Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг борлуулалттай АРВАН ном

ikon.mn
2014 оны 12 сарын 8
iKon.MN

Интерном их дэлгүүрийн өнгөрсөн долоо хоногийн  /2014.12.01-12.07/ шилдэг борлуулалттай 10 номын жагсаалтыг, танилцуулгын хамт хүргэж байна.  

Уран зохиолын төрлийн шилдэг борлуулалттай ТАВАН ном 

1. “Зуун жилийн ганцаардал”- Г.Г.Маркес
Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ. Үүгээр ч зогсохгүй манай уран зохиол сонирхогчдын хамгийн өндрөөр үнэлдэг, унших дуртай зохиолуудын нэг байж чаддаг.

 

2.“Луун шивээст охин”- Стиг Ларсон 
Хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор, цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл бол “Луун шивээст охин” юм.  Хээл хахуулийн сүлжээ, хуулийн цоорхой, гэр бүлийн тэмцлийг нэгтгэн харуулсан энэхүү ном шилдэг борлуулалттай байгаа бөгөөд мөн л Стиг Ларсон бичсэн юм.

 

3. “Зөгийн үүр бусниулсан охин”-Стиг Ларсон
Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амьдралыг нь нураан сүйдэлсэн төрийн институцээс өс хонзонгоо авна. Шударга бус тогтолцооноос болж айхтар хохирсон тэрээр хэнд ч итгэж болохгүйг яс махандаа шингэтэл ухаарсан боловч энэ удаад ганцаараа тэмцэж хүчрэхгүй байв. Энэ удаад адал явдалт, гэмт хэргийн сэдэвтэй зохиолоороо дэлхийд алдаршсан Шведийн зохиолч Стиг Ларсоны дээрх зохиол бестселлерийн гуравдугаарт оржээ.

 

4 "Монголын сонгомол өгүүллэг" -Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
Номыг эрхлэн гаргагчид 1920- оноос эдүгээ хүртэлх өгүүллэг бүрийг эргэн харахыг хичээж, өөрсдийн уншсан хэмжээнд чухам сайныг нь шилж, хүүрнэл зохиолыг боломжийн хэрээр төлөөлж чадахуйц бүтээлүүдийг оруулахыг зорьсон байна. Уг номонд Д. Нацагдоржийн Харанхуй хад, Ламбугайн нулимс, Хөдөө талын үзэсгэлэн, С. Эрдэнийн Хулан бид хоёр, Малын хөлийн тоос, Өвгөн шувуу, Наран тогоруу, С. Дашдооровын Бууж мордох хорвоо, Б. Догмидын Босоо ороолон, П. Батхуягийн Хүрэл зүрх, Б. Золбаярын Бүтэн зэрэг нийт 50 шахам бүтээлүүд багтсан ажээ.

 

5.“Сорхугтани” –Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Зохиолч Б.Сарантуяагийн бичсэн энэхүү роман нь хэдэн сарын турш бестселлерийн тавцангаас буухгүй байгаа нь Монголчуудын унших дуртай ном гэдгийг батална.

 

Уран зохиолын бус төрлийн шилдэг борлуулалттай ТАВАН ном 

1.“Өөдөө тэмүүл” – Шейрил Сандберг
Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

 

2 "Амжилтын хөтөч 2015"- Хувь хүний хөгжлийн институт
Амжилт гэж чухам юу юм бэ? Хэрхэн амжилтанд хүрэх вэ? гэсэн асуултанд тохирсон ганц хариулт гэж үгүй. Хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, ур чадвар, хувь тавилантай байдаг. Хэдий тийм ч хүн бүрт нийтлэг үйлчилж болох амьдралын чухал зарчим, үнэт зүйлс гэж бий. Энэ номын тусламжтайгаар та ажил, амьдралынхаа чухал зарчмуудыг мэдэж, мөн хэрэгжүүлэх боломжтой юм.

 

3."Таны жинхэнэ гэр орон"-М.МакЛеод
Жинхэнэ хайр сэтгэл жинхэнэ аз жаргалыг олоход тус болно. Хайрын сэтгэлгүйгээр, хайрладаг дотны хүмүүстээ зориулж зарцуулах цаг хугацаа гаргахгүйгээр аз жаргалтай болох ямар ч боломж байхгүй. Бурхан багшийн сургаал та бидэнд өөрсдөдөө болон бусдад зориулан жинхэнэ хайрын сэтгэлтэй болох, аз жаргалыг бүтээх тухай зааж сургасан байдаг.

Энэхүү нандин сургаалыг өдөр бүр санаж, түүнийг дагаж байвал аз жаргалыг олохдоо л олно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Чингэхийн тулд та эхлээд өөрөө өөрийгөө олоорой, өөрийнхөө бурханлаг мөн чанарыг нээгээрэй. Нэг ёсны Жинхэнэ гэр орондоо буюу өөрөө өөртөө эргэж ирээрэй.

 

4.  “Монгол хэлний сурагчийн тайлбар толь”
Монгол хэлний арвин сангаас орчин цагийн монгол хэлэнд өргөн хэрэглэгддэг "уугуул" үгийг түлхүү оруулж, мөн түүхэн болон харь үг, нэр томъёо, хэлц үгийг багтаасан 27,000 гаруй үг, хэллэгтэй "Сурагчийн тайлбар толь"-ийг ахлах, дунд ангийн сурагчдад зориулан гаргасан бөгөөд энэхүү ном шилдэг борлуулалттай байна. 

 

5. “Оксфорд-Мон судар” толь бичиг
90000 гаруй үг хэллэг, 135 мянга гаруй орчуулга багтсан энэ толь дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг давхар хамарсан болно. Мөн албаны хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан, зөв бичлэг, дуудлага, түүнчлэн англи хэлний дүрмийн бус үйл үгийг багтааснаас гадна 70 гаруй захидлын загварыг оруулсан тус ном шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ.