Монгол Цэргийн Музейгээс "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойд зориулан Монгол цэргийн дүрэмт хувцасны “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс" сэдэвт үзэсгэлэнг дэлгээд байна.
Уг үзэсгэлэнд 1914 оноос одоог хүртэлх цэргийн дүрэмт хувцсуудыг дэлгэн үзүүлээд байгаа юм.
Монгол Цэргийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэгээс үзэсгэлэнд тавигдсэн дүрэмт хувцаснуудын талаар "Хамгийн анх батлагдаж байсан 1914 оны дүрэмт хувцаснаас эхлүүлээд дүрэмт хувцасны гол гол өөрчлөлтүүдийг танилцуулъя. Орчин цагийн Монгол цэргийн анхны дүрэмт хувцас урдаа хүрд хээтэй, баруун зүүн мөрөн дээрээ улаан шар өнгийн погонтой, погон дээрээ маанийн үсэгтэй байсан. Энэ хувцсыг 1919 он хүртэл өмссөн.
1921 онд малгайн тэмдэг нь таван хошуутай, ханцуйн дэрээ ромбо, хас тэмдэгтэй хувцсыг өмсөж эхэлсэн бөгөөд 1936 онд дахин өөрчлөлт оруулж /гимнастёрк/ ялгах тэмдгэндээ үндэсний уламжлалыг шингээх зорилгоор өлзий хээтэй болгож өгсөн.
Ингээд 1944 онд өөрчлөт оруулахдаа битүү хоолойтой хүрэмтэй болж, мөрдөс зүүж эхэлсэн. Мөрдөс дээр цэргийн албан хаагчдын төрөл мэргэжлийг зааж өгдөг болсон. Их бууны, хууль цаазын анги гэх мэт. Энэ онд анх генерал цолыг анх баталсан. Энэ хувцсыг 1963 он хүртэл өмссөн бөгөөд дунд нь 1951,1957 онуудад жижиг өөрчлөлтүүдийг хийж байсан.
1963 онд баталсан дүрэмт хувцсанд хийсэн хамгийн том өөрчлөлт бол өлзий хээтэй ялгах тэмдгийг таван хошуутайгаар сольсон нь байсан. олон улсын жишгийг дагаж таван хошуутай болсон дүрэмт хувцсыг 1990 он хүртэл өмссөн бөгөөд тус онд Ардын Их Хурлын тогтоол гарч эргээд үндэсний хэв шинжийг дүрэмт хувцсанд шингээх зорилгоор өлзий хээг дахин оруулсан.
Ингээд 2011 онд Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцасны загвараар дээд оффицерууд буюу генералууд таван хошууг эргээд хэрэглэх болсон. Энэ нь олон улсын жишгийг дагасан бөгөөд сууринд нь үндэсний хэв шинжийг хадгалсан алхан хээг хийсэн" хэмээн ярилаа.
Монгол цэргийн дүрэмт хувцасны “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс" сэдэвт үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!