Хятадын хакерууд АНУ-ын батлан хамгаалахын болон санхүүгийн компаниудыг мөрдөх боломж олж авахын тулд Форбес цахим хуудсанд халдсан тухай The Washington Posy мэдээллээ.
Энэ компанийн цахим аюулгүй байдлын салбарт ажилладаг мэргэжилтнүүд судалгаа хийн, 2014 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ынх байж мэдэх үл мэдэгдэх хакерууд Форбес цахим хуудсан дахь “Thought of the day” модулийн программын кодыг өөрчилсөн гэдгийг илрүүлжээ.
Ингэснээр хэрэглэгч цахим хуудсанд нэвтрэх үед түүний компьютерт вирустэй, хортой программ хангамж сууж байжээ. Хакеруудын халдлагын улмаас 2014 оны арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд Форбес цахим хуудсанд зочилсон хэрэглэгчид хохирсон байж болзошгүй хэмээн компанийн зүгээс мэдэгджээ.
Хакерууд Internet explorer браузер болон Adobe Flash player программ ашигласан гэнэ. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэ халдлагыг Codoso хэмээх хакеруудын бүлэг үйлдсэн байх магадлалтай юм байна.
The Washington Post сонины мэдээлснээр өмнө нь Хятадын хакеруудын энэ бүлэг АНУ-ын санхүү, эрчим хүч, төрийн компаниуд, төрийн байгууллагуудын систем рүү халдаж байсан гэнэ. Мэргэжилтнүүдийн тодруулснаар хакерууд хортой программ хангамжийн тусламжтайгаар зарим батлан хамгаалах болон санхүүгийн байгууллагуудыг ажиглаж байжээ. Гэхдээ тэд Форбес цахим хуудаснаас ямар нэг мэдээлэл олж авч чадсан эсэх нь тодорхойгүй байна.
Дашрамд дуулгахад АНУ-ын зүгээс Хятад болон ОХУ-ыг цахим аюул занал учруулагч гол орнууд хэмээн нэрлэж байсан юм. 2011 оны арваннэгдүгээр сард Үндэсний тагнуулын албаны газар АНУ-ын Конгресст тавьсан илтгэлдээ энэ хоёр орны хакерууд цахим ертөнцөөр дамжуулан эдийн засаг болон батлан хамгаалахын мэдээлэл хадгалагдаж байгаа хамгаалагдсан серверт нэвтрэх оролдлого идэвхтэй хийсээр байгааг онцолсон байв.
Харин Хятад улс цахим орон зай дахь аливаа төрлийн үйлдэлд оролцоогүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: bbc.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!