Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсныг өнөөдөр зарласан. Гурван сая дахь иргэн болж мэндэлсэн охинд улсаас ямар халамж, үйлчилгээ үзүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг олгоно
-Гурван сая дахь иргэн болж мэндэлсэн иргэндээ Монгол Улс ямар бэлэг барих вэ?
-Монгол Улсын гурван сая дахь иргэн болж төрсөн хүүхдэд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 70 сая төгрөг олгоно.
Харин гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн эхний 30 хүүхдэд тухайн аймаг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 70 хүртэлх сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал олгох эрхийг өгсөн байгаа.
Засгийн газрын тогтоолоор тухайн аймаг, дүүргийн Засаг дарга, ИТХ-д нь дээрх эрхийг шилжүүлсэн гэж ойлгож болно.
-Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гурван сая дахь иргэн болж төрсөн охиныг алдаршуулах ажил хэзээнээс эхлэх вэ?
-Дөнгөж төрсөн хүүхдийн зураг хөргийг нь хамаагүй авдаггүй Монгол уламжлал бий. Тэгэхээр аав, ээжийнх нь зөвшөөрлийг авч, тодорхой эрхзүйн орчин бүрдүүлж байж энэ асуудлыг ярина.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдана. Түүгээр гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг хэрхэн, яаж алдаршуулах вэ гэдгийг ярилцаж шийдвэр гаргана.
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба: Гурван сая дахь иргэн маань айлын ууган охин
-Гурван сая дахь иргэний маань эрүүл мэндийн байдал болон ээжийнх бие ямар байгаа вэ?
-Монгол Улсын гурван сая дахь иргэн маань 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08.27 цагт эх орондоо мэндэлсэн. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт 3500 гр жинтэй, 50 см өндөртэй охин төрсөн. Одоогийн байдлаар эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Гурван сая дахь иргэн маань тухайн гэр бүлийн анхны хүүхэд. Гурван сая дахь иргэн маань эх орондоо айлын ууган охин болж ирсэн.
-Чацуутнуудаар нь хэдэн хүүхэд тодруулсан бэ?
-24-ний өдөр нийт 181 иргэн мэндэлсэн. Үүнээс гурав нь хилийн чанадад буюу АНУ-д төрсөн.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гурван сая дахь иргэндээ яаж үзүүлэх вэ. Ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал байх уу?
-Үүнийг үдээс хойш хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Гурван сая дахь иргэнийг төрүүлсэн эх болон бусад чацуутнуудтай нь холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!