Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Зэвсэгт хүчний хөгжилд нэгэн ШИНЭ ҮЕ гарч ирж байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Соёлын Төв Өргөөнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Баярын хурал, Хүндэтгэлийн концерт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав "Монголын зэвсэгт хүчин Монголын иргэн бүрийг эх орноо хамгаалах журамт үүргээ биелүүлэх чадамжтай болгох, тэдэнд эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг хүчин байх зорилгоо хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана" гэдгийг онцолсон юм.

Баярын хурлын дараах хүндэтгэлийн концертыг ЦДБЭЧ-ын хамт олон толилууллаа. 

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЦЭРЭГ, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ИХ ӨРГӨЖИЖ БАЙНА

 

Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Бригадын генерал Р.Сүхбат

-Танд юуны өмнө Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 94 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын Зэвсэгт хүчний салбарын сүүлийн үеийн ололт амжилтуудын талаар яриач?

-За баярлалаа. Өнөөдөр Монгол орон даяар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ нь манай зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний томоохон баярын нэг гэж үздэг.

Энэ арга хэмжээг угтаж Монгол Улс даяар сүүлийн арваад хоног нэлээд олон арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Ялангуяа хөдөө орон нутагт байгаа манай анги нэгтгэлүүд дунд марш тактикийн тэмцээн, ойн баярын арга хэмжээ угтсан спортын уралдаан тэмцээн, Монгол цэргийн үүсэл хөгжилтэй холбоотой ухуулга сурталчилгааны арга хэмжээнүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Дөл тоглолт" гэх мэт олон арга хэмжээнүүдийн зохион байгуулж баяраа угтаж байна.  

-Энэ жилийн хувьд Монгол цэргүүд улаан талбайн параданд оролцох гэж байна. Мөн Чөлөөлөх дайны 70 жилийн ой тохиож байна. Энэ арга хэмжээнүүдэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хэрхэн бэлтгэж байгаа вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжилд нэгэн шинэ үе гарч ирж байна. Тухайлбал манай Батлан хамгаалах салбарын цэрэг, техникийн хамтын ажиллагаа их өргөжиж байна. Мөн манай салбарын боловсон хүчин хорь гаруй оронтой хамтын ажиллагаатай байж, зэвсэгт хүчнээ сургаж, бэлтгэж байна. Түүнчлэн НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд манай цэргийн хүчнийхэн оролцож байна.

Жил ирэх тусам хамтарсан сургууль нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд бид Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ОХУ-тай хамтарсан байлдааны томоохон сургуулийг өөрийнхөө нутаг дэвсгэрт явуулсан. Мөн Энэтхэг, Япон улсуудтай хамтарсан бэлтгэл хийж байна. 

Чөлөөлөх дайны 70 жилийн ойн хүрээнд бид олон зүйл хийхээр төлөвлөөд байна. Мөн Эх орны дайны 70 жилийн ойн параданд Монголын цэргүүдийг оролцуулах санал ОХУ-аас ирсэн байгаа. Энэ ажлын хүрээнд цэргүүдээ сонгон шалгаруулаад бэлтгэл ажилдаа орчихоод байна. Мөн уламжлал болсон цэргийн сургууль энэ жил ОХУ-ын нутаг дэвсгэр дээр явагдана. 

-Та зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-За юуны өмнө өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ой болж байна. Манай Монголчууд дээр үеэсээ уламжилж ирсэн эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн.

Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүнд, бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицерууддаа энэ өдрийн мэндийг хүргэж та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

МОНГОЛ ХҮН БОЛСОНДОО, ЭНЭ ЭХ НУТАГТ ТӨРСНӨӨРӨӨ ИХ БАХАРХДАГ

 

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын тэргүүн ахлагч Д.Оюунболд

-Таныг энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байсан гэж сонслоо. Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн оролцдог вэ?

-Одоогийн байдлаар давхардсан тоогоор 10 мянга хол давсан цэргийн албан хаагчид оролцоод байна. Яг энэ мөчид 1500 гаруй цэргийн албан хаагчид Афганистан, Өмнөд Судан зэрэг НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаа газар бүрт үүрэг гүйцэтгэж байгаа. 

-Монгол цэргүүд энхийг дэмжих ажиллагаанд ямар гавьяа байгуулж байсан бэ. Онцлох зүйлээс нь дурдвал?

-Энхийг дэмжих ажиллагаа гэдэг маань байлдах гэхээсээ илүү тухайн орны аюулгүй байдлыг хангах, улс орны Засгийн газар нь тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, дайны дараах сэргээн босголтын ажилд гар бие оролцох чиглэлтэй.

Энхийг дэмжих ажиллагаа гэдэг маань өөрөө НҮБ-ын мандат дор явагддаг. Хүч хэрэглэх дүрмийг тодорхой заагаад өгчихсөн байдаг учир олон улсын эрх зүйн хүрээнд үүргээ гүйцэтгэдэг. 

-Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох сонирхолтой залуус хэр их байдаг вэ?

-Ер нь бол манай залуучууд сүүлийн үед цэргийн алба хаах сонирхол ихтэй болсон. Үүний нэгээхэн хөшүүрэг нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох.

Эр хүн болсных эх орондоо цэргийн алба хаая, дээрээс нь гадаад оронд үүрэг гүйцэтгэж үзье гэж залуучууд их хөтлөгддөг. Энэ нь ч гэсэн цэрэгт ирж буй залуучуудын хандлагаас харагдаж байна. 

-Ажиллагаанд оролцсон цэргүүдэд ямар давуу тал бий болдог вэ. Тэдний сэтгэгдэл, сэтгэл зүйн байдлын хувьд өөрчлөлт гардаг уу?

-Манай цэргүүд ялангуяа ахлагчийн бүрэлдэхүүн, залуучууд явж ирэхээрээ Монгол хүн болж төрсөндөө, энэ эх нутагт төрснөөрөө их бахархдаг. Ямар азаар бид Африкийн элсэн цөлд юм уу, тэр дорой буурай орны иргэн нь болоод төрчхөөгүй юм бэ гэдэг.

Энэ амьдралын үнэт зүйл, Монгол Улсад байгаа аз жаргалтай амьдралын сайн сайхныг салгаж харж, өөрсдийнхөө нүдээр үзээд, өөрсдийнхөө амьдралдаа сэтгэл ханамжтай болдог гэж би боддог юм.