Японы төв хэсэгт байрладаг Онтакэ галт уул өнгөрсөн бямба гарагт сэрж, хамгийн сүүлийн мэдээгээр 60 гаруй хүн бэртэж, 10 хүн нас барсан нь тогтоогдсон бөгөөд 26 хүн зүрх нь зогссон байдалтайгаар эмнэлгийн тусламж авч байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Ассошэйтэд прэсс агентлаг сүүлийн 20 жилд хамгийн их хүний амь эрсэдсэн галт уулын дэлбэрэлтийн жагсаалтыг цахим хуудастаа нийтэлжээ. Тухайлбал:
1994 он-Индонез:
Хүн амын нягтшил ихтэй Жава арлын төв хэсэгт байрладаг тус улсын хамгийн идэвхитэй галт уул гэгддэг Мерапи галт уул оргилж, 60 гаруй хүн нас барж, 6000 хүн орон гэрээсээ дүрвэж байжээ.
Кракатоа галт уул Америкчуудын Японы хирошимад хаясан Атомын бөмбөгнөөс 13.000 дахин илүү их хүчтэй дэлбэрснээрээ дэлхийн хамгийн том дэлбэрэлтэд тооцогддог.
1995 он-Филиппин:
Минданао арлын өмнөд этгээдэд байдаг Паркер галт уул дэлбэрч, 70 гаруй хүн амиа алдаж, 30 хүн ор сураггүй алга болжээ. Дашрамд дурьдахад үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 1991 онд нийслэл Манила хотоос хойш 80 км зайтай Пинатубо галт уул оргилж, 800 гаруй хүн нас барж байсан юм байна.
1997 он-Их Британийн Монтсеррат:
Карибын тэнгисийн Монтсеррат арлын галт уул сэрж, Засгийн газрын ордон байрладаг Плимут хот сүйрлийн ирмэгт тулж байжээ. Чулуулаг, галт уулын хайлмаг доош урсаж, 20 хүн амиа алдсан байна.
1999 он-Перу:
Нийслэл Лима хотын зүүн хойд этгээдийн Андын нурууны бүс нутагт гэнэт болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас хөрсний гулгалт үүсч, тус бүсийн таван тосгон шороонд дарагджээ.
2002 он-Бүгд найрамдах ардчилсан Конго улс:
Тус улсын зүүн хэсгийн нутагт байрладаг Нираконго галт уул оргилж, Гома хотын төв хэсэг болон орон сууцны хэд хэдэн хорооллууд эвдэрч, сүйджээ. Улмаар уг гамшгийн улмаас 70 гаруй хүн хорвоог орхисон байна.
2010 он-Индонез:
Мерапи галт уул оргилж, 350 гаруй хүн нас баржээ. Тус галт уул 1930 онд ч гэсэн ийм хэмжээний хохирол дагуулж байсан бөгөөд тухайн үед 1300 гаруй хүн хохирол амссан байна.
2014 он-Индонез:
Суматра арлын идэвхитэй галт уулуудын нэг Синабунг галт уул оргилж, 16 хүн нас баржээ. Тус галт уул 2010 онд дэлбэрэх хүртлээ 400 жилийн турш унтаж байсан гэнэ.
2014 он-Япон:
Тус улсын төв хэсэгт орших Онтакэ галт уул гэнэт дэлбэрч, уулын оргил орчмоос зүрх нь зогссон байдалтайгаар 31 уулчийн цогцсыг эрлийн багийнхан олсон. Тус галт уул нь гэнэт оргилж, үнс нурам, чулуу, усны уур энд тэндгүй цацагджээ. Одоогийн байдлаар арван хүн нас барсан нь тодорхой болсон. Японд Үнзэн галт уул 1991 онд дэлбэрэхэд 43 хүн хохирол амсч байсан байна.
Дэлхийн түүхэнд хамгийн их гарз хохирол дагуулсан галт уулын дэлбэрэлт 1883 онд Индонез улсад болж байсан аж. Тус улсын Кракатоа галт уулс дэлбэрч, үнс нурам, чулуу, галт уулын хайлмаг дээш 20 гаруй км хүртэл оргилж, ойр хавийн бүс нутгуудыг харанхуй нөмөрсөн байна.
Энэ үеэр 36000 гаруй хүн хохирол амсчээ.
Түүнчлэн Кракатоа галт уул Америкчуудын Японы хирошимад хаясан Атомын бөмбөгнөөс 13.000 дахин илүү их хүчтэй дэлбэрснээрээ дэлхийн хамгийн том дэлбэрэлтэд тооцогддог юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|