2025 онд иргэдээс 64 мянга гаруй өргөдөл, гомдлыг нийслэлд ирүүлжээ. Тодруулбал 30,303 гомдол, 34,000 санал хүсэлт хүлээн авсан байна. Үүнээс 68.8 хувийг буюу 43,454 гомдол, саналыг иргэдийн талд бүрэн шийдэж, үлдсэн 31.2 хувийг нь одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжгүй байсан тул зохих хариуг өгчээ.
Энэ тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд 30 хоногийн дотор хариу өгч, шаардлагатай гэвэл хариуг сунган шийдвэрлэх зохицуулалттай.
Нэгдүгээр сарын 6-нд иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь цаасаар баталгаажуулан авсан. Хүлээн авсан 200 гаруй гомдол, саналаас зарим санал хүсэлтийг уншиж танилцууллаа. Асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэж, хариуг өгнө” гэлээ.
Иргэдийн зүгээс газрын дахин төлөвлөлт, үерийн байгууламж, орон сууцны чанар, нийслэлийг хөгжүүлэхтэй холбоотойгоор санал хүсэлтийг цөөнгүй ирүүлжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Сансарын туннель” орчимд амьдардаг 60 орчим иргэн 2,000 оршин суугчаа төлөөлөн гарын үсэг цуглуулж, хүсэлт ирүүлсэн байна. Тухайн орчинд шөнийн цэнгээний газар, ил задгай үйлчилгээ дэлгэрсэн. Үүнээс шалтгаалж оршин суугчдын амар тайван байдал алдагдах, гэмт хэрэг, зөрчил гарах зэрэг хэцүү нөхцөл байдал үүсээд байгааг санал хүсэлтээр илэрхийлж, хуульд нийцүүлсэн арга хэмжээ авч өгөхийг хүсжээ. Иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа асуудалд хяналт шалгалтыг зохион байгуулна гэсэн хариуг өгөв.
"Хан-Уул дүүргийн 80 настай иргэн агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдлэг боловсролоо хуваалцаж, хамтран ажиллах хүсэлт тавьсан байна. Энэ чиглэлээр иргэн, ААН-үүдтэй уулзалт зохион байгуулж хамтарч ажиллана.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн усан сан бүхий үерийн хоолойнуудыг суурилуулахдаа тооцоолол хийгээгүй. Үерийн байгууламж барих шаардлагатай байгаа тухай гомдол гаргасан байна. Улаанбаатар хотод борооны ус тогтдог 16 цэг байсныг өнгөрсөн зун үерийн усыг зайлуулах шугамыг угсарч дууссан.
Баянзүрх дүүргийн Улиастайн гол болон бусад хэсэгт үерийн болон хөрсний ус зайлуулах байгууламжтай болгохоор ТЭЗҮ боловсруулж байгаа юм. ТЭЗҮ-ийг боловсруулж дууссаны дараа энэ онд Дэлхийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр байгууламжуудыг барина.
БНХАУ-ын ЭКСИМ банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын хөрсний усыг үерийн байгууламжид нийлүүлэх төсөл хэрэгжинэ. Энэхүү төслийг 2027 онд эхлүүлнэ" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!