Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол цэргийн уламжлал, залгамж чанарын тухай ярихын тулд тэртээх Чингис хааны байлдан дагуулалтын түүхийг сөхөх учиртай аж. Туурга тусгаар Монгол Улсын түүх үе үеийн цэрэг эрстэй салшгүй холбоотой.
Учир нь тэд л өнөөдрийн Монголын түүхийг бичилцэж, эх орноо биеэрээ хамгаалсан гавьяатай хүмүүс. Иймээс ч 2003 оноос гуравдугаар сарын 18-ныг Зэвсэгт хүчний өдөр болгосон бол өдгөө Монгол цэргийн өдөр гэж өөрчлөөд дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Энэ өдрийг угтсан олон үйл ажиллагаа өчигдөр боллоо. Тухайлбал, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн, үе үеийн генерал, хурандаа, офицерууд, ж жин Д.Сүхбаатар болон Чингисийн хөшөөнд цэцэг өргөв.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол цэрэг олон зууны уламжлал, түүхтэй. Чингис хааны их ялалтаас эхлээд Тусгаар тогтнолын хөдөлгөөн, Ардын хувьсгал, 1939 оны Халх голын, 1945 оны Чөлөөлөх дайны гээд олон ялалт бий. 1960-аад оноос Монголын цэрэг арми улс орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсон.
Юуны өмнө батлан хамгаалах боддогоо өнөөгийн гадаад, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулан, шинэчлэн боловсруулж Ерөнхийлөгчид өргөн барьсан. Хаврын чуулганаар “Бодлогын үндэс” баримт бичиг гарна.
Монгол цэрэг олон зууны уламжлал, түүхтэй.
Ингэснээр батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй холбоотой хууль эрх зүйн олон шинэчлэл хийгдэх юм.
Мөн батлан хамгаалах салбарынхаа ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч, орон сууцны шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Манай энхийг сахиулагчид олон орны амь өрссөн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Монгол цэрэг гэдэг нэрийг дэлхийн түвшинд таниулж, өндөрт өргөж яваа. Нийт ард түмэнд, цэргийнхэн, ахмадууд, залуучууддаа баярын мэнд хүргэе” гэв.
1950-иад онд цэрэгт татагдан, 60 орчим жил армид алба хаасан, өдгөө чөлөөнд байгаа хурандаа Д.Пүрэвсүрэн гуайн сэтгэгдлийг бид сонссон юм. Социализмын үед буюу 1970-1980 онд өмсөж байсан цэргийн дүрэмт хувцастайгаа цэцэг өргөх ёслолд оролцсон тэрбээр “Намайг цэрэгт ирж байхад дайн дуусаж, энэ тэндгүй ажил хөдөлмөр “буцалсан”, цэрэг, арми хүн хүч муутай, ихэнх газарт хилийн цэрэг татан буугдсан, ард иргэд социализм байгуулахын төлөө тэмцэж эхэлсэн цаг байсан юм даг. Манай гэр бүлийнхэн удмаараа армийн албан хаагчид. Хүү маань л гэхэд Батлан хамгаалах яаманд газрын дарга хийж байна” гэлээ.
Цэцэг өргөх ёслолын дараа баярын хурал, концерт болсон юм. Монгол Улс эдийн засгийн хүндрэл бэрхшээлээр шалтгаалан хөрөнгө гаргаж, зэвсэг, техникээ шинэчилж чаддаггүй. Тэгвэл Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас хөрөнгө гарган шинэ зэвсэг худалдан авах болсон. Бага ч болтугай өөрсдийн хөрөнгөөр зэвсэг худалдаж авах ёстой” гэсэн бодлого баримталж байгаагаа хурлын үеэр Батлан хамгаалахын сайд онцоллоо.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн удирдлагууд залуу жанжин Ж. Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөж, “Монгол хурандаа” нийгэмлэгээс эрхлэн гаргасан, Монгол хурандаа нарын түүхийг өгүүлсэн хос номын нээлт боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!