Уншиж байна ...

АХМАДУУД: Төсөв тодотгож 2026 онд тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 13 цаг 17 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэтгэвэртэй холбоотой асуудлаарх ахмадуудын тэмцэл үргэлжилсээр байна. 

Өмнөх онд ахмадууд тэтгэврийн зээл олгох хугацааг сунгаж, хүүг бууруулах, зээлийг 100% олгох зэрэг шаардлагыг тавьж байсан бол энэ онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж эхлэв. Өнөөдөр ахмадууд Үндэсний мэдээллийн төвд арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн эсрэг байр сууриа илэрхийлэх хэвлэлийн хурал зохион байгуулах үедээ энэ талаар мэдэгдсэн юм.

Ахмад настан "Төсвийн тодотгол хийж тэтгэврийн доод хэмжээг 2026 онд 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Энэ байр сууриндаа хатуу зогсоно. Тэтгэвэр бол ахмад хүний амьдрал. Өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлгүй бол амьдрах боломжгүй болсон. Хүүг бууруулсан нэртэй ч хэрэгжихгүй байгаа. Хугацааг сунгаснаар хүүнээс хүү тооцож, гарт олгогдох мөнгө нь хүүнээсээ бага. Өр, орлогын харьцаа гэдэг юмаар арилжааны банкууд бидний амьдралаар тоглож байна. 

Бид үхсэн ч бидний өрийг үр хүүхдүүд минь төлдөг. Төр засгийнхан гадаадын улсуудыг ярих их дуртай. Ийм орны жишиг, тийм ч гоё гээд их ярьдаг. Бид ч гэсэн гадаад орнуудын ахмадууд шиг аялмаар байна, зугаацмаар байна, зугаалмаар байна. Гэхдээ бид тэгж ярихгүй байгаа, амьдралынхаа төлөө л гэдэг.

Тэтгэврийн зээлийн хүүг бодитойгоор бууруулмаар байна. Бууруулсан нэртэй ч хүүнээс хүү боддог аргаараа биднээс хүүлж авч байгаа. Ахмадын тэтгэврийг барьцаалсан тэтгэврийг таслан зогсоохыг шаардаж байна. Арилжааны банкууд өнөөдөр төрийн эрх мэдлээс давчихсан, даам гарчихсан байдгаа болимоор байна. Арилжааны банкууд ахмадуудын дайсан биш үйлчлэгч нь байх ёстой" гэв. 

"Г.Занданшатар шиг зээлгүй амьдармаар байна"

Мөн өөр нэгэн ахмад настан "Бид насаараа Монгол Улсдаа амьдарчхаад өөрийнхөө мөнгийг авахын тулд батлан даагч олж ир, үр хүүхдээ авч ир гэдгийг эсэргүүцэж байна. Г.Занданшатар шиг өргүй, зээлгүй болмоор байна. Бидний тэтгэврийн зээлийн батлан даалтыг Улсын Их Хурал, Засгийн газар даах ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг шууд огцруулна. Цагаан сарын өмнө та нар хараарай. Энэ эх орныг бид нар авчирсан. Бидний залуу нас тэнд алга болсон. Насаараа ажилласан мөнгөө дээрэмдүүлж амьдрах ёстой юм уу" гэлээ.