Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Элчин сайдын яам Жастин Каплатай холбоотой хэвлэлийн мэдээлэл гаргалаа

Б.Ану
2015 оны 2 сарын 26
iKon.MN

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Элчин сайдын яамнаас дараах хэвлэлийн мэдээллийг гаргажээ.

 


 

 

Хэвлэлийн мэдээлэл

2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Саус Гоби Сэндс ХХК-ийн хэргийн шүүгдэгч гурван иргэнд, түүний дотор АНУ-ын иргэн Жастин Каплад албан ёсоор уучлал үзүүлсэн тухай мэдээллүүдийг бид харлаа. Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн энэхүү үйлдэлд бид талархаж байна.

Ноён Каплагийн өмгөөлөгчид түүнийг урьдчилан хорих төвөөс суллагдсаныг баталж байна. Энэхүү шийдвэр нь Ноён Каплад оногдуулсан байсан хилээр гарах хоригийг мөн цуцалж байгаа хэмээн бид ойлгож байгаа. Хэрэв тэрбээр АНУ руу буцахаар шийдвэл чөлөөтэй гарч болохоор болсонд бид баяртай байна.

Ноён Каплад холбогдох хэрэг гурван жил орчим үргэлжилсэн бөгөөд түүнд хилээр гарах хориг тавьсан, шүүн таслах ажиллагаа явагдаж, улмаар түүнийг хорьсон явдал нь ноён Каплад ихээхэн бэрхшээл учрууллаа. АНУ-ын Элчин сайдын яам хэргийг анхааралтай ажиглаж консулын шаардлагатай бүх туслалцааг үзүүлж ирлээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх орчны хувьд Монгол Улсад үнэлгээ өгөхөд энэ хэрэг сөргөөр нөлөөлж буйг бизнесийн хүрээнийхэн илэрхийлсэн билээ. Цаашид иймэрхүү хэргүүдийг Монгол Улсын эрх барих байгууллагуудын зүгээс шудрага, ил тод бөгөөд Монгол Улсын хууль дүрэмд бүрэн нийцүүлэн шийдвэрлэнэ гэдэгт бид итгэж байна. 

 

АНУ-ын Элчин Сайдын Яам Олон нийттэй харилцах алба