Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр /БЭТ/ ажиллаж байсан Ж.Батзанданг үүрэг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээлгэж өгч байгаа талаараа мэдээлэл өглөө.
Ташрамд дурдахад, БЭТ нь стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр болон хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудын хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрт Эдийн Засаг, Хөгжлийн Яамыг төлөөлөн оролцох үүрэгтэй томилогдож байв.
Ж.Батзандан "Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хэлэлцээ хийх, саналын хувилбар боловсруулж Засгийн газарт хүргүүлэх үүрэг бүхий төлөөлөгч есөн сарын өмнө томилогдсон байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай дөрвөн сар, Г.Занданшатарын Засгийн газартай таван сар хамтарч ажиллалаа. Энэ хугацаанд улс төр ороо бусгаа, Засгийн газрын огцруулах оролдлого гурван удаа явсан.
Ийм хүнд цаг үед БЭТ баялгийн сангийн хэлэлцээрийг ахалж ажиллалаа. Ардчилсан Нам маань засгаас гарч, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас тус намаас томилогдсон бүх хүн авсан ажлаа ном журмынх нь дагуу өгч байгаа.
Монгол Улсын хэмжээнд нийт 16 стратегийн орд байгаа. Мөн энэ жагсаалтад оруулж болохуйц 38 орд бий. 16 стратегийн ордын 5 нь төрийн мэдэлд, 11 нь хувийн хэвшилд байна. Эдгээр 11 ордын 26 аж ахуйн нэгж эзэмшиж байна. 26 аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж, орд тус бүр дээр саналын хувилбар боловсруулж Засгийн газарт хүргүүлж байна.
Миний бие хийсэн ажлуудаа ном журмын хүрээнд Ерөнхий сайдад хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Дараагийн БЭТ томилогдоод миний боловсруулсан бичиг баримт, саналын хувилбаруудыг төрийн ажил болгохын төлөө ажиллана гэдэгт итгэж байна.
Стратегийн 16 орд бүгд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн. Тухайлбал, Эрдэнэтийн үүсмэл ордыг гурван компани эзэмшдэг. Манай Ерөнхийлөгч асан болон түүний Тамгын газрын дарга байсан хүмүүс албан тушаалаа хашиж байхдаа үүсмэл ордыг аваад сүүлийн 10 жилийн хугацаанд 1.8 их наядын борлуулалтын орлого, 950 тэрбумын ашигтай ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, П.Цагаан гуайн гэр бүл ийм орлого хүртэж байна. Энэ бол Үндсэн хууль дахь “Байгалийн баялаг ард түмэнд тэгш шударга хүрэх ёстой” гэдэг зарчмыг зөрчиж байна.
Би өөрийгөө сайн, муу ажилласан гэж дүгнэхгүй. Хийсэн ажил, бичиг цааснууд, баримтууд хэлэх байх. Стратегийн ордын өгөөжийг яаж тооцох вэ, саналын хувилбарыг хэрхэн яаж боловсруулах вэ, ажлын хэсгийг хэрхэн удирдах зохион байгуулах зэрэг олон саналаа бичсэн байгаа. Эдгээр саналыг БЭТ ганцаараа боловсруулаагүй. Мэргэжлийн 30 гаруй шинжээч, зөвлөхүүдэд талархаж байгаагаа илэрхийлье.
БЭТ томилогдоход нэг өрөө, нэг ширээ, нэг сандал гаргаж өгсөн. Найман шинжээч авах боломжоор хангасан боловч өнөөдрийг хүртэл санхүүгийн боломжгүй гээд гурван шинжээчтэй ажиллаж байсан. Төсөв, санхүүгийн эрх мэдэл надад байхгүй. Санхүүгийн эрх мэдлийг Эрдэнэс Тавантолгой хариуцна гэдэг Засгийн газрын тогтоолтой.
БЭТ томилогдсоноос хойш эхний дөрвөн сарын хугацаанд гурван компани төрийн эзэмшлийн 34 хувь дээр тогтсон.
Засгийн газар солигдож, С.Бямбацогт дарга ажлын хэсгийг ахалснаас хойш 34 хувийг нэмэгдүүлэх чиглэлд хэлэлцээр үргэлжлээд явж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!