Уншиж байна ...

ЭМГЭНЭЛ: Гаваагийн Оюун (1943-2026)

ikon.mn
Өчигдөр 17 цаг 18 минут
ikon.mn
зураг
 

ГАВААГИЙН ОЮУНЫ ДУРСГАЛД

(1943-2026)

Монгол Улсын Гавьяат багш, боловсрол, нийгмийн салбарын зүтгэлтэн Гаваагийн Оюун 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.

“Арвайн” овогт Г.Оюун нь 1943 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Гаваагийн том охин болон мэндэлж, эцгийн гэрт хүмүүжин Арвайхээр хотын 10 жилийн сургуульд бага, дунд ангиа дүүргэж 1960 онд Хужирт сумын 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгссөн. 1966 онд Улсын Багшийн Дээд Сургуульд Орос хэлний багшийн мэргэжил эзэмшиж 1972 онд ЗХУ-д Орос хэлний багшийн боловсролоо дээшлүүлсэн. 1979-1981 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд Төрийн удирдлагын шинжлэх ухааны дээд боловсрол эзэмшсэн.

Тэрээр 1966 онд багшийн мэргэжил эзэмшсэний дараа төрөлх нутаг Өвөрхангай аймгийн Хужирт, Есөнзүйл сумдад арваад жил багшилж, ХХ зууны монголчуудыг бүх нийтээр нь гэгээрүүлж боловсруулсан их үйлст өөрийн хувь нэмрийг оруулан, хөдөөгийн хүүхэд багачуудад тухайн цагийн эрдэм соёл, шинжлэх ухааны түлхүүр болсон гадаад хэлийг эзэмшүүлэхээр зорьсон, хүндлэлт багш, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч байв.

ЗХУ-д суралцаж ирээд 1974 оноос Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга, аймгийн захиргааны гишүүнээр томилогдон ажиллахдаа хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, соёл, боловсролыг дэмжих, тэдний ахуй нөхцөлийг сайжруулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад өөрийн сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад эх орноо төлөөлөн “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн үнэлүүлж асан нь түүний эмэгтэйчүүдийн төлөөх эрхэм үйл хэрэг, үнэт зүйлийг гэрчилдэг. Тэрээр хожмоо 1987-1990 онд Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар улиран ажилласан жилүүддээ Өвөрхангай аймагтаа анхны өөрийгөө санхүүжүүлэх чадвартай аж ахуй болох Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэдэх хоршоо байгуулж шилжилтийн хүнд бэрх жилүүдэд эмэгтэйчүүдэд аж ахуй эрхлэх боломж, суурийг тавьсан юм.

Г.Оюун бол улс ардын аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх, шинэ соёл иргэншлийг хөдөө нутагт бий болгохын төлөө өөрийн оюун, чадавхаа дайчилсан нийгмийн зүтгэлтэн байлаа.

1981 онд Өвөрхангай аймгийн Техник Мэргэжлийн Сургуулийн Намын байгууллагын дарга, 1982-1985 онд Өвөрхангай аймгийн Сант сумын Намын хорооны Нарийн бичгийн даргаар ажилласан нь сумын намын байгууллагын анхны эмэгтэй удирдлага болж байв. Улмаар 1985-1987 онд Арвайхээр хотын Намын хорооны даргын үүрэгт ажлыг тус тус эрхэлж хөдөө аж ахуйн нэгдлийн үр ашгийг дээшлүүлэх, мал сүргийн тоо толгойг өсгөх, аймаг сумын тохижилт, ажил үйлчилгээний чанарыг сайжруулах тэргүүтэй тухайн үеийн төрийн чиг үүргийг хариуцан эрхлэх намын ажлын хүрээнд шинэчлэлт, өөрчлөлт, хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан төрт нийгмийн залгамж халаа байлаа.

Монголын төр Гаваагийн Оюуны энэ эрхэм сэтгэл, үйлсийг үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын Гавьяат багш цол хүртээн зарлигтаа мөнхөлсөн билээ.

Монголын мянга мянган эмэгтэйчүүдэд “Бусдыг энэрэн хайрладаг шигээ өөртөө хайртай байж, өөрийгөө хүндлэн үзэхийн утга учир нь гэр бүл, нийгмийг бат бэх байлгах түлхүүр нь юм” гэдгийг чандлан ухааруулж өөрийн ухамсарт амьдралаа зориулсан, замнал, үйл хэргийг тань бид зүрх сэтгэлдээ мөнхөд хайрлан дурсах болно.

 

Монгол Улсын Гавьяат багш, боловсрол, нийгмийн салбарын зүтгэлтэн Гаваагийн Оюуны хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчид, олон олон шавь нараас нь...