Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Байнгын хорооны 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажлын хэсэг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлага, албан хаагчдын төлөөлөл бүхий хүмүүстэй нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулсан.
Ажлын хэсэг дээрх уулзалтын үеэр тавигдсан асуудал болон байнгын хороонд ирүүлсэн өргөдөл гомдлыг нягталж үзээд дараах дүгнэлтийг боловсруулсан.
Тус дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Би үзэгчийн хувиар хэлэх гэсэн юм. УИХ-ын ажлын хэсэг олон удаа ажилласан. Дүгнэлт хийхээр МҮОНРТ дампуурлаа, одоо гүн хямралд орлоо гэж ярьдаг. МҮОНРТ-ийн бодлого нь ард түмний эрх ашгийн төлөө гэж хуульд заасан. Бодлого нь болохгүй байгаа юм байхгүй.
Захиргаа, санхүүгийн асуудал байна. Аудитын дүгнэлтээс харахад засаглал буюу хүн болохгүй байна. УИХ Үндэсний зөвлөлийг томилохдоо зөв хүнээ сонгож болдоггүй юм уу.
Төрийн бодлого хэрэгжихгүй дампуурлаа гээд байдаг. Ямар хуулийн заалтаас болоод байна вэ. Эсвэл хүнээс болоод байвал Үндэсний зөвлөлийг татан буулгах юм уу. МҮОНРТ-ийг би сэтгэл дотроо дотно боддог, үздэг. Гэхдээ нэг тийм хэвшмэл, тогтсон уйтгартай гэсэн зүйл байгаа. Энэ нь төрийн оролцоотой байна.
Энэ телевизийн загварыг муутгах, доош хийх маягаар явж болохгүй. Хайрлаж, хамгаалж, босгож ирэх ёстой" хэмээн асуулаа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг "МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлага, юу хийх ёстой, яаж ажлаа тайлагнах ёстой гэдэг нь завхарсан.
Анх Үндэсний зөвлөлийн гишүүд томилогдох үед хариуцлагатай байсан. Сүүлийнх нь ерөнхий захирлаа унагаах, талдаа оруулах, хуувийн ашиг сонирхол нь дэндээд байгаа.
Улсын төсөвт санхүүжилтийг нь суулгадаг хэрнээ энэ телевиз Сангийн сайдын багц руу ордог. Тэд нар Сангийн сайд дээр очоод яамны салбар байгууллага шиг санхүүжилтээ нэхдэг.
2005 онд Сарангэрэл, Билэгт дарга, би ажиллаж байх үед нэг ам.доллартой тэнцүүлж баталсан хураамж өнөөдөр хүртэл өөрчлөгдөөгүй явж байгаа.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал мэргэжлийн нээлттэй сонсголоор шударгаар томилогддоггүй. Улс төр, бүлэглэлийн шалтгаантай томилогддог. Эргээд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй" хэмээн хариулав.
Мөн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл "Манай телевизийн төсөв үйл ажиллагаа 2023 он хүртэл ямар нэгэн төлөвлөгөө зохиож амжаагүй байсан. Энэ нь гүйцэтгэлийн аудитын тайланд гарсанчлан засаглалын хямралтай холбоотой гэж би харсан.
2024 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэх удирдлага ажил аваад төсвөө Үндэсний зөвлөлд оруулж байна. Хямралыг даван гарах, өрийг барагдуулах, өртэй үйл ажиллагааг хэрхэн явуулах саналыг үндэсний зөвлөлд өгсөн.
Ажил аваад өрөө шалгахад цаасан дээр 4.2 тэрбум төгрөг, үйл ажиллагаатай холбоотой дөрвөн тэрбум төгрөг асуудал байсан. МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна.
Гэсэн ч МҮОНРТ наадам, сонгуультай холбогдуулан сүлжээгээ явуулах, менежментээ шинэчлэх үетэй нүүр тулж байна. Төлөвлөгөөгөө зохион байгуулаад Үндэсний зөвлөлд батлуулахаар өгсөн" ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!