Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог төрийн эрхээс зайлуулсны дараа дэлхийн хамгийн том арал Гринландыг АНУ-ын засаг захиргаа Дани улсаас хүчээр булаан авч болзошгүй тухай яриа эрчимжээд байгаа.
Тэгвэл өчигдөр Цагаан ордон Трамп эхний ээлжид худалдаж авах санал тавихаар төлөвлөж байгааг мэдэгдсэн нь Данийн төдийгүй Европын эрх баригчдыг түр ч гэсэн тайвшруулаад байна.
Стратегийн өндөр ач холбогдолтой Гринланд арлыг АНУ-д нэгтгэх хүсэл сонирхлоо Трамп эртнээс илэрхийлж байсан. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш тэр уг хүслээ цэрэг, зэвсгийн хүч ашиглан биелүүлэх хувилбарыг хүртэл ярьдаг болоод байгаа.
Энэ санаа Гринланд арлын болон Данийн удирдагчид, ард иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байв.
Мөн НАТО-гийн Европ дахь холбоотнуудын санааг түгшээж байлаа.
Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио удахгүй Данийн эрх баригчидтай уулзах гэж байгаагаа мэдээлжээ.
“Би ирэх долоо хоногт тэдэнтэй уулзана. Уулзалтын үеэр энэ асуудлыг хэлэлцэнэ” гэж Рубио сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт өчигдөр бас Трамп болон түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баг Гринланд арлыг худалдаж авах хувилбарыг “идэвхтэй хэлэлцэж” байгааг мэдээлжээ.
“Түүний баг одоо боломжит худалдан авалт ямар байж болох талаар ярилцаж байна” гэж тэр хэлсэн юм.
АНУ-ын хамгийн том муж Аляскийн нутаг дэвсгэртэй ойролцоо хэмжээтэй ч хүн ам сийрэг Гринландыг авах нь Трампын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Ливитт энэ үеэр дахин илэрхийлжээ.
“Тэр Умард туйлын бүс нутагт Орос, Хятадын түрэмгийллийг таслан зогсоох АНУ-ын ашиг сонирхлын нэг хэсэг гэж үүнийг үзэж байгаа” гэж Ливитт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
Рубио, Ливитт нарын хэн хэн нь хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгээгүй юм.
Гэхдээ Ливитт “Ерөнхийлөгчийн хамгийн эхний сонголт үргэлж дипломат арга зам байдаг” гэж хэлжээ.
Данийн бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арлын ерөнхий сайд Йенс-Фредерик Нилсен тус арлыг худалдах боломжгүй, зөвхөн 57,000 оршин суугч нь ирээдүйгээ шийдэх эрхтэйг байнга илэрхийлдэг.
Даваа гарагт Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Хэрвээ АНУ цэргийн хүчийг НАТО-гийн өөр нэг гишүүн орны эсрэг хэрэглэвэл энэ нь Дэлхийн Хоёрдугаар Дайны дараа тогтсон аюулгүй байдлын дэг журмыг нураах болно” гэж анхааруулж байв.
Дани бол НАТО-г үүсгэн байгуулалцсан орнуудын нэг бөгөөд АНУ-ын уламжлалт холбоотон юм. Тус улс 2003 онд АНУ цэргээ Иракт оруулахад хамтран оролцож байсан түүхтэй.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!