"П.Батчулуун эмч охины минь элэг, бөөрнөөс өөр юм авахгүй гэж бидэнд амласан шүү дээ"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдуулан П.Батчулуун эмчид 2 жил 6 сар хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. 

Энэ хэрэгтэй холбогдуулан донор болж хохирсон талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. 



Талийгаачийн ээж "Сэтгэл өвдөөд аргагүйн эрхэнд хэвлэлийн хурал зарлахаар энд ирлээ. 

Би охиноо алдаад жил ч өнгөрөөгүй байна. Гэтэл миний охиныг сошиал орчинд буруутан болгож, янз бүрээр бичиж байна. "Үхсэн бол бараг л хамаг юмаа өгөх хэрэгтэй" гэхчлэн талийгч охиныг минь буруутгаж бичсэнийг хараад сэтгэл өвдөж, зовж, шаналж сууна. 

Гэрийн маань цонх руу хүртэл чулуу шидэж хагалж байна. Давж заалдах шүүх хурал болоод хоёр хонож байхад цонх маань хагараад л унасан. 

Хүмүүс залгаад "Мөнгө авчихсан юм уу?", "Хэдэн төгрөг авчихсан юм бэ? тийм их мөнгө үү?", бараг л "Хүүхдийнхээ эрхтнийг зарчихсан юм уу?",  "Мөнгө авчхаад ингээд байгаа юм биш үү? та нар" гэж чичилж байна. 

Миний охин донор болж, олон хүнд буян үйлдсэн байхад хар буруугаар битгий хэлээч, биднийг битгий зовоогооч.

"Миний хүүхдийн эрхтнийг авчихсан та нар мөнгө өг" гэж би хэлээгүй. Хүний эх л болсон хойно П.Батчулуун эмчийг хараад өрөвддөг. 

Ямар учралаар энэ хүүхдийн эрхтнийг авчхаад насныхаа эцэст тэтгэвэрт гарахдаа яагаад ийм юмтай зууралдчихав даа гэж шүүх хурлаас гараад ч уйлж байсан.

Би хоёр ч шүүх хуралд орсон. Одоо би дахиж шүүх хуралд ормооргүй байна. Дахин дахин яриад байх надад хэцүү байна.

Дахин дахин хүүхдийнхээ ясыг өндөлзүүлье гээд ч ясгүй болчихсон. Ядахнаа хальсыг нь ч өндөлзүүлмээргүй байна. Би гурван хүүхэдтэйгээ тайван л баймаар байна. Тэрийг л хэлэх гэж ирлээ" гэв. 

"Тэр үед хэрэггүй л охиноо өгч гэж өөрийгөө буруутгадаг"

Мөн тэрбээр "Миний охин 2023 оны наймдугаар сард осолд орж, гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тухайн үед эмч нар "тархины үхжилт"-тэй гэж хэлсэн. 

Ингээд гэмтлийн эмч нар "Та охиноо донор болгооч. Танай охин тархины үхжилттэй найдваргүй болсон. Ийм хүн 1,000-д нэг л удаа сэхдэг юм" гэж. 

Гэмтлийн эмнэлгийн эмч нар биднийг хэд хэдэн удаа дуудсан. Ингээд П.Батчулуун эмчтэй уулзахад хоёр бөөр, элгийг нь өгөөч гэж гуйсан байдаг. 

Манай ар гэрийнхэн өдөржин эргэлзэж, тээнэгэлзэж шийдвэрээ гаргасан. Над шиг л эх хүн үр хүүхдээ аврах гэж бүлтгэнээд үлддэг юм болов уу. Аав, ээж нь үр хүүхдээ аврах гээд бүлтгэнээд хүлээж байдаг юм болов уу,,, 

Үнэхээр охин минь босож ирэхгүй юм бол гурван хүүхдээ бодоод түмэнд буян болъё доо. Нэг эцэг, эх ч гэсэн над шиг, миний гурван хүүхэд шиг шаналахгүй байгаасай гэсэндээ охиныхоо хоёр бөөр, элгийг донорт өгөх гарын үсэг зурсан. 

П.Батчулуун эмч элэг, бөөрнөөс өөр юм авахгүй гэж амласан шүү дээ.

Гэвч хөлийн шөрмөс, булуу, тойг, шаант чөмөг гээд бүгдийг нь авчихсан байсан. Хүний хөлд юу л байдаг тэр бүгдийг нь аваад цутгамал цутгасан гулжганасан юм л өгч байсан.

Хэрвээ ингэж хамаг юмыг нь авах байсан бол би охиноо донор болгохгүй. Анхнаасаа үнэн зөв хэлсэн бол олны өмнө гараад уйлаад явахгүй.

Талийгч охиноо хөдөөлүүлэхэд л мэдсэн. Элэг, бөөрийг нь өгсөөр байтал охины минь хамаг хөл, гарны яс бүх юмыг нь авчхаад хоосон хальсан дотор нь цутгамал цутгаад байдгаар нь төмөр утсаар оёсон байдалтай хүлээлгэж өгсөн шүү дээ. 

Хүний эд эрхтнийг ингэж авчхаад одоо яагаад биднийг янз янзаар хэлж, яагаад зовоогоод байгаа юм бэ? Битгий бидний сэтгэлийг шаналгаач ээ.

Охиныгоо алдаад жил гаруй болоод удалгүй аавыг нь алдчихсан. Аав нь ч их уйлдаг, сэтгэлээр унадаг байсан. Тэр үед хэрэггүй л охиноо өгч гэж өөрийгөө буруутгаад сууж байна даа" гэж хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
242
Зураг
ХАРАМСАЛТАЙ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа