Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд үрчилж авч байгаа иргэдэд тавих шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй байна"

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
“Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл-2013” үндэсний чуулганыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ хүрээнд “Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдвээр өнөөдөр Монголын хүүхдийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, яамны мэргэжилтэн, хуульч А.Батбаатар, н.Ойнбаяр, ХТҮГ-ын хүүхэд хамгаалах үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү, УБЕГ, ЭЦГ-ын ажилтанууд, хүүхдийн асрамж хамгааллын “Өнөр бүл” төвийн төлөөлөл, энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг ТББ-ынхан оролцсон. Харамсалтай нь дээрх хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний хүмүүс бараг ирсэнгүй.

34 асрамжийн төвд 975 хүүхэд халамжлуулдаг

34 асрамжийн төвд 975 хүүхэд халамжлуулдаг

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 асрамжийн төв үйл ажиллагаа явуулж, 975 хүүхэд халамжлуулдаг аж. Эдгээр хүүхдүүдийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудал бийг ХАХНХЯ-ны мэргэжилтэн н.Ойнбаяр цухас дурдав.

Наад зах нь асрах төвийн хүүхдүүдийн бие даан амьдрах чадварыг сайжруулах үүднээс хөтөлбөрт хамруулаж, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгах хэрэгтэй гэлээ. Мөн асрах төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгайлсан үйлчилгээг үзүүлж, бусад хүүхдүүдээс хоцроохгүй байх нь чухал гэдгийг хэлж байлаа.

“Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож байгаа асрамжийн төвийн багш нар ч цөөнгүй хөндүүр сэдвийг сөхсөн. Тухайлбал, үрчлэгдсэн хүүхдүүдэд улсаас олгож байгаа халамжийн мөнгөний тодорхой хувийг 18 хүртэл нь дансанд хадгалах, зарим нэг төвүүдийн хууль бус шашны номлолыг зогсоох, хүүхдүүдийн архивыг маш сайн бүрдүүлж, хадгалах, хүүхэд үрчилж авч байгаа иргэдэд тавих шаардлагыг өндөрсгөх зайлшгүй хэрэгтэй байна гэсэн юм.

Асралт гэр бүлийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Энэ төрлийн үйлчилгээг манайхаас бусад оронд аль хэдийнэ нэвтрүүлсэн байдаг байна. Өөрөөр хэлбэл, хүүхдэд асран хамгаалах эцэг эх байгаа боловч тодорхой нөхцөл шалтгааны улмаас тэд хүүхдээ өөрсдийн хамгаалалтад байгах боломжгүй болдог. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг хүүхэд асран хамгаалах хүсэлтэй айлд 6-24 сарын хугацаанд байлгах нь “Асралт гэр бүлийн үйлчилгээ” юм.

ХТҮГ-ынхан энэ чиглэлээр Итали, Чех улсад очиж, туршлага судлаад ирсэн гэнэ.

Итали улсын засгийн газраас “Асралт гэр бүлийн үйлчилгээ” үзүүлдэг өрхөд сардаа 600 евро өгдөг бол Чех улс  400 кроны халамж үзүүлдэг байна.

Харин манай улсын тухайд хэчнээн төгрөгийн тэтгэмж олгох нь одоогоор тодорхой болоогүй тухай ХАХНХЯ-ны мэргэжилтэн, хуульч А.Батбаатар хэллээ.

Дээрх үйлчилгээний нэг онцлог нь хүсэлт тавьсан айлуудаас хүүхэд өөрөө сонгох бөгөөд гэрээт хугацаа дууссаны дараа буюу эцэг эх нь хүлээн авах боломжтой болсон тохиолдолд хүүхдийг заавал буцаан өгөх юм байна.

ХТҮГ-ын хүүхэд хамгаалах үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү

Хэлэлцүүлгийн үеэр ХТҮГ-ын хүүхэд хамгаалах үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Халамжийн төвүүд дотоод болон гадаад үрчиллийг дэмжих хэрэгтэй байна гэлээ. Өнөөдрийн байдлаар гадны оронд хэчнээн хүүхэд үрчлүүлээд байна вэ?

-Одоогоор 400 гаруй хүүхэд үрчилсэн тоо бий. Тэдний дийлэнх буюу 280 орчим нь АНУ-д байгаа.

-Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийг эргэж тойрох асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Харъяа улс дахь Монгол Улсын элчин сайд, Консулын газрын ажилтангууд тогтмол эргэж тойрдог байгаа.

-Дотоод болоод гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд буцах тохиолдол хэр гарч байна вэ?

-Гадаад орноос буцаагдсан хүүхдүүд байхгүй. Харин манайд хоёр тохиолдол бий. Тухайн өргөж авсан эцэг эх нь хүүхдийг зодсон байсан учраас бид буцаан авсан гэлээ.