ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Пирс Броснан: Кинон дээр сайхан бүсгүйчүүдтэй тоглох нь “хууль ёсны араар тавилт”

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэ жүжигчин ямар ч дүрд тоглосон байлаа гэсэн 007 агентын дүр төрх арчигдахгүй гэж бодогдохоор.

Гэхдээ Броснаны амьдрал супер баатрынхтай адилгүй. Пирс Броснан зүрхэнд нь аймшигтай шарх үлдээсэн олон эмгэнэлт явдлыг амьдралдаа туулсан.

-Та “11 дүгээр сарын хүн” шинэ кинонд бараг л Жеймс Бондын дүрээр дэлгэцнээ эргэн ирсэн нь таны зүгээс хийсэн тааварлашгүй алхмуудын нэг билээ. Яагаад 12 жилийн дараа ийнхүү тагнуулын дүрд дахин тоглохоор шийдэв ээ?

-Бондын тухай дөрвөн кинонд тоглосны дараа би ямар нэг зүйлийг дутуу хийсэн юм шиг үргэлж санагддаг байсан. Сэтгэлд нэг л зүйл дутуу санагдаад байлаа.

Ингээд миний продюсерын компанийн түнш тэтгэвэртээ гарсан тусгай төлөөлөгчийн тухай ном, түүгээр бичсэн зохиол авчирж өгсөн. Энэ кинонд миний “Бонд” бээлийгээ тайлж, нүцгэн гараар ажиллах болно.

Тэр бол чулуу шиг хатуу, хурц хүн. Цагтаа намайг яг л ийм Бондыг гаргах боломж олгоогүй. 2002 онд Бондын цувралаас гарсан нь миний хувьд санаандгүй, таагүй зүйл байсан.

Гэрээг анхлан дөрвөн кино хийнэ гэж байгуулсан ч дараа нь тав дахь цувралд тоглох санал тавьсан. Харин дараа нь продюсерүүдийн төлөвлөгөө өөрчлөгдөнгүүт намайг зүгээр л гаргачих даа. 

-Бондын цувралын эрхийг ахынхаа хамт эзэмшдэг Барбара Брокколи танд өөрсдийн шийдвэрийн талаар утасдаж хэлэхэд үнэхээр хэцүү байсан гэж ярилцлагандаа дурдаж байсан. Гэхдээ та энэ шийдвэрийг яг л жентельмен шиг хүлээж авсан гэнэ лээ. Та үнэнээ хэлээч, тухайн үед үнэхээр хэцүү байсан уу? 

-Тэгэж утсаар ярисны дараа надад үнэхээр хүнд байсан. Ийм мэдээ дуулгах гэж утсаар ярих нь цаад хүндээ ч хэцүү гэдгийг би ойлгож байна. Би “окей” гэж хэлээд л утсаа тасалсан. Ингээд л би цаашид Бонд байхаа больсон доо. Миний үе дууссан. Энэ бол бизнес. Юу хийх вэ? Цаашид яаж амьдрах вэ? Хамгийн гол нь жүжигчний хувь заяага хэрхэн үргэлжлүүлж, ямар дүрд тоглох вэ?  

Гэхдээ 007 агентын дүр надад тодорхой боломжуудыг нээж өгсөн юм. Жишээлэхэд би өөрийн гэсэн продюсерын компанитай болсон. Үүнийхээ ачаар л би үргэлжлүүлэн ажиллах боломжтой болсон доо. Ингээд л би “11 дүгээр сарын хүн” киноны тагнуулчийн дүрд эргэн ирсэн. Жинхэнэ тагнуулчид хэзээ ч тэтгэвэртээ гардаггүй юм. \инээв\ 

-Таныг залгамжилсан Дэниел Крейгийг та хэрхэн хүлээж авсан бол? Түүнийг продюсерүүд нэг их гуйж, ятгалгүй амархан зөвшөөрүүлж чадсан.

-Жүжигчин хүнд энэ чинь бол гайхалтай боломж шүү дээ. Дэниелийн хувьд гэвэл муугүй орлогч. Түүний зургийг харахад, бурхан минь, тун ч давгүй спортлог залуу байна лээ шүү. Жүжигчний хувьд ч сайн.

-Таны анхны эхнэр  Кассандра Харрис (Жич: Кассандра  1991 онд хорт хавдрын улмаас нас барсан. Тэд хамтдаа 13 жил амьдарсан юм. )  “Зөвхөн чиний харцанд” кинонд “Бондын бүсгүй” болж тоглож байсан…

-Тиймээ, түүний ачаар л би Брокколигийн гэр бүлтэй танилцсан. Тухайн үед Альберт Брокколи амьд байсан юм. Кассандра намайг Америк явж азаа сорьё гэж ятгасан л даа. Ингээд л “Ремингтон стил” киноны мөрдөгчийн дүрд тоглохоор болсон. Мэдээж би татгалзаж чадаагүй. Ингээд надад анх удаа Бондын дүрийг санал болгоход студи намайг ажлаас минь чөлөөлөөгүй л дээ. Хэдэн жилийн дараа л аз дахин тохиосон юм.

-Та басамжлал доромжлолыг хэдэнтээ тэсэн гарч байсан. Ингэж тэвчих нь жүжигчний мэргэжлийн заавал байх ёстой шинж чанар уу? 

-Тиймээ, доромжлол, басамжлал байсан. Түүнгүйгээр нэг ч алхахгүй шүү дээ. Гэхдээ түүнийг сөрөн зогсож бууж өгөхгүй л байх хэрэгтэй.

-Та яаж давж гарсан бэ? 

-Ажил, гэр бүл, найз нөхдийнхөө ачаар. Бас католик шашин шүтдэг учраас. Би үргэлж залбирал үйлддэг. Католик хүн бүр амьдрал зовлон дээр тогтдог гэдгийг ухамсарладаг. Аз жаргалын хэсэгхэн арал байгаад дахиад зовлон ирнэ. Зөвхөн эр зориг л гаргах хэрэгтэй. Би үхлийн дараах амьдралд итгэдэг.

-Та нэг бус удаа эмгэнэлт явдлыг тэсч гарч байсан?

-Тиймээ, хайртай эхнэрээ алдаж, бэлэвсэн эр болон, ганц бие эцэг болж, буланд шахагдчихсан юм шиг өөрийгөө төсөөлнө гэж юу болохыг би мэднэ. Кассандраг нас барахад би үнэхээр сэтгэл санаагаар унасан. Хайртай хүнээ өдрөөс өдөрт өвчинд дарлуулж байгааг харах үнэхээр хэцүү, энэ уй гуниг үргэлж надтай хамт байна. Өвчин түүнийг минь дэндүү эрт авч явсан даа. Дөнгөж 43 настай байлаа.

Хүнд тохиолдож болох хамгийн аймшигтай зүйл надад тохиолдсон. Тэр надад оношоо анх хэлсэн үеийг би сайн санадаг. Гэрийнхээ студид зураг зурж байтал Кассандра ирээд “Миний бие муу байгаа бололтой” гэж хэлсэн. Чив чимээгүй болж, хэсэг хугацааны дараа бид тэврэлдээд уйлсан. Шарлотта охиноо ч би эцсийн мөч хүртэл нь гараас нь барьж байсан. \Шарлотта бол Кассандрагийн хоёр дахь гэрлэлтээс төрсөн охин.

Хүнд тохиолдож болох хамгийн аймшигтай зүйл надад тохиолдсон. Тэр надад оношоо анх хэлсэн үеийг би сайн санадаг. 

Гэхдээ Шарлоттагийн эцэг нас барсны дараа Пирс Броснан охиныг өргөн авч, мөн хүү Кристоферийг үрчилж авсан бөгөөд Кассандраг нас барсны дараа Шарлотта, Кристофероос гадна Кассандратай гэрлээд гарсан найман настай Шон хэмээх хүү гээд гурван хүүхэдтэй үлджээ\. Яг л энэ аймшигт өвчин охиныг маань ч авч одсон. Ээж нь нас барснаас 22 жилийн дараа. Тэд хоёулаа л энэ өвчинтэй тууштай, зоригтойгоор тэмцэж байсан. Ийм эмгэнэлт явдлуудын дараа урьдын хэвээр үлдэнэ гэдэг боломжгүй юм билээ. 

-Та дахиж гэрлэхгүй гэж тангаргалаж байсан?

-Тиймээ. Би Кэссидээ дэндүү хайртай байлаа. Тэр намайг олон зүйлд сургасан. Амьдарч сургасан. Тэр үнэхээр гайхалтай, эерэг хүн байлаа. Өмнө нь түүнийг эрчүүд гомдоож байсан, зүрхэндээ их шарх авсан байлаа. Гэхдээ би түүнтэй учраад яаж ч гомдоож болохооргүй хүн гэдгийг мэдсэн. Кэсси надад хүүхдүүд үлдээгээд явсан, энэ бол маш том хариуцлага, аз.

Тэр үеэс хойш би найз нөхөд ойр дотныхон, өвчтэй хүмүүсд анхаарал тавьдаг болсон, би ингэх үүрэгтэй хүн. Гурван жилийн дараа сэтгүүлч бүсгүй Кили Шей Смит надаас ярилцлага авахаар исрэн. Хайрлаж болох бүсгүй байна гэсэн найдвар төрсөн юм. Бид долоон жил хамт амьдарсныхаа дараа гэрлэсэн. Би Кассандраг, түүний аймшигтай өвчинтэй хэрхэн тэмцэж байсныг хэзээ ч мартахгүй. Шаналал зовлон ганц хоёр жилийн дараа мартагддаг гэдэг. Хүн бүрт л өөр өөр байдаг байх.

Би үргэлж түүнийгээ санаж, заримдаа уйтгарлаж Килид уурлах ч үе гардаг. Кили харин намайг сайн ойлгодог юм. Тэр үргэлж сайхан сэтгэлээр хандаж, Кассандраг бодож гуниглаж байх үед надад саад болдоггүй. Кили бол миний чиглүүлэгч од. Би заримдаа түүнийг тэнгэрийн эрхэс дундах гол од болох Алтан гадас одны нэрээр нэрлэдэг. Тэр бол хамгийн чухал, хамгийн хэрэгтэй хүн.

-Таны эхнэр хамтран тоглогч бүсгүйчүүдтэй харддаг уу?

-Үгүй ээ, гэхдээ Кили үүнийг юу гэдэг гээч, дэлгэцийн янаг амрагийн харилцааг “хууль ёсны араар тавилт” гэдэг юм \инээв\. Кили надад итгэдэг учраас өөрийг нь араар нь тавих тал дээр санаа зовдоггүй. Гэхдээ намайг эмэгтэйчүүдэд их хайртайг мэднэ л дээ \инээв\. 

-Та жүжигчнээс гадна зураач гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх?

-Би 15 настайдаа сургуулиа хаясан. Тэгээд зураг зурах чадвар маань цорын ганц боломж байсан л даа. Би дахиж сураагүй. Гэхдээ рекламын агентлагууд намайг ажилд авсан.

Ирландын жижигхэн хотын хүү зүүдэлж ч байгаагүй тийм өөр ертөнцөд би орж чадсан. Би их ганцаардмал хүүхэд байлаа. Аав биднийг хаяж явсан, дараа нь ээж жижигхэн тосгонд амьдралаа авч явах нь хэцүү байсан учраас Лондон явсан. Тэндээ сувилагчийн мэргэжлээр суралцаж, дараа нь намайг өөр дээрээ авсан юм. Ээж дээрээ очих хүртлээ би эмээ өвөө дээрээ амьдардаг байв. Сүмийн дэргэдэх сургуульд явна. Тэндэхийн гэлэнмаа нар шавь нараа үе үе гөвж өгнө шүү дээ.

-Гэхдээ л тэд таны итгэлийг мохоогоогүй байна шүү дээ. Зураг зурснаар та тайвширч, сэтгэлээ амраадаг байх даа?

-Яг ч тийм биш ээ. Ганцаархнаа зураг зураад суухдаа цаашид яах вэ гэдгээ ч ойлгодоггүй. Мэдээж бусад төрлийн асуудал, зовлон шаналлаас бол түр зуур салгаж чаддаг л даа. Сүүлийн хоёр жил би урландаа бараг орсонгүй, долоон кинонд тоглосон. Харин одоо ойр дотныхондоо зориулан үзэсгэлэн гаргадаг юм билүү гэж бодож байна. Бас ном ч гаргаж болох юм. 61 нас хүрчихлээ, дурсамжаа бичих цаг нь болсон ч  юм билүү? \инээв\

-Та олон хүүхдийн аав. Хүүхдүүддээ ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Мэдээж, тэд намайг сонсдоггүй \инээв\. Гэхдээ би нэг овжин арга олж байсан юм. Сургуульд нь хүргэж өгөхөөр явах замдаа биеэ хэрхэн авч явах, юу хийх ёстой гээд л лекц уншиж өгнө. Тэд замд явж байхад машинаас гарч чадахгүй юм чинь намайг сонсдог л байлаа \инээв\.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа