Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХААЯ, тариаланчид, гурилын үйлдвэрүүдийн маргаан эцэслэв

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ҮХААЯ, Үр тариа эрхлэгчдийн холбоо, улаан буудай импортлох зөвшөөрөл авсан гурилын үйлдвэрүүд, гурил импортлогч томоохон компаниуд хамтарсан уулзалт хийж тариаланчид, гурилын үйлдвэрүүд, яамны хооронд гараад байсан зөрчилдөөнийг эцэслэн шийдвэрлэлээ.

Уулзалтын үеэр гурил үйлдвэрлэгчдийн зүгээс импортын гурилын хэмжээг багасгах, үр тариа эрхлэгчдийн холбооноос импортын улаан буудайн зөвшөөрлийн цуцлах шаардлагыг тавьсан байна.

Ингээд харилцан нээлттэй хэлэлцсэний үндсэн дээр дараах шийдвэрүүдийг гаргаж зөвшилцөлд хүрч чаджээ.

1. Гурил импортлох зөвшөөрөл авсан “Өег” ХХК, “Алейкс Импекс” ХХК-ийн нэгдүгээр зэргийн гурилын импортын квотоос 2014 оны аравдугаар сарын 09-ний өдрөөс өмнө төлбөр хийсэн болон ачуулсан гурилын хэмжээг хасаад үлдэж буй квотоос 500 тонныг үлдээж, илүү гарсан гурилын квотын хэмжээг хүчингүй болгох

2. Улаан буудай импортлох зөвшөөрөл аваад байсан гурилын үйлдвэрүүдийн зөвшөөрлийг хүчингүй болгох 
Ингэхдээ “Улаанбаатар гурил” ХХК-ны 2014 оны аравдугаар сарын 09-ний өдрөөс өмнө төлбөр хийж, ачуулсан  байсан 7000 тонн улаан буудайн 4000 тонныг агуулахад хадгалж 2015 оны хоёрдугаар сарын 15-наас хойш ашиглуулахаар болжээ.

ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Тариаланчдын гар дээр байгаа улаан буудайг цас орохоос өмнө борлуулах зорилгоор “Улаанбаатар гурил” ХХК-ны импортолсон  улаан буудайн зарим хэсгийг агуулахад хадгалуулж байгаа” гэлээ.

Улаан буудай импортлох зөвшөөрөл аваад байсан аж ахуй нэгжүүдийн хувьд 2015 оны хоёрдугаар сарын 15-аас хойш улаан буудай импортлох талаар дахин зөвшөөрөл хүсэх боломжтой юм байна.

Тариаланчдын хувьд хадгалах савгүй байгаа учир буудайгаа яаралтай борлуулах шаардлагатай болоод байгаа ажээ.

Үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Хэлцэлд оролцогч талууд аль аль нь харилцан буулт хийсний үндсэн дээр зөвшилцөлд хүрч чадлаа.

Одоо гурилын үйлдвэрүүдээ аль болох хурдан улаан буудайгаа худалдан аваачээ гэж уриалмаар байна” хэмээн ярилаа.

Харин тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн хооронд улаан буудайн үнийг тогтсон үнээр байлгахад яамны зүгээс оролцохгүй бөгөөд өөрсдөө зах зээлийн жамаар зохицох юм байна.

 


Дөрвөн талт зөвшилцөлийн хэлцэл