Африкийн Марокко Улсад үргэлжилж буй тус тивийн аварга шалгаруулах "Africa Cup of Nations" тэмцээний хасагдах шат эхэлсэн билээ.
Өчигдөр шөвгийн 16-д учраа таарсан Алжир, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын тоглолт эцсийн мөчид буюу нэмэлт цагийн 119 дэх минутад Адиль Боулбинагийн ганц гоолын ачаар "Ногоонууд" дараагийн шатанд шалгарлаа.
Энэ тэмцээнд олны анхаарлыг татсан нэгэн бол Ардчилсан Конго Улсын хөгжөөн дэмжигч Нкука Мболладинга байв.
Хэсгийн эхний тоглолтоос эхлээд л бүтэн тоглолтын турш огт хөдөлгөөнгүй, нэг байрлалаараа зогсох энэ эр Конгогийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан, хожим улсынхаа анхны Ерөнхий сайдаар томилогдсон Патрис Лумумбад хүндэтгэл үзүүлэх зорилгоор "амьд хөшөө" болдог аж.
Ердөө 31 насандаа бусдын гарт амиа алдсан П.Лумумбагийн нутгийнхан Алжирын хүчирхэг багтай үндсэн цагт 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан ч нэмэлт цагт гоол алдсан байна.
Ингэснээр Африкийн цомыг конгочууд орхиж буй.
Харин хар тивдээ хоёр түрүүлсэн Алжирын шигшээ баг 1990, 2019 онд үзүүлсэн амжилтаа давтахын тулд шөвгийн наймд Нигерийн багтай тулахаар болжээ. Тэдний хожсон нь хагас шигшээд талбайн эзэн Марокко, Камеруны аль хожсонтой нь тунах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!