Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ.
Уг төслийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар уг төслийн бэлтгэл ажил, цаашдын төлөвлөлтийн талаар санал солилцов.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр:
Шинэ төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Бид ундны усныхаа хэрэгцээг 100 хувь гүний усаар хангаж байгаагаас гадна сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр үер усны гамшиг нэлээд тохиолдож байна.
Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийт ундны усны хэрэглээний 30 орчим хувийг цэвэршүүлж хэрэглэнэ гэсэн том зорилго тавьсан. Бид цаашид ундны усны хомсдолд орох эрсдэлтэй тулгараад байна. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь Туул гол дээр боомт, усан сан, ус дамжуулах шугам, цэвэршүүлэх байгууламж бүхий усан цогцолбор байгуулж, ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болох явдал юм. Энэ нь Улаанбаатар хот гэлтгүй Монгол Улсын аюулгүй байдалд нэн чухал зүйл" гэж ярьжээ.
Олон улсын байгууллагуудын судалгаагаар Улаанбаатар хот 2040 оноос усны нөөцийн хомсдолд бүрэн орно гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс сэргийлэх үндсэн арга нь гадаргын усыг хуримтлуулах. Тухайлбал үерийн болон хөрсний усыг хэрэггүй гэж хаях бус хуримтлуулах нь чухал байгааг мэргэжлийнхэн онцлов.
Хуралдааны үр дүнд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч усны тоо баримтуудыг нэгтгэнэ, бодит тоо баримтад тулгуурласан төлөвлөлт хийхээр боллоо.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!