2026 онд 1,072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэх талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХК 2025 онд улс болон орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Олон хүндрэлтэй нөхцөл байдал байсан ч 1.7 их наяд төгрөгийн татвар хураамж төлж чадсан. Мөн Баялгийн санд хуримтлуулах ёстой 397 тэрбум төгрөгийг холбогдох санд нь төвлөрүүлж ажилласан.
"Тавантолгой түлш" ХХК байгуулагдсан цагаас нь хойш 1.5 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй иргэд хүртсэн.
"Эрдэнэс Тавантолгой" ХК олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон УИХ-ын шийдвэрээр 9.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргасан.
2026 онд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой. Үүнтэй холбоотойгоор энэ онд үндсэн үйл ажиллагаанаас гадуурх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 700 тэрбум төгрөг өгнө. Хэрэв Тавантолгой дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэлбэл хүлээсэн үүргийнхээ хүрээнд санхүүжилт өгнө. Нүүрсний үнэ 2026 онд айхавтар өсөхгүй байх.
2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1,072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Олон төсөл хөтөлбөрийг бид бэлэн мөнгөөр санхүүжүүлж байна. Улаанбаатар хотын иргэдэд 300 тэрбум төгрөгөөр шахмал түлшний татаасыг олгож эхэлсэн.
Энэ компани цаашдаа олборлолтын хүчин чадлаа нэмэх шаардлагатай. "Эрдэнэс Тавантолгой" ХК 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Гэтэл өнгөрсөн 15 жилийн хугацаанд хатуу коксжих төрлийн нүүрсний гэрээ их байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтыг 2030 он гэхэд эхлүүлэхгүй бол ордын нөөцийн ихэнх хэсэг нь хатуу кокс биш.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20, 30 жилийн төлөвлөлтийг одоогоос анхаарахгүй бол болохгүй. Нүүрсний үнэ үргэлж үнэтэй байхгүй, Монголын нүүрсийг гээд дэлхий ирэхгүйг бүгдээрээ ойлгох хэрэгтэй.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын 103 дугаар тогтоол 2025 онд гарсан. Ингэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК ямар нэгэн санхүүжилт гаргахгүйгээр хөрөнгө оруулагчийг нээлттэй урих байдлаар эдийн засгийн эргэлтэд богино хугацаанд оруулъя гэдэг зүйл Засгийн газрын төлөвлөгөөнд орсон. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил хийгдээд явж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!