2026 оны эхний найм хоногт 35,000 тонн АИ-92 шатахуун, 40,000 тонн дизель түлш импортоор авсныг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас өнөөдөр мэдээллээ.
Ингэснээр улсын хэмжээнд АИ-92 шатахууны ердийн хэрэглээний 15, дизель түлшний 20 хоногийн нөөцтэй болжээ.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай "Нэгдүгээр сард 136,000 тонн АИ-92 шатахуун захиалсан. Үүний 50 хувь нь энгийн АИ-92, 50 хувь нь Евро-5 стандартын автобензин. Уг хоёр бүтээгдэхүүнийг ялгаагүй юм байна гэх нь бий. Нэг, хоёр удаад хийхэд ялгаа мэдэгдэхгүй. Евро-5 стандартын бензин нь шатамхай бөгөөд энгийн АИ-92-оосоо 5-10 хувь илүү зарцуулалттай. Энгийн шатахуун нь илүү ашигтай байна гэж хүмүүс харж байгаа байх. Гэхдээ эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, техникээ бодох ёстой. Аажмаар энэ стандартын бүтээгдэхүүн рүү шилжих ёстой.
Нийслэл хотын тухайд 2026 онд шилжих захирамж гарсан. Үүнийгээ хэрэгжүүлэх байх. Манай улсад шатахуун нийлүүлж буй Ангарскийн үйлдвэр анх 2025 онд Евро-5 руу 100 хувь шилжинэ гэж байснаа нөхцөл байдлаасаа хамааран хойшлуулж байгаа. Үйлдвэр нь 100 хувь шилжвэл бид хүссэн, хүсээгүй шилжинэ" гэлээ.
Энгийн болон Евро-5 стандартын шатахууны үнэ 400-500 төгрөгийн зөрүүтэй байгааг тэрбээр мөн дурдав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!