Японы засгийн газрын цөмийн аюулгүй байдлын агентлагийн нэг ажилтан Хятадад хувийн журмаар аялж байхдаа нууц мэдээлэл агуулсан ажлын гар утсаа гээсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Уг гар утсанд Цөмийн Зохицуулах Газрын нууц төсөлд оролцсон ажилтнуудтай холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл байсан гэнэ.
Тус агентлаг мэдээлэл алдагдсан эсэхийг баталгаажуулж чадаагүй байгааг хэвлэлүүд мэдээндээ дурджээ.
Уг үйл явдал Япон улс арав гаруй жил зогсонги байдалд байсан цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө сэргээж эхэлсэн цаг үетэй давхцаж байна.
2011 оны Фүкүшимагийн гамшгийн дараа тус улс бүх цөмийн реакторуудаа унтрааж байв. Тухайн үед есөн магнитудын хүчтэй газар хөдлөлт, цүнамигийн улмаас Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад томоохон осол гарсан юм. Дээр дурдсан Цөмийн Зохицуулах Газар нь уг гамшгийн дараа цөмийн эрчим хүчний аюулгүй байдалд хяналт тавих зорилготой байгуулагдаж байжээ.
Цөмийн Зохицуулах Газрын ажилтан арваннэгдүгээр сарын гуравны өдөр хувийн шугамаар Хятадад аялахаар Шанхайн нисэх буудалд ирээд ажлын гар утсаа алдсан гэнэ.
Гэхдээ тэр гар утсаа алга болсныг ирснээсээ хойш гурав хоногийн дараа л мэджээ.
Асахи сонины мэдээлснээр Цөмийн Зохицуулах Газар онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авахын тулд зарим ажилтнууддаа гар утас олгож байсан гэнэ.
Гар утсаа хулгайд алдсан ажилтан нь цөмийн цацраг идэвхт материалыг террористуудад алдах гэх мэт аюул заналаас сэргийлэх чиг үүрэгтэй албанд харьяалагддаг болохыг Киодо агентлаг мэдээлсэн байна.
Цөмийн Зохицуулах Газар нууц мэдээлэлтэй гар утас алдагдсан талаар Японы засгийн газрын Хувийн Мэдээллийг Хамгаалах Хороонд мэдэгдэж, ажилтнууддаа ажлын гар утсаа гадаадад авч явахгүй байхыг анхааруулсан гэнэ.
Энэ бол Японы цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн албан тушаалтнууд алдаа гаргасан анхны тохиолдол биш юм.
2023 онд дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станц болох Кашивазаки-Карива станцын ажилтан чухал бичиг баримтуудаа автомашины дээр байрлуулж яваад алдаж байжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус станцын бас нэг ажилтан нууц бичиг баримтуудын хуулбарыг ширээнийхээ шургуулгад хадгалж байсан нь илэрч байлаа.
Энэ долоо хоногт Японы төв хэсгийн Чубу Цөмийн Станцын ажилтан аюулгүй байдлын шалгалтыг чанарын шаардлага хангахгүй аргаар зохион байгуулсан нь илэрсэн тул Цөмийн Зохицуулах Газар тус станцын реакторуудыг сэргээн ажиллуулахад шаардлагатай дүгнэлтийг хүчингүй болгожээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!