Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд Японд довтолсон түүх

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

1266 онд Монголын хаан Хубилай Хятадыг бүхэлд нь эзлэх байлдан дагуулалтаа түр завсарлаад байхдаа Японы эзэн хаанд захидал илгээжээ.

Захидалд Японы эзэн хааныг “бага орны захирагч” хэмээн нэрлэж түүнд дагаар орохыг зөвлөн, үгүй бол… гэсэн утгатай үгс дайжээ.

Гэвч Их хааны туршуулууд ямар нэгэн хариугүй Японоос буцаж ирэв.

Дараагийн зургаан жилд нь Хубилай хаан таван удаа элч илгээсэн ч Японы шогун тэднийг хүлээж аваагүйгээр барахгүй Хоншю арал дээр буухыг нь ч хориглосон байна.

1271 онд Хубилай хаан Сүн улсыг бут цохиж өөрийгөө Хятадын Юань гүрний анхны эзэн хаанаар өргөмжлөв.

Чингис хааны ач хүү болох Хубилай Хятадыг бүхэлд нь мөн нэмж Монгол, Солонгосыг захирч байхад түүний авга, үеэлүүд нь баруун зүгт Унгараас, зүүн зүгт Сибирийн зүүн хэсэг дэхь Номхон далайн эрэг хүртэл нутгийг захирч байлаа.

Монголын Эзэнт гүрний хаад хөршүүдийнхээ тоомжиргүй занг тэвчдэггүй байв.

1272 оны эхээр Хубилай хаан Японд цохилт өгөхөөр төлөвлөж эхлэжээ. Түүний зөвлөхүүд хангалттай тооны далайн онгоцнууд босгох хүртэл тэвчээртэй хүлээхийг зөвлөв. Монголчууд Өмнөд Хятад, Солонгосын усан онгоц бүтээгчдэд 300-600 хөлөг бүтээх даалгавар өгч 40,000 цэрэгтэй армийг эмхэлжээ.

Армийн офицеруудын ихэнх нь Монголчууд байсан ч цэргүүдийн дийлэнх нь Хятад болон Солонгос үндэстнүүд байлаа.

Энэ их хүчний эсрэг Япончууд зөвхөн 10,000 хүнтэй армийг байнгын зөрчилтэй байдаг самурайн бүлгүүдээс цуглуулж чадах байв.

Японы дайчид үнэхээр хүч дутуу байлаа.

 

Эхний довтолгоо, 1274 онд


 

Солонгосын өмнөд эрэг дэх Масан боомтоос Монголчууд эхний довтолгоогоо 1274 оны намар хийв. Хэдэн зуун том хөлгүүд, түүнээс ч олон жижиг завьнууд Япон тэнгист гарлаа.

(Нарийн тоо нь тодорхойгүй ч 500-900 орчим гэдэг)

Эхлээд тэд Солонгосын эргээс Японы гол арал хүртлэх замын яг дунд орших Цушима болон Ики арлуудыг эзлэв. Эсэргүүцэл үзүүлсэн арлын 300 орчим Япон иргэдийг хүйс тэмтрээд цааш зүүн зүгт хөвжээ.

11 дүгээр сарын 18-нд Монголын флот Кюүшү арлын Хаката тохойд өнөөгийн Фукуока хотын ойролцоо хүрэв.

Энэ үед болж өнгөрсөн түүхийн ихэнхийг Монголчуудын хоёр удаагийн довтолгоог эсэргүүцэх тулаанд оролцож байсан Такезаки Суенага хэмээх самурайн бичүүлж үлдээсэн хуйлмал судраас ашигласан байдаг.

Суенагагийн дурссанаар самурай нар өөрсдийн Бушидо дүрмийн дагуу эгнээнээс урагш гарч нэр, гарал угсаагаа зарлан нэг нэгээр тулалдах тулаанд ордог байж. Харамсалтай нь Монголчууд энэ дүрмийг огт мэдэхгүй байлаа.

Ганц самурай урагш алхан ирүүл тулаанд дуудахад Монголчууд бөөнөөрөө дайран орж байжээ. Яг л цохон дээр овоорох шоргоолжнууд шиг.

Бас нэг хүндрэл нь Юань гүрний дайчид хордуулсан сум, тэсрэх бодис харвагч, самурайн урт нумнаас богино хэрнээ илүү нарийвчлалтай, хоёр дахин хол тусдаг нумаар зэвсэглэжээ.

Үүнээс гадна Монголчууд ганц нэгээр бус бүлгээр тулалдаж байв.

Бөмбөрийн цохилтын хэмнэлээр тэдний довтолгоог маш нарийн зохион байгуулж байжээ.

Энэ бүхэн самурай нарын хувьд цоо шинэ зүйлс байлаа.

Эхний өдөр Такезаки Суенага болон түүний гэрээс ирсэн бусад гурван дайчин морьноосоо салж бүгд хүнд шархдсан байна. Сүүлд шинээр хүч нэмэхээр ирсэн 100 гаруй Япон дайчид тэдний амийг аварчээ.

Шархадсан самурай нар шөнө нь эргээс буцаж өглөө нь дахин сэлбэсэн хүчийг илгээхээр шийдээд байв. Гэвч шөнө хүчтэй салхи гарч ширүүн бороо орж эхлэв.

Энэ үед хөлөг онгоцон дээрх Хятад, Солонгос далайчид Монгол удирдагчдаа зангуугаа татаж буцан далайд гарах тушаал өгөхийг ятгаж байжээ. Учир нь хүчтэй шуурга, давалгаа хөлгийг нь Хакада тохойд хайргадуулж болзошгүй байв.

Монголчууд ч зөвшөөрч их флот задгай далайд гаран хар салхийг сөрөн хөвж эхэлжээ.

Үүнээс хоёр хоногийн дараа Юань гүрний флотын гуравны нэг нь Номхон далайн ёроолд хэвтэж 13,000 дайчид, далайчид живсэн байна.

Үлдсэн хүмүүс нь ч нутгийн зүг жолоо залж Япон орон нэг удаадаа Их хааны довтолгооноос хамгаалагдав.

 

Хүйтэн харилцаа ба долоон жилийн завсарлага


 

Хубилай хаан Дайду (одоогийн Бээжин) хотод өөрийн флотын азгүйтлын талаар бодож суухад самурай нар Камакурад засгийн газрынхаа шагналыг хүлээн сууж байлаа.

Уламжлал ёсоор бол дотоодын тулаанд ялсан самурай дайсныхаа газар нутаг, хөрөнгөөс хувь хүртэх эрхтэй байв.

Гэвч энэ удаа дайсан гаднаас ирсэн тул эзэмших хөрөнгө үлдсэнгүй. Засгийн газар ч олон мянган самурайд Монголчуудтай тулалдсаных нь төлөө шагнах боломжгүй байв.

Такезаки Суенага зоримог алхам хийж хоёр сар орчим хугацаанд аялан Камакура дахь шогуны шүүхэд зочилж өөрийн биеэр гавьяагаа мэдүүлжээ. Суенагаг агт морь болон Кюүшү арал дахь үл хөдлөх хөрөнгөөр шагнасан байна. Нийт тулаанд оролцсон 10,000 самурай нараас дөнгөж 120 нь ямар нэг шагнал хүртсэн гэдэг.

Энэ явдал нь үлдсэн бусад самурай нарт таатай сэтгэгдэл үлдээгээгүй нь ойлгомжтой.

Самурай нар ийнхүү шагнал нэхэж суух зуур Хубилай хаан Японы эзэн хааныг Дайдуд ирж өөрт нь мөргөхийг шаардсан захидал өвөртөлсөн зургаан хүнтэй төлөөлөгчдийн багийг илгээжээ.

Үүний хариуд Япончууд Хятад элч нарын толгойг авч Монголчуудын элч нарт халддаггүй хуулийг ноцтой зөрчсөн байна.

Япон хоёр дахь тулаанд бэлдэж эхлэв.

Кюүшү арлын захирагч нар бүх цэрэг зэвсгээ нэгтгэн зохион байгуулжээ. Үүнээс гадна Кюүшүгийн газрын эздэд 40 км орчим урт, 2-4 метр өндөртэй хамгаалалтын ханыг Хаката тохойн эрэг дагуу босгох даалгавар өгчээ.

Таван жил үргэлжилсэн энэ ажилд оролцсон газрын эзэд өөрийн эзэмшлийн хэмжээгээр хана босгосон байна.

Энэ зуур 1280 онд Хубилай хаан засгийн газартаа шинэ нэгж болох Японыг Байлдан Дагуулах яам байгуулжээ.

Энэ яам нь хоёр хэсэгтэй довтолгоогоор дуулгаваргүй Японуудыг буулгаж авах төлөвлөгөө боловсруулав.

 

Хоёр дахь довтолгоо, 1281 онд


 

1281 оны хавар Япончууд Юань гүрний хоёр дахь довтолгоо айсуй тухай сонсжээ.

Самурай нар илдээ ирлэн, Шинтогийн дайны бурхан Хачиманд мөргөж байлаа.

Хубилай энэ удаа Японыг бут ниргэхээр шийджээ. Тэр долоон жилийн өмнөх довтолгоо нь дайтах чадвар дутсанаас болоогүй, харин цаг агаарын улмаас азгүйтсэн явдал гэж үзэж байв.

Хоёр дахь довтолгоонд бэлтгэл сайтай байсан Япончууд 40,000 орчим цэрэг, бусад хүмүүсийг дайчлахаар болжээ.

Хаката тохойн эрэг дагуух ханын цаана цугласан самурай нар баруун зүгт нүд цавчилгүй ширтэж байлаа.

Монголчууд энэ удаа хоёр хэсэг хүч илгээжээ. 40,000 Солонгос, Хятад, Монгол дайчид суулгасан 900 хөлөг Масан боомтоос гарав. Харин араас нь бүр том 100,000 цэрэгтэй 3,500 хөлөг Өмнөд Хятадын эргээс гарсан байна.

Японыг Байлдан Дагуулах Яамны энэ төлөвлөгөөг Юань гүрний флотуудын ялагдашгүй хавсарсан цохилт хэмээн нэрлэж байв.

1281 оны зургаадугаар сарын 23-нд Солонгосоос гарсан флот Хаката тохойд хүрч байхад Хятадаас гарсан флот сураггүй л байлаа. Юань гүрний бага хүч ханыг эвдэн довтлох боломжгүй байсан тул тулаан зогсонги байдалд шилжив. Самурай нар харанхуйг ашиглан жижиг завиар хөлгүүд рүү довтлон тулалдаж гал тавиад эрэг руу буцаж байлаа.

Самурай нар Монголчуудын хөлөг рүү довтолж байгаа нь

Энэхүү шөнийн довтолгоон нь Монголчуудад эзлэгдээд удаагүй байгаа нутгаас татагдсан цэргүүдэд сэтгэлзүйн хүнд цохилт өгч байв. Ойролцоо хүчтэй талууд ийм байдалтайгаар Хятадаас ирэх нэмэлт хүчийг 50 хоног хүлээжээ.

Наймдугаар сарын 12-нд Юань гүрний гол флот Хаката тохойд хүрлээ. Өөрөөсөө гурав дахин их хүчтэй тулсан самурай нарт энэ удаа ялагдахаас өөр зам үлдээгүй байв. Амьд үлдэх багахан найдвартай, бас ялвал шагнал авах өчүүхэн итгэлтэйгээр самурай нар хүч тэнцвэргүй тулаанд орлоо.

 

Япончуудын аврал


 

Энэ удаа байдал тун хүнд байв. Хэрвээ самурай нарыг Монголчууд хүйс тэмтэрч, Япон орон Монголын дарлалд орвол юу болох байсныг хэн ч мэдэхгүй.

Гэвч 1281 оны наймдугаар сарын 15-нд хоёр дахь далайн хар салхи Кюүшүг чиглэн ирж байлаа. Хааны 4,400 хөлөг онгоцноос хэдхэн зуу нь шуургыг тэсч үлдэв.

Бараг бүх эзлэн түрэмгийлэгчид далайд живж үлдсэн хэдхэн мянган дайчныг нь самурай нар өршөөлгүйгээр хядаж дуусгажээ.

Маш цөөн тооны хүн Дайду хотод эргэн очиж үзсэн харсан түүхээ ярьсан билээ.

 

Үр дагавар


 

Япончууд тэдний бурхан Япон орныг Монголчуудаас аврахаар хоёр удаа их хар салхи илгээсэн гэж үздэг.

Энэ шуургыг Япончууд камиказэ буюу “бурхны салхи” гэж нэрлэдэг юм. Хубилай хаан ч Япон бол байгалийн их хүчний хамгаалалтан дор оршдогт үнэмшээд дахин довтлох санаагаа орхисон байна.

Харин Камакура дахь засгийн газарт гамшиг нүүрлэв. Самурай нар гурван сар Монголчуудтай дайтсаныхаа шагналыг нэхэж эхлэжээ. Үүнээс гадна сүм хийдийнхэн хар салхи дуудан мөргөл үйлдсэнийхээ шагналыг нэхэж байлаа. Тэд өөрсдийнх нь мөргөл, тарнийн ачаар хар салхи ирсэн гэж итгэж байв.

Засгийн газар бас л энэ удаа багахан шагнал тараажээ. Ихэнх нь сүм хийдийнхэнд очсоны учир нь тэд нийслэлд самурай нараас илүү нөлөөтэй байв. Суенага энэ удаа шан харамж нэхсэнгүй, харин оронд нь хоёр удаагийн довтолгоонд өөрийнх нь оролцсон түүхээ бичүүлж үлдээхийг хүсчээ.

Камакурагийн засгийн газарт сэтгэл хангалуун бус үлдсэн бүх зиндааны самурай нарын сөрөг нөлөө дараагийн хэдэн арван жил үргэлжлэв. Хүчтэй удирдагч Го-Дайго 1318 онд засгийн газрыг сөрөн босоход самурай нар хамгаалсангүй. Хүнд хэцүү дотоодын дайн 15 жил үргэлжилсний эцэст Камакурагийн засгийн газар унаж Ашикага Шогуны засаглал Японд тогтов.

Ашикагагийн гэр бүл болон бусад бүх самурай нар камиказэгийн түүхийг алдаршуулж энэ домгоор Японы дайчид хэдэн зуун жил урамшин зоригжиж иржээ.

Хамгийн сүүлд гэхэд Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр (1939-1945) Японы эзэн хааны цэргүүд Номхон далайд холбоотны армитай тулалдахдаа камиказэг дууддаг байсан гэдэг.

 

 

Эх сурвалж: asianhistory.about.com