Шинэ оны босгон дээр УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Улсын тэргүүний “Ган зам” 179-р цэцэрлэг шинэ байрандаа нүүн орсон. Тус цэцэрлэг шинэ байртай болсноор сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмж дээшлэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм.
Урьд нь тус цэцэрлэг 125 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадалтай байсан бол шинэ байртай болсноор 200 хүүхдийг хамран сургах боломжтой болжээ.
Мөн тус цэцэрлэгийг барихдаа MNS 6558 стандартын дагуу хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлсэн байна. Цэцэрлэгийн нэг онцлог давуу тал нь усан бассейнтай юм.
Тус цэцэрлэгт УБТЗ-ын ажилтнуудаас гадна Баянгол дүүргийн 2-р хорооны хүүхдүүд хамрагдах боломж нэмэгдэж байна.
“Ган зам” цэцэрлэгийн шинэ барилгыг “УБТЗ” ХНН өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж барьжээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянган төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд нийслэл, аймаг орон нутаг дахь өөрийн харьяаны 27 цэцэрлэгээрээ дамжуулан төмөр замчдынхаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгодог юм.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!