Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн О.Сэргэлэн ахлагчтай элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ болон П.Батчулуун эмчийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
"Ертөнцийн мөнх бусыг үзэж байгаа хүнээс эрхтэн авбал 10 хүний амь насыг авардаг.
Одоогоор Монголд элэг, хоёр бөөрийг шилжүүлэн суулгаж, гурван хүний амийг аварч байна. Харамсалтай нь өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нэг ч эрхтний донор гарахаа байсан" гэдгийг УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн хэлж байлаа.
Үргэлжлүүлэн П.Батчулуун эмчийн биеийн байдал ба эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын талаар дараах мэдээллийг хүргэв.
Тэрбээр "Бид нар өнөөдөр П.Батчулуун эмчийнхээ талаар хөндөж ярихгүй бол болохгүй байна.
П.Батчулуун эмчийн хүүхдүүдээс биеийн байдлынх нь талаар асууж, “Бид нарт мэдээлэл өгч болох уу? гэж зөвшөөрөл авсан.
Өнөөдөр П.Батчулуун эмчийн биеийн байдал тун муу байна. Эмч хүн гэдэг чинь адилхан л хүн, ялгаа байхгүй зүрх нь цохилдог, сэтгэл нь хөдөлдөг. Гэтэл өнөөдөр П.Батчулуун эмчийн маань сэтгэл санаа маш хүнд байгаа.
Энэ асуудал дэгдэхээс өмнө суурь өвчин ихтэй, зүрхний асуудалтай байсан.
2013 онд П.Батчулуун эмч маань Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарласан байж байтал гэв гэнэтхэн ухаан алдаж унасан. Зүрх нь 16 минут зогссон. Сэхээн амьдруулах эмчилгээ хийсний үндсэнд зүрх нь эргэж ажилласан.
Зүрх зогссонтой холбоотойгоор таван удаа зүрхийг тэжээдэг зүрхний гол титэм судсанд тэлэгч тавиулсан байдаг.
Бид нар хэн нэгнийг өнөөдөр буруутгах гэж энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулаагүй.
П.Батчулууны биеийн байдал нь хүнд байгаа учраас цаашдаа энэ их сэтгэл санааны дарамт, цохилтыг давж гарч чадах уу, үгүй юу гэдэг асуудал тулгараад буй" гэлээ.
Мөн Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн хэлэхдээ "П.Батчулууныг гэмт хэрэг хийчихсэн гэж үнэхээр бодохгүй байгаа.
Эрхтэн шилжүүлэн суулгах хуудас гэж таниулсан "зөвшөөрлийн хуудас" байдаг. Эрүүл мэндийн сайдын баталсан энэ хуудсан дээр эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн маань "зөвшөөрөл" авдаг.
Та бүхэн нэг юмыг л ойлгоорой. Тэр хүн тэнгэрт халих гээд эргэж амьдрах боломжгүй боллоо гэдэг мэдээллийг хүлээн авсан ар гэр, ах, дүү, хамаатан садан сэтгэл санааны хувьд ямар хүнд байх вэ?
Яг тэр үед нь нүүр тулж, очиж уулзаад “Танай хүн тэнгэрт хальж байгаа учраас бусад хүмүүст буян болооч ээ” гэж гуйдаг. Энэ хэцүү албыг гүйцэтгэдэг хүмүүс бол Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах албаныхан. П.Батчулуун маань энэ л үүргийг гүйцэтгэж, долоон жил ажиллаж яваа.
Ийм хүнд нөхцөлд тэр хүмүүс дээр очоод энэ асуултыг асууж, гуйна гэдэг ямар хэцүү вэ? Ингэж гуйх мөчид хүмүүсийн сэтгэл санаа ямархуу байх уу?
Яг тэр мөчид элэг, бөөр, шөрмөсийг нь авъя л гэж хүсэлт тавьсан. Ингэж таниулсан "зөвшөөрлийн хуудас" нь хавтаст хэрэгтээ байгаа байх.
Эрүүл мэндийн сайдын баталсан журмынхаа дагуу л үйл ажиллагаа явагдсан. Түүнээс биш элэг шилжүүлэн суулгах энэ багийнхан очоод "Танай хүнийг донор болгоё" гэж хэлэх эрх байхгүй, угаас хуулиар хориотой.
Энэ процесстой холбоотойгоор өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгуулах гээд амь нас нь дээсэн дөрөөн дээр яваа ар гэр, өвчтөнүүд горьдлого тасраагүй хүлээгээд сууж байгаа. Харамсалтай нь ийм процесс болсонтой холбоотойгоор нэг ч эрхтний донор гарахаа байсан.
Ертөнцийн мөнх бусыг үзэж байгаа хүнээс эрхтэн авбал 10 хүний амь насыг авардаг. Монголд одоогоор элэг, хоёр бөөр шилжүүлэн суулгаж байна. Дээрээс нь нэг хүний өгсөн эрхтнээс 10-аад хүний амьдралын чанарыг сайжруулдаг. Ийм л буянтай үйлийг хийдэг.
Эрхтэн шилжүүлэн суулгах алба, эрхтэн шилжүүлэн суулгах баг дээр амь гуйгаад ирж байгаа хүмүүст өвчтөн маань л харагддаг. Түүнээс биш баян, ядуу, ар гэр нь чадалтай, чадалгүй байна уу хамаа байхгүй ээ.
Яг л дэс дараалал, оочероор явдаг. Бид үүнийгээ баталж хэлэх гэж зориуд бүтэн багаараа ирснээ мэдэгдье" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!