• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхан Халдунд аялах журам байгаль орчныг сүйдэлж байна

Ч.Үл-Олдох
2014 оны 12 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

“Бурхан Халдуныг хамгаалъя, онцгой бүс болгож дархалъя” гэсэн санааг манай сонин 2013 оноос эхлэн дэвшүүлсэн. Манай нийтлэлийн дараа олон үйл явдал өрнөснөөс хамгийн дорвитой нь Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны арваннэгдүгээр сард тогтоол гаргаж  Бурхан Халдун хайрханыг  “Үндэсний бахархалт хайрхан”-аар зарласан билээ. Ингэснээр төрийн тусгай хамгаалалттай  дархан цаазат газарт хамгаалалтын бүсчлэлийн асуудлыг эргэж харах,түүнчлэн аялал жуулчлал хөгжүүлэх тухай ярих болсон.

Тэнд мөрдүүлэхээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх   журам боловсруулан батлуулж, хийх  ажлууд шил шилээ даран хэрэгжиж эхэлж. Харин тэр нь олны таашаалд нийцэж байна уу, түүнээс  илүү түүх соёл, унаган дагшин байгалиа  хамгаалахад  чиглэж чадаж уу.

Өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрөв. Цаашид яах  вэ. Ирэх онд товлогдсон Их хайрханы төрийн тахилга журам, жудаг хоёрт хэр дөтөөр төлөвлөгдөж вэ. Түүх соёл, байгаль хамгаалал-аялал жуулчлалын гурамсан асуудлын шүтэлцээг хэр уялдуулж вэ гээд олон асуулт хөвөрнө.  

Эзэн Чингис хааны захиас сургаальд

“Мөнх тэнгэр соёрхсон

Хөх Монголд заяасан

Мөнх оршихуйн  хишигт

Гурван мөрний нутагт

Хамгийг цөлмөх шуналт

Хар элэгтэнг бүү хавьтуул...” гэж бий.

Тэгвэл эдүгээ цагт Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган дархан цаазат, төрийн тахилгат их хайрхан болгосон нь их хааны захиас зарлиг болон хэрэгжиж буй нэг хэлбэр.

Харин тэнд оршиж буй Монголын алтан ургийн хаадын алтан шарил оршиж буй “Их Хориг” – ийн газар руу  буюу “Босго тэнгэрийн даваанаас цааш бусдыг бүү алхуул”  гэсэн их хааны захиас тэр нь түүхийн явцад журам болж, журам нь жудаг болж монголчууд үеийн үедээ ёсчлон биелүүлж ирсэн нь цааш хэрхэх нь бүрхэг байх шиг.

Түүнийг хойно өгүүлэх тул түр  хойш тавин БОНХЯ-наас гаргасан Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам” чухамдаа Бурхан Халдунд хэрхэн халдаж, байгаль орчныг сүйтгэж байгааг онцлоё.

ХУШ МОДДЫГ ОГТОЛЖ, ТӨВД МАЯГИЙН ЧУЛУУН ОВОО БОСГОЖЭЭ

Гадаадын иргэн өөрийн зургийг хийсэн шилэн гүнгэрвааг Бурхан Халдуны оройд нуусныг хайрханы хогийг цэвэрлэж байсан нутгийн иргэд олж “Биднийг доромжиллоо, шүтээн, тахилгыг сэвтүүллээ” хэмээн мэдэгдэж байсан 2011 оны үйл явдлыг энд орхиё.  

Бас Америкийн иргэн, хятад гаралтай Альберт Лин Бурхан Халдуны оройд гарч баримтат киноны зураг авч, улмаар тэнд Чингисийн онгон байгаа тухай судалгааны нээлтээ зарлах гэж байна хэмээн манай Засгийн газрыг сандаргасан баримтыг бид өнгөрсөн жил гаргаж тавьсан учраас дахин дурдахаа азная.

Харин хамгийн сүүлийн үеийн, Монголчууд өөрсдийн гараар, дээр дурдсан журмыг хэрэгжүүлж байна хэмээн тэр хавийн байгаль орчныг сүйтгэсэн таагүй  мэдээг дуулгахад өнгөрсөн зургадугаар сард Бурхан Халдуны Цагаан арал гэдэг газарт төвд маягийн чулуун овоо босгожээ. Ингэхдээ ойн цэвэрлэгээ гэх нэрээр хуш мод огтлон хот руу татаж байгаа машинуудаар  ойролцоогоор 40-өөд км-ээс чулуу  зөөлгөж, дээр нь багагүй мөнгө зарж тэрхүү овоог барьсан байна.  

Нэгдүгээрт, төрийн тусгай хамгаалалттай дархан цаазат газар дахь хамгаалалтын горим яав. Хоёрт, нэгэнт овоо байгаагүй газар чулуу зөөж  шинээр төвд маягийн овоо сүндэрлүүлэх нь  зөв үү. Уг нь төр  мөнгөө зөв зүйлд зарцуулмаар. 40 гаруй км-ээс чулуу татаж овоо босгоход хүний  хөдөлмөр, хөлс хүч  багагүй зарсан байх. Монголчууд овоо босгохдоо чулуун дээр нь хөлсөө дусаах, хараалын үг хэлэхийг цээрлэдэг, тэгж чадсан болов уу. Нөгөөтэйгүүр, чулууг байрнаас нь ховхолж, машинаар зөөхөд байгаль орчин талхлагдаагүй гэж үү.

БУРХАН ХАЛДУНД “ТАВТАЙ МОРИЛ” БИШ “ҮҮНЭЭС ЦААШ БҮҮ НЭВТЭР” ГЭСЭН ХОРИГ ХЭРЭГТЭЙ

Өнгөрсөн жил ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл мориор Бурхан Халдунд аялж, газар үзэж яваа гэнэ. “ТАВТАЙ МОРИЛНО УУ” гэсэн бичигтэй хаалга хийж, Аялал жуулчлалын бааз байгуулах гэнэ.  

Нутгийн иргэдийн морийг өндөр үнээр хөлслүүлж хэнтийчүүдийг  “Ажилтай, орлоготой Монгол хүн” болгох юм гэнэ гэсэн яриа багагүй шуугиан тарьсан. Гэтэл саяхнаас тэнд үнэхээр “Тавтай морил” гэсэн хаалга босгож, аялагчдын бааз, түр байр  гэх нэрээр байшин барьсан сураг чих дэлсэх болов.

Гэтэл нөгөө тэнд оршиж буй  Монголын алтан ургийн хаадын алтан шарил оршиж буй “Их Хориг” –ийн газар руу  буюу “Босго тэнгэрийн даваанаас цааш бусдыг бүү алхуул”  гэсэн их хааны захиас  яах болж байна. Байшин, сав барихад байгаль орчин хэрхэн сүйдэв. Угтаа тэнд “Тавтай морил” биш “Босго тэнгэрийн даваанаас цааш бүү алх” гэсэн хоригийг бичиж өлгөх учиртай  биш үү. Өөрөөр хэлбэл, тэнд хэнбугай ч морилж болох боловч бас хэн ч халдашгүй байх “Их хориг” байх л учиртай.

Бид мөнгө олохын тулд элдэв ажил санаачилж болно. Ихэсийг тавьсан “Их хориг”, хаадын булш бунхан, эцэг өвгөдийгөө тавьсан газрыг амар тайван байлгах ёстой гэсэн монгол ёс уламжлал маань Ц.Оюунгэрэл сайдын үед ийнхүү нүд аних учиртай гэж үү. Ингэж хэлэхийн учир нь эрхэм сайд өнгөрсөн зун Хан Хэнтийд очихдоо Бурхан Халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд тэндээс ирсэн хүмүүст “Бурхан Халдунд эмэгтэй хүн гарч болдоггүй гэж бүү хэл”, “Их хоригоос цааш харийн  хүн нэвтэрч болохгүй гэж ярьж болохгүй.

Учир нь жендерийн асуудал үүснэ”  гэсэн зөвлөгөө өгч явсан байх юм. Тэр нь бас “Та Америкийн даалгаврыг биелүүлээд байна уу” гэх эсэргүүцэлтэй ч учирсан гэх. Тэгэхээр Чингис хааны үеэс тэгж зарлигдсан байхад бид ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд тэгж жүжиглэх гэж үү гэсэн асуулт гарна. 

ЖУРМЫГ ЖУРАМЛАХ ШААРДЛАГА БАЙНА

Бурхан Халдунд мөрдөх ёстой их хааны зарлиг, өдгөө Ерөнхийлөгчийн зарлиг болж, зарлиг нь жудаг  болон бидний ёс заншилд шингэж, сүүлийн үед журам болон шинэчлэгдэж байх шиг. Харин журамд жудаг бас мэдлэг  дутсан жишээ баримт цөөнгүй  байгаа нь харамсалтай. 

Захын жишээ хэлэхэд, Бурхан Халдуны төрийн их тахилгын талаар БОНХЯ-наас гаргасан “Бурхан Халдунд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам”-ын 3.4-т Төрийн их тахилгад оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалт, зочдын тээврийн хэрэгслийн жагсаалтыг Төрийн ёслолын алба батлах бөгөөд тэндээс ирүүлсэн жагсаалтын дагуу нэвтрүүлнэ” гэжээ.

Эндээс үзэхэд, ёслолын албанаас гаргадаг жагсаалтад л нэрээ оруулчихсан бол хэн ч тийшээ саадгүй нэвтэрч болохоор зөрчилтэй заалт болжээ. Түүнчлэн нөгөөх харийн хүнийг бүү нэвтрүүл гэсэн эртний хэдий ч орчин үед ч бидний  бодож байгууштай  сануулга тэрхүү заалтаар зөрчигдөхөөр байна.

Түүнчлэн, журмаар бүгдийг журамласан гэх юм. Гэтэл журам нь дотроо журамлах зүйл олонтой. Энэ бүхнийг үл нуршин сануулахад Бурхан Халдун хайрхан өмнө  нь Дархан цаазат,  Төрийн тусгай хамгаалалттай бүс байв. Харуул, хамгаалалт тэнд байсан уу гээвл байсан. Дээр нь Үндэсний бахаралт хайрхан болж давхар малгай өмссөн. Тийм атал хог хаягдал тоймгүй, байсхийгээд л иргэд, ТББ-ууд таван машин хог түүлээ, арван машин хог аваачиж хаялаа.

Бөө, удганууд тахилга хийж байна гэж Дунд овооны  моддыг хядгаар бүрж байсхийгээд нэг мод өгөршиж өт хорхойд идэгдэн илжирч унадаг болсон гэдэг мэдээлэл үргэлжилж ирсэн. Одоо ч тэр хэвээр байна. Мөн тэнд 1995 оноос эхлэн  байнга ойн түймэр гарч ирсэн бол 2000 оноос  завсарлага авч арай гайгүй болсон.  

Ой цэвэрлэх нэрээр мод огтолж байгаа хэргүүд ч захаас аван сонсогддог. Аяллын бүс болгосноор бүх юм засарна, сайжирна гэсэн баталгаа байна уу. Энд нэг мөр хариу өгсөн журам нь журам шиг байх ёстой. Гэтэл журмын 5.5-д аялагчдын цүнхэнд шүдэнз, ус, цаас, дохионы хэрэгсэл, гэрэлтүүлэгч гэхчлэн байх ёстой зүйлүүдийг нэрлэсэн ч байхгүй тохиолдолд яах вэ гэдгийг тусгасангүй. Дохионы хэрэгсэл их төлөв галт сум байдаг бол түүнээс үүдэж гал түймэр гарвал хариуцлагын асуудлыг орхигдуулжээ.

Зураг