Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Ерөнхийлөгчийг зарлах хүртэл гурван сая дахь иргэний аав, ээж нь ч мэдээгүй байсан”

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гурван сая дахь иргэн нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн Г.Аззаяа, Э.Хатанболд нарын ууган охин болон мэндэлжээ.

Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг ямар аргачлалаар тодруулсан талаар Үндэсний Статистикийн Хорооны дарга М.Мэндсайханаас тодрууллаа.  

-Гурван сая дахь иргэнийг ямар аргачлалаар тодруулсан бэ?

-Бид журам батлахдаа бүх төрөлтийг нэг бүрчлэн бүртгэж, нас баралтыг сүүлийн гурван жилийн нэгдүгээр сарын дунджаар тооцож хүн амынхаа тоог тодорхойлсон.

2015 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын хүн ам 2 сая 995 мянга 949 байсан. Үүнээс хойш өдөр бүр бүх төрөлтийг бүртгэсэн. Түүнээс хойш төрсөн хүүхдүүдийн цагийг дараалуулан жагсаасан. 

Харин сүүлийн гурван жилийн нэгдүгээр сарын дунджаас үзэхэд 32 минут тутамд нэг хүн нас барж байна гэсэн тооцоо гарсан. Тэгээд энэ тооцооллын үндсэн дээр нэгдүгээр сарын 24-ний өглөөнөөс эхлээд төрөхөд 73 дахь төрөлт нь Монгол Улсын гурван сая дахь иргэн болно гэсэн тооцоо гарсан.

Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн бүх хүүхдийг үе чацуутнаар тодруулсан.

-Нас чацуутнууд нь ямар аймгуудаас төрсөн бэ?

-Түүнийг хэлж мэдэхгүй байна. Манай сайт дээр тавигдана. Мөн ойрын өдрүүдэд төрсөн хүүхдүүдийн мэдээллийг байршуулна. Төрөлтийн 40-50 хувь нь нийслэл хотод төрж байгаа. 

-Манай улсын хүн ам хэрхэн нэмэгдэж байна вэ. Дөрвөн саяулаа болоход хэдий хугацаа шаардагдах вэ?

-Монгол Улсын хүн ам 1962 онд нэг сая, 1988 онд буюу 26 жилийн дараа хоёр сая хүрсэн. Үндсэндээ 26 жил гаруй жилийн дараа манай улсын хүн ам дахин саяар нэмэгдлээ.

26 жил гаруй жилийн дараа манай улсын хүн ам дахин саяар нэмэгдлээ.

Тэгэхээр ийм хугацаанд дахин нэг саяар нэмэгдэнэ. Дөрвөн саяулаа болох эрмэлзэл рүү тэмүүлж байгаа энэ үед анхаарах зүйл бий.

Сүүлийн жилүүдэд төрөлт байнга нэмэгдэж байна. 2013-2014 онуудын төрөлт өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдэж 80 гаруй мянга болсон. 1990-2000 онуудад төрөлт эрс багассан. Энэ үед төрсөн хүүхдүүд одоо өөрсдөө нөхөн үржихүйн насанд хүрээд байгаа. Хүн амаа өсгөхийн тулд 1990-2000 онд төрсөн төрөх насны эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийг дэмжих бодлогыг төр засгаас явуулах хэрэгтэй. 

-Яг өнөөдрийн байдлаар манай улсын хүн ам хэд хүрээд байна вэ?

-Яг тодорхой тооцоо гаргаагүй байна. Дунджаар гурван сая 400-500 /3,000.400/ орчим байгаа гэж тооцоолж байна. 

-Гурван сая дахь иргэн энэ сарын 24-нд төрсөн. Яагаад ийм орой зарлаж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, 24-н хагас сайн, 25-н бүтэн сайн байсан. 24-25-ны өдрүүд гадаадад Монголын иргэн мэндэлсэн байх боломжтой байсан. Тэр хүүхдүүд Консулын газартаа бүртгүүлэхийн тулд ажлын өдөр буюу 26-ны өдрийг хүлээх хэрэгтэй болсон. АНУ-д 26-н болж байхад манай энд 27-н болж байсан гэсэн үг. Тиймээс бид 27-ыг дуустал хүлээсэн. 

Хоёрдугаарт, гурван сая дахь иргэнийг энэ сарын 19-өөс хойш төрнө гэж тооцоод 26-ыг дуустал мэдээлэл авсан.
 

Өчигдөр орой 19-өөс хойших бүх төрөлтийн мэдээллийг цуглуулаад үзэхэд 23-ны шөнийн байдлаар Монгол Улсын хүн ам 2 сая 999 мянга 943 байсан.

Гурван сая болоход 57 хон хүүхэд дутуу байсан. Өөрөөр хэлбэл, бид 24-нд гурван сая дахь иргэн төрсөн юм байна гэж мэдсэн.

Тэгээд энэ өдөр төрсөн бүх хүүхдийнхээ мэдээллийг шалгасан. Цаг минут, овог нэр нь зөв эсэхийг нягталсан. Ингээд 181 хүүхдээс Өмнөговь аймагт төрсөн хүүхэд гурван сая дахь иргэн байна гэж тогтоосон.

Үндэсний Статистикийн Хорооны даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд тэндээсээ шууд гараад комиссын хурлаар оруулаад Ерөнхийлөгчид айлтгасан. Өнөөдөр зарлах хүртэл гурван сая дахь иргэний аав, ээж нь ч мэдээгүй байгаа. Бид мэдээд л Ерөнхийлөгчид танилцуулаад, олон нийтэд мэдэгдэж байгаа нь энэ юм.