5Ш ажиллагааг эрчимжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах төслийн талаар өнөөдөр холбогдох албаныхнаас мэдээлэл өглөө.
Уг төсөл нь Хууль сахиулах байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Хууль Зүй, Дотоод Хэргийн Дэд сайд Б.Солонгоо "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хууль Зүй, Дотоод Хэргийн яамнаас уг төслийг боловсруулж, төслийн бүрэлдэхүүнийг бэлдсэн. Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн тэр тусмаа Цагдаагийн сургуулийн мөрдөгчдийн сургалтын агуулгад олон улсын жишигт нийцсэн кибер, үндэстэн дамнасан болон авлига албан тушаалын, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн хөтөлбөр нэмэгдэнэ.
Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж шинэчлэгдэнэ. Цагдаагийн Ерөнхий Газар болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид холбогдох албан хаагчдад нарийвчилсан сургалтууд орно.
Энэ нь 5Ш ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Мөн Зүүн Өмнөд Ази болон бусад бүс нутгийн хууль сахиулах байгууллагуудтай харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлнэ" гэв.
Төслийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх олон улсын конвенцын хэрэгжилтэд хяналт тавьдаг НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны салбарыг Монгол Улсад байгуулахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!