Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаяр нарт 10 жилийн ял оноогдох гэнэ

Б.Төрбат
2013 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
“Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ

“Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ 

“Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хам­гаалалттай Төрийн ордонд галт зэвсэг болон тэсрэх бөм­бөг авч орохыг завдаж төрийн алба хаагчид төдийгүй энгийн иргэдийг ч цочирдуулсан. 

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буй­гаар уг хэрэгт “Гал үндэстэн” холбооны 11 хүнийг саатуулан шалгасан ч зөвхөн гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Харин бусад нэр бүхий найман хүнийг оройн 17:00-18:00 цагийн үед тус­гаар­лаж, хүн тус бүрийг 20 мянган төгрөгөөр торгоод явуулсан байна. 

Үлдсэн гурван хүн болох “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, ги­шүүн Н.Болд­баатар, Чаг­наа­дорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.13, 177.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Тодруулбал “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177.1-т зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалт­наас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд болон шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюул­тай хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлсэн гэх үндэслэлээр 10-15 жилийн ял оноох нь тодорхой болов.

Одоогоор хэргийг харьяалалынхаа дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэв зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэлийн шинжтэйгээр үйлдсэн нь тогтоогдох аваас ялын хэмжээ хүндрэх магадлалтай гэнэ. 

Харин хуульд зааснаар зандалчлах гэмт хэрэгт бэлтгэхэд идэвхтэй оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн, эсвэл уг үйлдлийг таслан зогсооход оролцсон, түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй нь тогтоогдох аваас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээг авах юм.

Мөн Эрүүгийн хуу­лийн 91.2.13-т хүнийг санаа­тай­гаар ний­тэд аюултай байд­лаар ала­хыг завдсан бол 15-20 жил болон цаазаар авах ял оноохоор хуульчилж өгсөн байна. Үүнээс гадна албаны эх сурвалжийн мэдээлснээр “Централ таур”, Уул уурхайн яаманд тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй гэх мэдээллийг хууль хяналтынханд анх өгсөн иргэнийг ч шалгаж эхэлжээ.