Иргэний цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн буюу шинээр авахад ямар материал бүрдүүлэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сургалт, сурталчилгаа, гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа.
-Иргэний цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд иргэд ямар хариуцлага хүлээх вэ?
-Иргэд иргэний цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд нийслэлд бол өөрийн оршин суугаа хороо, дүүргийнхээ улсын бүртгэлийн газарт хандана. Хөдөө орон нутагт бол баг болон сумынхаа Тамгын газарт байрлах улсын бүртгэлийн байгууллагад хандаж, иргэний цахим үнэмлэхээ авах боломжтой. Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу 40 мянган төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр торгоно. Торгуулийг тухайн дүүргийн хяналтын улсын байцаагч өөрийн эрх мэдлийн хүрээнд хуулийн дагуу 40 мянга хүртэлх төгрөгөөр торгох болно.
-Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэд ямар материал бүрдүүлж очих вэ. Нийтдээ хэдэн төгрөг тушаах вэ?
-Иргэний шинэчилсэн бүртгэлээр хурууны хээ, гэрэл зургийг нь авч бүртгэлжүүлчихсэн учир дахин хурууны хээгээ өгөх буюу гэрэл зургаа авч очих шаардлагагүй. Өөрийн оршин суугаа хороондоо хүсэлт гаргаж, маягт аваад дүүрэгт шилжүүлээд цахим үнэлэхээ авна. Цахим үнэмлэхний үнэ болох 15 мянган төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тушаах хэрэгтэй. “Голомт” банкны 1165004534 тоот дансанд 15 мянган төгрөгөө тушаана. Харин 3300 төгрөгийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаах ёстой. Тэгэхээр цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэд нийтдээ 68 мянган төгрөг тушааж, цахим үнэмлэхээ дахин авах эрхтэй болно.
-Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн гэрэл зургаа солиулах хүсэлтэй иргэд цөөнгүй байдаг. Тэдгээр иргэд цахим үнэмлэхээ солиулахын тулд хэдэн төгрөг тушаах вэ?
-Шинэчилсэн бүртгэлээр авахуулсан зураг нь шаардлага хангахгүй эсвэл өөрөө цахим үнэмлэхний зургаа дахин солиулах хүсэлтэй иргэд өөрийн харьяа дүүргийнхээ улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргаад гэрэл зургаа шинээр авахуулаад цахим үнэмлэхээ шинэчилж авах боломжтой. Өөрийн хүсэлтээр гэрэл зургаа солиулах, шаардлага хангахгүй гэрэл зурагтай цахим үнэмлэхээ солиулах гэж байгаа учир нэмэлт мөнгө төлөхгүй. Харин цахим үнэмлэхний 15 мянган төгрөг, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгөө төлнө.
-Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж чадаагүй иргэд байгаа байх. Тэдгээр иргэд хэрхэн шинэчилсэн бүртгэлд хамрагдах вэ?
-2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлийг улс орон даяар явуулаад иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл хурууны хээг авч бүртгэлжүүлсэн. Уг бүртгэлээс ямар нэгэн шалтгаанаар хоцорсон иргэд биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ өөрийн биеэр харьяа дүүргийнхээ Улсын бүртгэлийн газарт заавал очино. Ингэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, оршин суугаа баг, хорооны хаягийн бүртгэлийн тодорхойлолт, шаардлагатай тохиолдолд бусад нотлох баримт бичгийг авчраад хүсэлт гаргаж, маягт бөглөнө. Тэгээд цахим үнэмлэхний төлбөр, тэмдэгтийн хураамжийг төлөөд 30 хоногийн дараа цахим үнэмлэхээ авна.
-16 нас хүрээд иргэний цахим үнэмлэх авах хүүхдүүд хэрхэн авах вэ?
-16 нас хүрсэн иргэд маань өөрийн оршин суугаа газрын Улсын бүртгэлийн газартаа хүсэлтээ гаргаад, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана. Шинэчилсэн бүртгэлийн мэдээлэл улсын мэдээллийн санд баталгаажиж орсны дараа цахим үнэмлэх нь хэвлэгдэх болно. Хүсэлт гаргахаар ирэхдээ эцэг эхийн иргэний үнэмлэх, өөрийн суралцдаг сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг зэрэг шаардлагатай материалыг бүрдүүлээд цахим үнэмлэхний болон тэмдэгтийн хураамжийг төлөөд цахим үнэмлэхээ авч болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|