Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Халхын голын дайны ялалттай холбоотой хөшөө дурсгалуудыг нийслэлийн хөрөнгөөр сэргээн засварлаж, ойр орчмын талбайг тохижуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газраас мэдээлэл өглөө.
Зайсан толгой дахь Зөвлөлийн дайчдын алдрыг мөнхлөх хөшөөг 2009 оноос хойш засварлаагүй бөгөөд энэ жил 85 сая төгрөгөөр засварлаж, тохижилтын ажлыг хийсэн байна. Гэрээний дагуу тус хөшөөний засвар өнөөдөр бүрэн дуусна.
Харин бусад хөшөөний засвар, орчны тохижилт энэ сарын 21-н гэхэд дуусах юм байна.
Халх голын байлдаанд Монгол Улсаас оролцсон ахмад дайчдаас 25 нь Нийслэл хотод амьдардаг бөгөөд түүхт 75 жилийн ойн үйл ажиллагаанд эдгээр ахмадуудыг оролцуулахад анхаарч ажиллахыг дүргүүдийн Цэргийн штабын дарга нарт үүрэг болгожээ.
Ойн баярт зориулсан цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн хурал, үдшийн цэнгүүний үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангахад Нийслэлийн цагдаагийн газраас анхаарч, цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэлт хүчээр ажиллах юм байна. Мөн энэ сарын 23-ны 21:00 цагт Чингисийн талбайд болох үдшийн цэнгүүний үеэр талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!