“Гал үндэстэн” холбоо болон Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүд өнгөрсөн есдүгээр сарын 16-нд төрийн тусгай хамгаалалттай бүс болох төрийн ордны хойд цэцэрлэгт галт зэвсэг агсан орж олон нийтийг цочирдуулсан.
Үүний улмаас жагсаал, цуглааныг зохион байгуулсан гэх “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Энэ талаар “Ангир нүдэн Мөндөөхэй” хөдөлгөөний тэргүүн, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнхандтай уулзаж, ярилцлаа.
-“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг цагдан хориод нэлээд хугацаа өнгөрлөө. Тэдэнтэй холбоотой байгаа биз дээ?
-Үгүй ээ, баригдсанаас нь хойш нэг ч удаа уулзаагүй. Бид битгий хэл ар гэрийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа.
-Олон нийт Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг л саатуулсан гэдгийг мэдэхээс биш яг хэн хэнийг хориод байгаа талаар мэдээлэлгүй байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Бидэнд ч гэсэн энэ талаар мэдээлэл хомс байна. Миний мэдэж байгаагаар Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Г.Чагнаадорж, Ганболд, Төмөрбаатар нар байгаа.
-Тэдний биеийн байдал ямархуу байгаа бол оо?
-Яаж л олигтой байв гэж дээ. Тэд чинь хоригдож байгаа хүмүүс шүү дээ. Төмөрбаатар гуайн бие хүндхэн байгаа гэж сонссон. Өнгөрсөн онд гэрийнхээ гадаа хүнд хутгалуулаад маш хүнд хагалгаанд орсон хүн шүү дээ. Бусад нь ч гэсэн ялгаагүй, бие нь тааруухан байгаа гэж сонссон юм байна.
-Ингэхэд өнгөрсөн есдүгээр сарын 16-нд яг юу болоод өнгөрөв өө. Та бүхэн үнэхээр “Централ таур” болон Уул уурхайн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан юм уу?
-Хууль хяналтынхны яриад байгаа шиг тэдгээр газарт тэсрэх бөмбөг тавьсныг үнэхээр мэдэхгүй байна. Ц.Мөнхбаяр бид хоёрын хооронд буу зэвсэг авч төрийн ордон руу орно гэсэн яриа байгаагүй. Магадгүй тэр хүн урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах журмыг эсэргүүцэж, тэрхүү хуулийг хэрэгжүүлэх гэж байдаг бүхий л аргаа хэрэглэснийг үгүйсгэхгүй. Гэхдээ би тэр хүнтэй 2006 оноос хойш хамтран ажиллаж байна. Миний олж харснаар Ц.Мөнхбаяр гуай олон нийтийг айдаст автуулж, түгшээх зүйл хийхээр хүн биш.
-Та “Бидний хооронд буу зэвсэг авч орох тохиролцоо байгаагүй” гэж хэллээ. Тэгвэл та бүхний хооронд ямар тохиролцоо байсан юм бэ?
-Бид есдүгээр сарын 16-ны өдрийн жагсаал, цуглааныг зохион байгуулаагүй шүү дээ.
-Тэгээд хэн зохион байгуулсан гэж?
-Ямар ч хөдөлгөөнийхөн албан ёсоор зохион байгуулаагүй. Бид жагсаал, цуглаан хийе гэж төлөвлөөгүй. Төрийн гурван өндөрлөг, 76 гишүүнд бичиг хүргүүлэх л зорилготой байсан.
-Ямар бичиг?
-Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухайгаа 30 минутын дотор татаж авахыг шаардсан бичиг хүргүүлэх зорилготой байсан. Түүнийгээ ч хүргүүлсэн. Бидний тооцоолсноор үндсэндээ бүх үйл ажиллагаа цагийн дотор болох байсан. Ард иргэдэд энэ хуульд өөрчлөлт оруулахыг яагаад эсэргүүцэж байгаагаа л тайлбарлаж ойлгуулах зорилготой байсан юм.
-Уучлаарай, та нэг асуултад хариулсангүй. Ц.Мөнхбаяр гуай та хоёрын хооронд ямар тохиролцоо байсан юм бэ?
-Би хэвлэл мэдээллийнхэнд шаардах бичиг хүргүүлэх гэж байгаагаа мэдэгдэх ёстой байсан. Би мэдэгдсэн. Харин Ц.Мөнхбаяр гуай болж өгвөл хэвлэлийн хурал хийх л тохиролцоо байсан. Түүнээс өөр ямар нэгэн яриа, хэлэлцээр ч гэх юм уу тийм зүйл бидний хооронд байгаагүй.
-Та бүхэн 2010 оны есдүгээр сарын 2-нд “Сентерра гоулд” руу буудаж, цагдаа, шүүх гэж явсаар 2011 оны зургаадугаар сарын 14-нд суллагдсаныг санаж байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа. Гэтэл гэнэт яагаад зэр зэвсэг агсаад төрийн ордонд нэвтрэхийг завдав. Ингэж зэр зэвсэг агсан гарч ирж төрийн тусгай хамгаалалттай газар руу дайрсан нь олон хүнд хардлага төрүүлж байна. Магадгүй та бүхний цаана ямар нэг нууц ноёнтон байгаа гэж үзэхэд ч хүргэж байна?
-Өнгөрсөн хугацаанд бид чимээгүй байсан нь учиртай. Энэ хууль маань өөрөө шүүхийн албадан гүйцэтгэлээр хэрэгжиж байгаа. Тийм болохоор бид оролцоод байх шаардлага байгаагүй.
Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байдаг биз дээ. Хүн хулгай хийлээ гэхэд түүний хохирлыг шүүхээс барагдуулдаг. Уг нь энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой эзэн нь Засгийн газар. Гэтэл өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд эдгээр хүмүүс яагаад ажиллаж чадахгүй байгаа юм, үнэхээр гайхаж байна.
Бид зүгээр суугаагүй, зөндөө л ажил хийсэн шүү дээ. Төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлсэн. Тэр ч бүү хэл УЕПГ-т байгаль орчны дагнасан прокурор байгуулах саналыг ч хүргүүлсэн. Учир нь 2006 оноос хойш гурван жил урт нэртэй хуулийг батлуулахын төлөө явсан. Батлагдсанаасаа хойш өнөө хэр нь хэрэгжээгүй байна.
Дээр нь нэмж хэлэхэд хүн хэрэгтэн болохыг хэзээ ч хүсэхгүй. Хэн ч биднийг энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө яв гэж хэлээгүй. Гэхдээ энэ хууль хэрэгжсэнээр Монгол Улсын бүрэн эрх, газар нутаг эрүүл үлдэнэ.
-Дээр өгүүлснээр энд тэнд бөмбөг суурилуулсан нь танай хүмүүстэй ямар ч холбоогүй гэж байх шиг байна. Тэгвэл гадны ямар нэгэн нөлөө байгаа гэж үзэж болох уу?
-Одоог хүртэл Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийн хэнтэй нь холбоотой вэ гэдгийг тогтоогоогүй байгаа. Үнэхээр манай баригдаад байгаа хүмүүстэй холбоотой юу эсвэл хөндлөнгийн хэн нэгэн байна уу гэдгийг тогтоох л хэрэгтэй.
-Гэхдээ ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан хурлаар танай хүмүүсийн гэрээс галт зэвсэг олдсон тухай мэдээлсэн шүү дээ?
-Яг олдсон эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Уг нь хууль хяналтынхан дээр хэлсэн шиг яг хэний буруу вэ гэдгийг нь албан ёсоор тогтоосны дараа олон нийтэд зарлах ёстой биз дээ. Дээр нь мэдээлэл өгсний дагуу гэж байгаа. Ямар хүн мэдээлэл өгсөн, тэр хүнээс нь асууж тодруулах хэрэгтэй. Хамгийн гол нь үнэн зөв, шударгаар тогтоох хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!