Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсад сүрьеэгийн өвчлөл ямар байгаа талаар болон эмчилгээ оношилгооны шинэ аргын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв(ХӨСҮТ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-аас хамтран мэдээллийн хурал зохион байгууллаа.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте "Сүрьеэ нь нас баралтаар тэргүүлдэг халдварт өвчин. 2023 оны байдлаар дэлхий дахинд нийт 10.8 сая хүн энэ өвчнөөр өвчилж, 1.2 сая хүн нас барсан байна.
Монгол Улс нь сүрьеэгийн өвчлөлийн дарамт өндөртэйд тооцогддог. Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 оны байдлаар Монгол Улсын 100,000 хүн тутамд 413 байсан бол 2023 онд 491 болж, 19 хувиар өссөн. Энэ нь хүн амын дунд өвчлөл нэмэгдэж, халдвар цаашид идэвхтэй тархах эрсдэлтэйг харуулж байна.
Мөн хугацаанд сүрьеэгийн шалтгаант нас баралт ихэссэн. 2020 онд 328 байсан бол 2023 онд 415 хүн энэ өвчний улмаас нас баржээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад 2023 оны байдлаар 21 цаг тутамд нэг хүн сүрьеэгээр нас барж байна гэсэн үг.
Нас баралт нэмэгдэж байгаа нь хүн амын дунд эрт илрүүлгийг сайжруулах, эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
2023 онд дэлхий нийтэд сүрьеэгийн дарамт өндөртэй дөрвөн улсад эрт илрүүлэг маш бага байсны нэг нь Монгол. Илрүүлэлт 20 орчим хувьтай байгаа нь сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн 80 хувь нь илрээгүй, хүн амын дунд халдвар тараасан хэвээр байгаа гэж үзэхээр байна. Мөн архи тамхины хэт хэрэглээ, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлс нь сүрьеэгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байгаа" гэв.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Манай улс сүрьеэгийн эмчилгээ, оношилгоондоо дэлхийн түвшинд хүрсэн ололттой аргуудыг нэвтрүүлэн ашиглаж байна.
Тодруулбал молекул биологийн шинжилгээг үндэсний түвшинд хийх чадавх бүрдлээ. Молекул биологийн GeneXpert-ийн аргыг сумын болон өрхийн эрүүл мэндийн төвд төдийгүй бүх шатны эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-ийн лавлагаа түвшний лабораторид нэвтрүүлсэн. Ингэснээр сүрьеэгийн оношилгооны баталгаажилт нэмэгдэж, эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм. Улсын хэмжээнд сүрьеэгийн 42 нэгжид GeneXpert-ийн 44 төхөөрөмж ажиллаж байна.
Мөн зөөврийн болон дижитал рентгенийг оношилгоонд ашиглаж байгаа. Сүүлийн үед рентгенийг уншихад хиймэл оюун ухааны хэрэглээг нэвтрүүлсэн. Цусанд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинэ аргыг саяхан нэвтрүүлээд байгаа. ХӨСҮТ болон нийслэлийн зургаан дүүргийн сүрьеэгийн диспансерт уг аргыг оношилгоонд хэрэглэж байна" гэв.
Түүнчлэн эмчилгээний аргын талаар тэрбээр "Олон улсад сүрьеэгийн эмчилгээний шинэ аргууд гарч байгааг Монгол Улсад цаг алдалгүй нэвтрүүлдэг. Үүний үр дүнд эмэнд мэдрэг сүрьеэг эмчлэх хугацаа 6-9 сар байсан нь 4-6 сар болж, богиноссон. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх хугацаа хоёр жил хүртэл үргэлжилдэг байсан бол шинэ эмийг нэвтрүүлснээр 6-12 сар болсон" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|