн дацан, аймаг жасуудтай, мянга гаруй ламтай, шашны томоохон төв байв.

1727 онд Манж Чин улсын хааны зарлигаар элч гарган арван түмэн лан өгч илгээн, Өндөр гэгээний суусан Хүрээний газарт их хийд үйлдэхээр болж, 1736 онд хийдийн байгуулалтын эхэн үе дуусчээ. 

Цогчин дуган 1918 он

МАНЗУШИРЫН ХИЙД

Хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт буй Их шавийн Хувилгааны отгийн гол хийд Манзуширын хийдийг анх аймаг савыг баригч, ачит номун хан Донхор хутагт Агваанжамбалданзан Богд хан уулын гал өвөрт Тулгатын булаг гэдэг газар 1748 онд байгуулжээ.

Энэ хийд 500 гаруй лам хуврагтай байжээ. 1750 онд Лувсанжамбалданзан нь II Богд Жавзандамбад багшаар залагдаж, уул сүмийг Жавзандамба хутагтад өргөсөн учир Их шавийн газраас засан сэлбэж, хурал номын талаар анхааран туслах болжээ. 

Манзуширын хийдийн сэрүүн дуган 1924 он

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном

 

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.