- Эсрэг тэсрэг байр суурь -
О.Мөнхжаргал: Дэлхийн улс орнуудад энэ асуудал яагаад хөндөгдөхгүй байгаа юм бэ
/ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс-агрохимийн тэнхмийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх агрономич, доктор, дэд профессор/
-2006-2007 оны үед энэ талаар сэтгүүлчид анх сонинд бичиж эхэлсэн. Тэдний бичсэн шиг тийм амархан хөрсний үржил шимийг юу ч үгүй алга болгодог байсан юм бол дэлхийн улс орнуудад энэ асуудал яагаад хөндөгдөхгүй байгаа юм бэ. Рапсыг таримлынх нь хувьд урьд нь хэрхэн үр дүнтэй тарьж, туршиж судалсан эрдэмтэд, мэргэжилтнүүдийн үгийг сонсолгүйгээр үндэслэл муутай дүгнэж, бичих эсвэл хятадуудыг бодлоготойгоор хөрсний үржил шимийг алга болгож байна гэх мэтээр хий хардаж дэмий юманд санаа зовох нь утгагүй.
Түүний оронд энэхүү таримлын Монгол орны хөрс цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон ургаж байгаа биологийн өвөрмөц онцлогийг (үржлийн коэффициент өндөртэй) нь ашиглан олон жил хог ургамалдаа дарагдаж, атаршсан олон мянган га талбайдаа тариалж, талбайгаа цэвэршүүлэн экологийн орчин нөхцлийг нь сайжруулах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх талаас нь бодох нь чухал байна.
Миний бие гадаадын судлаачдын болоод хэвлэлийн тойм мэдээллээс энэ талын зүйлийг олж сонсоогүй юм байна. Би мэргэжлийн хүний хувьд, нөгөө талаар олон жил судалгааны ажил хийсэн эрдэмтэн хүний хувьд өөр бодолтой байдаг.
Монгол оронд рапсыг 1980-аад оноос тэжээлийн чиглэлээр, 1990-ээд оноос тосны зориулалтаар тариалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, рапсыг шинжлэх ухааны үндэстэй ургуулах боломж бүрдсэн гэсэн үг. Түүний тариалалтыг нэмэгдүүлснээр дэлхийн ихэнх улс, орнууд олон чухал асуудлыг шийдвэрлэж чадаж байна.
Рапсыг зөвхөн манай оронд тариалаад сонирхоод байгаа юм биш, дэлхийн хэмжээгээр энэ таримлын олон чухал давуу талыг илрүүлж тариалалтын хэмжээ жил ирэх тутам өсөж байна. Түүний тариалалтыг нэмэгдүүлснээр дэлхийн ихэнх улс, орнууд олон чухал асуудлыг шийдвэрлэж чадаж байна. Рапсыг дэлхийн олон улс орнууд фитосанитарный культур буюу талбайг цэвэршүүлэгч таримал гэж нэрлэдэг.
Өөрөөр хэлбэл рапс нь талбайн хог ургамлыг маш сайн дарж, талбайг цэвэрлэхээс гадна үр тарианы ургамлын өвчлөлтийг бууруулж, улмаар ургацыг нэмэгдүүлдэг. Манай орны Төв, Сэлэнгийн газар тариалангийн районуудад буудайг олон жил давтан тариалдаг болсноос үндэсний ялзрал, харуу өвчнөөр өвчлөх нь их болсон бөгөөд ХХААХҮЯамны мэдээлснээр буудайн тариалангийн нийт талбайн 40 орчим хувь нь харуу өвчний тархалттай байгаа юм.
Рапс нь талбайн хог ургамлыг маш сайн дарж, талбайг цэвэрлэхээс гадна үр тарианы ургамлын өвчлөлтийг бууруулж, улмаар ургацыг нэмэгдүүлдэг.
Чухам ийм нөхцөлд рапсыг тариалангийн талбайн сэлгээнд оруулан тариалах нь чухал ач холбогдолтой болж байна. Рапсыг сэлгээнд оновчтой байрлуулснаар үр тарианы үндэсний ердийн ялзрал, өвчний хөгжилт тархалтыг буудайг давтан тариалсантай харьцуулахад 1.5-4.0 дахин бууруулж байна.
Ингэж хөрс эрүүлжих байдлыг сайжруулж, талбайн хогтолтыг багасгахаас гадна рапсыг эрчимжсэн технологиор тарьдаг учраас түүний дараа тарьсан арвайн ургац буудайнхтай харьцуулахад 4.2 цн/га-аар илүү байгаа юм. Рапс тариалдаг аж ахуйн нэгж, компаниудын хүмүүстэй уулзаж байхад тэд рапсын дараа буудай тариалахад өндөр ургац авч байгаа тухайгаа ярьж байсан. Тухайлбал, Төв аймгийн Жаргалант сумын рапсын дараа тарьсан улаан буудайнаас 22.0 цн/га, Сэлэнгэ аймгийн Орхон туул суманд 30.0 хүртэл цн/га ургац авсан бодит жишээ байна.
Учир нь рапс тарьсан талбайд хог ургамал эрс багасахаас гадна рапс өөрөө сахлаг үндэсний системтэй учраас маш их үндэсний үлдэгдлийг хөрсөнд үлдээж органик бодисын хуримтлалыг үүсгэдэг. Тийм учраас манай газар тариалангийн компани, аж ахуйнууд уринш, үр тарианы сэлгээний бүтэцэд эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий рапсыг оруулж сэлгүүлэн тариалснаар ашиг, алдагдлаа тэнцүүхэн авч явах боломжоо бүрдүүлж байна. Тэд рапс хөрсний үржил шимийг сордоггүй харин үржил шимийг нь дээшлүүлж, бүтцийг сайжруулдаг гэдгийг үйлдвэрлэлд тарьсан практикаасаа бүрэн ойлгосон байна билээ.
/Эх сурвалж: www.VIP 76 сайт/
Су.Батболд: Талбайг үгүй хийж байна
/УИХ-ын гишүүн/
-Энэ намрын ургац хураалтад технологийн алдаа гаргасан. Гэтэл салбарынхан хамгийн түрүүнд байгаль цаг уурын нөлөө гэж тайлбарлаж байна. Гэтэл өөрсдөө хугацаа алдсан. Буудайн талбайд рапс тариалж гадагшаа гаргасан асуудлууд байж болзошгүй байна.
Өнгөрсөн жил 40 гаруй мянган тонн ургацыг цасанд даруулж алдсан гээд байсан боловч яг үнэн хэрэг дээрээ тэр талбайд рапс тариалчихсан байж болзошгүй мэдээлэл бас байна. Рапс гэдэг ургамал үнэ ханш өндөртэй. Гэхдээ техникийн чанартай рапс тариалаад Хятад руу гаргаж байгаа болохоор газрын үржил шимийг муутгаж тэр талбайд буудай тариалах боломжгүй болгож, талбайг
үгүй хийж байдаг юм.
/Эх сурвалж: www.zindaa.mn сайт/
Г.Баярсайхан: Рапсын талбайг нэмж болохгүй
/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн/
-Улаанбуудайг улстөржүүлмээргүй байна. Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой бүтээгдэхүүнийг ярьж байна. Бид бодлогоо ярина. Бодлогын асуудлыг цаашдаа ашигтай байх байдлаар шийднэ.
Рапсын талбайг нэмэгдүүлэхгүй байх, УИХ үүн дээр хяналт тавьж бодлогоо барих ёстой. Нэн тэргүүнд талх тариа, улаанбуудайнд анхаарал хандуулна. Энэ нь ард түмний амьдралд нөлөөлөх чухал зүйл. Байнгын хорооноос бодлогоо тодорхойл гэж шахаж шаардсан.
/Эх сурвалж: www.VIP76.mn сайт/
Н.Баярсүх: Хөрсний үржил шимийг доройтуулах эрсдэлтэй
/Дархан хотын Ургамал газар тариалан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал/
-Рапсыг тариалахтай холбоотой үндсэн хоёр сөрөг ойлголт нийгэмд байна. Юуны өмнө рапсын сүрэл, шахдасыг малын тэжээлд ашиглахад мал амьтан хорддог хэмээн ойлгодог. Рапсаас гаргасан тос нь түүнд агуулагдаж байгаа эрүковийн хүчлээс хамааран гашуун амттай, хүнсэнд төдий л хэрэглэх боломжгүй түүнийг зөвхөн хүнд, онцгой байдал зарласан үед л хүнсэнд хэрэглэдэг байжээ. 1960 онд Канадын эрдэмтэд зусах рапсын сортууд дундаас эрүковийн хүчилгүй хэлбэрийг анх олж илрүүлсний үр дүнд 1970 онд зах зээлд анхны эрүковийн хүчилгүй сортууд тариалагдаж хүнсэнд хэрэглэх боломж нээгдсэн түүхтэй.
Гэтэл рапсын сүрэл, лайны найрлаганд глукозинолатын бүлгийн бодисууд агуулагддаг бөгөөд эдгээрээс гарсан дайвар бүтээгдэхүүнүүд нь хэт их өндөр агууламжтай нөхцөлд мал амьтанд хортой байх тохиолдол байдаг. Иймээс рапсын уураг ихтэй шахдасаар хийсэн малын тэжээлийг хэрэглэх боломжгүй болгодог байна.
Гэвч шинжлэх ухааны ололт, амжилтын үр дүнд үрийн найрлагандаа эруковын хүчил болон сүрэлдээ глукозинолатууд агуулаагүй Канола “00” хэлбэрийн рапсын сортуудыг дэлхий дахинд үйлдвэрлэлд өргөнөөр тариалж, хүнс, тэжээлийн зориулалтаар ашиглах болсон.
Харин Монгол оронд сүүлийн жилүүдэд замбараагүй орж, үйдвэрлэлд тариалагдаж байгаа рапсын сорт хэлбэрүүд нь нэр, гарал үүсэл тодорхойгүй, бүртгэл, хяналтгүйгээр тариалагдаж байгаа явдал нь эргээд эрсдэл дагуулах аюултай. Тийм учраас рапсыг тариалахад бордоо заавал хэрэглэх шаардлагатай.
Рапсын таримал нь саармаг ба сул хүчиллэг (рН 5.5-6.8) орчинтой хөрс тохиромжтой ба дулаан дамжуулалт муутай хэт хүнд, эсвэл хөнгөн элсэнцэр хөрсөнд тариалах тохиромжгүй. Ийм учраас рапсын тариаланд бордож тордох, 4-5 жил давтан тариалахгүй байх, зөв сэлгэх, ургамал хамгааллын арга ажиллагааг оновчтой хослуулах, тариалах сорт хэлбэрийг зөв сонгох, зориулалтын тарих, хураах техник ашиглах зэрэг олон хүчин зүйлийг хангаж байж тариалах нь зүйтэй. Тэгэхгүй бол хөрсний үржил шимийг бууруулах, доройтуулах эрсдэл дагуулна.
/Эх сурвалж: www.VIP 76 сайт/
Рапсаас илүү бодлого чухал
Рапс гэгч ургамлын тухай одоогоос 10-аад жилийн өмнөөс сонин, хэвлэлээр бичиж эхэлсэн гэдэг. Монголчууд нүүр тулан “танилцсан нь” гэвэл 5-6 жилийн өмнөх явдал юм. Газар тариалан гэхээр улаанбуудай, төмс, хүнсний ногоо гээд л цааш дуугүй болдог байсан бидний хувьд рапс цоо шинэ зүйл байсан нь дамжиггүй.
Харин энэ ургамлын талаар эерэг, сөрөг, сайн, муу мэдээллүүд өнөөдрийг хүртэл зэрэгцсээр байна. Хэн нь үнэн яриад байгааг сэтгүүлч би биш эрдэмтэн судлаачид, тариаланчид л хэлэх биз. Гагцхүү аливаа зүйлийн хэмжээ, хязгаар, тун хэтрэхээрээ мөхөл, сүйрлийн гамшиг дагуулдаг гэх санааг л уншигчиддаа хэлэхийг хүслээ.
Зарим эрдэмтдийн хэлж байгаагаар бол рапс нь ямар ч хор, хөнөөлгүй ургамал төдийгүй газар, тариалангийн шинэ технологид яв, цав нийцсэн хэмээн магтан, сайшаах юм билээ. Харин ч бүр био дизель, ургамлын тос зэргийг рапс гэх шар цэцэгтэй ургамлаас гаргаж авах боломжтой, эдийн засгийн өндөр өгөөжтэй гэсэн ярилцлагыг сонин, хэвлэлээс нэг бус удаа уншиж байсан юм.
Монголын нутагт рапс тариалж, экспортолж буй хятадуудын асуудлыг төр анхааралдаа авч, анхаарлын гадна орхихгүй байх нь чухал.
Харин нөгөө талд нь зарим судлаачид хөрсийг үржил, шимгүй болгоод зогсохгүй, Монгол Улсыг хөрсгүй, газаргүй болгох гадны бодлого явж байгааг сануулсаар байна. Улмаар өнгөрсөн намар 48 мянган тонн улаан буудай хойд хөршөөс импортлох асуудал ургахад рапс ч мөн хөндөгдсөн юм. Тодруулбал, байнгын хорооны хуралдаан дээр Г.Баярсайхан гишүүн рапс тариалах талбайг нэмэгдүүлж болохгүй төдийгүй төр үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг сануулсан.
Харин Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Су. Батболд нарын зарим гишүүд Хятадууд Монголын нутагт рапс тариалж байгаа асуудлыг хөндөөд, хэдхэн жилийн дараа манай орон стратегийн хүнс болох улаан буудай тариалах хөрсгүй болох тухай шүүмжлэн, хэлж байсан билээ. Тиймээс ч аливаа асуудал хоёр талтай гэдгийг монголчууд бид ялангуяа газар тариалангийн чухал салбарт ажиллаж буй тариаланчид маань санах цаг нь болжээ.
Тэг элдэншүүлэх буюу жил өнжилгүй ургац хураах боломжтой шинэ технологийг нэвтрүүлэхэд сэлгээний ургамал хамгийн тохиромжтой хэмээн өнгөрсөн намар Сэлэнгэ аймагт ажиллах үеэр тариаланчид ярьж байсан юм. Нэг талаасаа шинэ технологи нэвтрүүлэхэд Монголын хөрсөнд хамгийн тохиромжтой нь рапс байж болох. Нөгөөтэйгүүр ямар сортын рапсыг ямар хөрсөнд, хэрхэн тарьж, ургуулахаа бодолцож байхгүй бол үнэхээр хэвлэлээр шүүмжлээд байгаа шиг, иргэдийн санаа зовниж байгаа шиг үржил шимгүй хөрстэй хоцрох вий. Тиймээс зөв технологиор рапсыг тодорхой хэмжээгээр тариалах нь чухал.
Түүнээс биш улаанбуудайнаас өндөр ашигтай хэмээн тариаланчид маань рапс руу хошуурах юм бол нэг л өдөр үнэхээр дэлхийн бусад улс орнууд шиг үржил, шимгүй хөрстэй, идэх буудайгүй, талхгүй, гурилгүй, нүдэндээ нулимтай үлдэхгүй гэх газаргүй юм. Үүний тулд газар тариалангийн салбарт баримтлах төрийн нэгдсэн, цогц бодлого шаардлагатай байна. Үндсэндээ бол рапс тариалж байгаа тариаланчид ч тэр, рапс гэх ургамалдаа ч бус энэ салбарт баримтлах төрийн мэргэн бодлого үгүйлэгдэж байгаагийн илэрхийлэл гэж харах нь хамгийн оновчтой хувилбар болов уу.
Түүнээс биш рапс хортой, хоргүй гэж маргахдаа бус улаанбуудайн цавуулгийг хэмжихдээ ч биш энэ салбарыг цаашид хэрхэн зөв бодлогоор хөгжүүлэх вэ гэдгийг л холбогдох хүмүүс бодолцох цаг нь болж. Газар тариалангийн салбарт баримтлах бодлого, хуульд өөрчлөлт оруулж, шинэ бодлогоор хөгжүүлэх гэж байгаагаа өнгөрсөн сард Ц.Туваан сайд онцолж байсан. Бор зүрхээрээ өнөөдрийг хүртэл зүтгэсэн хэдэн тариаланчид болон салбартаа өгөөжтэй, хөрсөнд буух хууль батлаасай. Эргээд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлээсэй.
Аяндаа энэ салбар зөв голдрилдоо орчихвол сэлгээний ургамал буюу рапсаар хөөцөлдөх нь юу л бол. Түүнчлэн Монголын нутагт рапс тариалж, экспортолж буй хятадуудын асуудлыг төр анхааралдаа авч, анхаарлын гадна орхихгүй байх нь чухал юм. Гагцхүү өнөөдөр рапсаас илүү салбарын бодлого үгүйлэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!