ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өлсгөлөн, ядарсан үед зүү эмчилгээ хийдэггүй

Р.Оюун
2014 оны 12 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Сүүлийн үед дүүргүүдийн эмнэлэгт уламжлалтын тасаг нээгдэн мэдлэг, боловсролтой залуу эмч нар өвчтөнүүдэд үйлчилж байна. Үүний нэг “Баянзүрх” дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасгийг зорьсон юм.

Энэ тасаг хоёр жилййн өмнө 23 ортой байгуулагджээ. Өнөөдөр энэ тасагт ӨМӨЗО-ы хоёр эмч урилгаар, уламжлалтын дөрөв, едрийн эмчилгээний нэг эмч, нэг сувилагчтайгаар 23 төрлийн уламжлалт эмчилгээ хийж байна.

Иргэд уламжлалтын Тасагт хэвтэж эмчлүүлэхээс гадна зав зайгаа зохицуулан өдрийн эмчилгээ хийлгэж байлаа.

Зүү эмчилгээг эртнээс улбаатай гэдэг. 

Манайхан сүүлийн үед европ гэхээсээ илүүтэйгээр уламжлалт эмчилгээ ,тэр дундаа зүү, төөнүүр, бариа заслыг жилийн дөрвөн улирал харгалзахгүйгээр хийлгэдэг болжээ.

Зүү эмчилгээг эртнээс улбаатай гэдэг. Зарим ном сударт бичсэнээр сэлэм, жад хэрэглэн дайтах болсон үеэс л анхны суурь нь тавигдсан гэж үздэг.

Зүүний тусламжаар зөвхөн мэдрэлийн ажиллагааг сэргээгээд зогсохгүй мэдрэлийн дамжуулалтын чиглэлийг өөрчлөх буюу бүр зогсоодог гэнэ.

Тухайлбал, зүү, төөнүүр эмчилгээ их хөгжсөн Солонгос, Хятад, Вьетнамд зүү тавьж мэдээ алдуулж мэс засал хийх арга өргөн нэвтэрчээ. Зүү эмчилгээг нарийн мэргэжил эзэмшсэн эмч, мэргэжилтнүүд хийдэг аж.

Энэ мэргэжлийг олон жил суралцаж дадлагажиж байж эзэмшдэг ажээ. Зүү эмчилгээг ямар өвчин, эмгэгт хэрэглэхээс хамааран зориулалтын алт, мөнгө, зэс, ган гэсэн зүүг сонгодог ажээ.

Энэ талаар Уламжлалт тасгийн их эмч Э.Хонгорзулаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Зүү эмчилгээг ямар өвчний үед хийдэг юм бэ. Алт, мөнгө, зэс, ган зүү хоорондоо ямар ялгаатай вэ?

-Манай улсад сүүлийн үед уламжлалт эмчилгээ, Монгол анагаах ухаан хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад уламжлалт эмчилгээний төрөл нэмэгдэж байгаа.

Хүний биед хэдэн зуун идэвхтэй цэгүүд байдаг.

Зүү эмчилгээг тухайн өвчтөний өвчний байдлаас хамаарч тохируулан хийдэг. 

Цэг бүр өөрийн гэсэн онцлогтой. Зүү эмчилгээг тухайн өвчтөний өвчний байдлаас хамаарч тохируулан хийдэг.

Зүү эмчилгээ их нарийн. Эдгээр цэгийн ихэнх нь эмзэг байх ба амьдралын гол цэгүүдтэй ойролцоо эсвэл давхцсан байдаг.

Тиймээс таамгаар эсвэл оновчгүй хийсэн хатгалт хүний амь насанд аюул учруулахаас гадна мэдрэлийн сааталд оруулж, аль нэг мөч нь мэдээгүй болох, хараа, сонсголгүй болох эрсдэл дагуулдаг. Толгой, хүзүү, нүүр, гар, чих, их биед зүү, цахилгаан зүү эмчилгээ хийнэ. Мөн мөнгөн зүүн эмчилгээ бий.

Мөнгөн зүүг:

  • Суудлын мэдрэлийн өвчин,
     
  • Бөөрний үрэвсэл,
     
  • Нурууны өвдөлтүүд,
     
  • Гэмтлийн дараах тулгуур хөдөлгөөний эрхтний өөрчлөлтүүдэд голчлон хэрэглэдэг.

Зүү эмчилгээ хийлгэж байхдаа гам, дэглэм сайн барих шаардлагатай.

Тухайлбал хоол, ундандаа сайн байх, шим тэжээлтэй хоолыг хүнсэндээ хэрэглэх, архи, дарс уухгүй байх, хүйтэн ус, бороонд норж, хөлдүү мах барьж болохгүй. Мөн хэт өлсгөлөн, хэт ядрах их сандарсан үед зүү эмчилгээ хийдэггүй.

-Энэ эмчилгээг хэдэн удаа хийлгэвэл үр дүнтэй байдаг вэ. Зүүгээ хаанаас оруулж ирдэг вэ?

-10-14 хоног нь нэг курс болдог. Зүү эмчилгээ нь хүний биеийн дархлааг сайжруулж, хорыг гадагшлуулдаг  учраас стресс, ядаргаанд их сайн байдаг.

Зарим хүн зүү эмчилгээг турах, хоолны дуршил бууруулах зорилгоор хийлгэх хүсэлтэй байдаг болохоор бид энэ чиглэлээр зүү тавьдаггүй. Манайх Солонгосын нэг удаагийн зүү хэрэглээд хаядаг.

-Танайх саяхан шинэ өрөө нээсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай тасагт одоогоор артерын дарал өндөр, зүрх судас, ходоод,  цөс, болон харвалтын дараах саа саажилттай хүмүүс эмчлүүлж байна.

Манайх саа саажилттай  үйлчлүүлэгч нартаа зориулж тусгай хөдөлгөөн заслын дасгалын өрөө бэлдсэн байгаа. Мөн бүтэн биеийн болон хэсэгчилсэн, тосон, сүүн бариаг хийж байна.

-Та хаана сургууль төгссөн бэ. Энэ мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би 2012 онд ӨМӨЗО-ы Үндэсний их сургуулийн Монгол эмнэлэг, уламжлалт эмчилгээний ангийг төгссөн. Зүү эмчилгээг их удаан хугацааны турш суралцаж байж эзэмшдэг.

Би энэ чиглэлээр ӨМӨЗО-д оюутан байхаасаа мэргэжлийн магистр, доктор эмчийг дагаж суралцсаар төгссөн. Энэ мэргэжлээрээ Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт тасгийн их эмчээр хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Зураг