“Ярилцах цаг”-ийн зочноор Архангай аймгийн харьяат, улсын мэргэн харваач, спортын мастер Д.Оюунхандыг урилаа.
-Сайхан зусч байна уу. Энэ жил наадмын бэлтгэл хэр байна, хаагуур галд гарав?
-Энэ жил бэлтгэлээ нэлээд базааж байгаа. Өөртөө найдвар тавиад явж байна даа. Харваачид олон болсон учраас хоёр хуваагдаж галд гарсан. Би Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын Даваахүү ахлагчтай үндэсний сур харваачидтай Цуврайн ам гэдэг газар бэлтгэлд гараад байна.
-Анх хэзээнээс сур харваж эхлэв. Хэн суурийг нь тавьж өгсөн бэ?
-1993 онд анх аав маань намайг хөтөлж, би Архангай аймгийн 70 жилийн ойгоор харваж түрүүлсэн юм. Тэгэхэд би 18 настай байсан. Тэр үеэс урам орж, харвах хорхой төрсөн гэх үү дээ.
-Анх харваж эхлэнгүүтээ наадамд түрүүлсэн байх нь. Тэр үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?
-Миний аав Самбуугийн Дамбий гэж аймгийн мэргэн харваач цолтой хүн бий. Маш олон спортоор хичээллэж, олон спортод амжилт үзүүлж яваа. Шагай, гар бөмбөг, ширээний теннис гээд ер нь бол спорт болгоныг л оролддог спортлог хүн дээ. Би айлын ганц охин нэг эрэгтэй дүү, нэг ахтай.
Харин аав маань хоёр хүүдээ биш, яагаад ч юм надад сур харваагаа уламжлуулж, нум сумаа өвлүүлж өгсөн юм. Аав минь надад “Онох гэж битгий их хичээ. Оноо нь таарвал онож л орхино. Харин анхаарлаа сайн төвлөрүүл” гэж захидаг байлаа.
-Сур эхэлж харваад шууд түрүүлдэг тэр наадамдаа хэр их бэлтгэл хийсэн байсан бэ?
-Аав бид хоёр энэ тэр хүмүүстээ гал болоогүй. Хоёулхнаа бэлтгэл хийгээд нутгийнхаа ойн наадамд очсон юм. Тэр үед яг яаж харваж байгаагаа мэдэхгүй аавынхаа хэлснээр сумаа тавьсаар байгаад л дууссан. Харвах л заяатай байсан юм болов уу даа. Талбайд гарч ирээд түрүүлсэндээ би аавдаа их баярласан.
-Эмэгтэй хүнийг сур харвадаг гэхээр гар хуруу нь бяртай байдаг байх гэж хүмүүс боддог. Таны хувьд?
-Харин хүмүүс тэгж боддог шиг билээ/ инээв/. Гэхдээ сур харваа бол гарын бяраар биш, ухаан санаагаа хэр төвлөрүүлэхээс болдог спорт.
-Тэгээд улсад хэдийнээс эхэлж харвасан бэ? Ямар амжилттай явна?
-Улсад 1996 оноос хойш тасралтгүй харвасан. 1998 онд улсын баяр наадамд түрүүлж улсын мэргэн, спортын мастер цол хүртсэн. 1999 онд улсын баяр наадамд дөрөвдүгээр байрт орж байсан. Айрагдсан гэх үү дээ. 2006 онд үзүүрлэсэн. Улсын аварга , нэрэмжит гэх мэт жижиг тэмцээнд алт мөнгө хүрэл медаль авч байлаа. 2009 онд улсын аваргад түрүүлсэн.
-Энэ спортоор хэр удаан хичээллэж байна?
-Эхний амжилтдаа урамшин, өөрийн эрхгүй энэ спортын амтанд орж, энэ спортыг хаялгүй 21 жил тасралтгүй явж байна. Анх харваснаас хойш 1996 онд улсын баяр наадамд, 1998 онд 23 насандаа улсын баяр наадамд 36 сумнаас 30 онож улсын мэргэн спортын мастер гэсэн цолыг зэрэг хүртэж байсан юм.
Тэр үед мөн л түрүүлнэ гэсэн сэтгэл байхгүй, сурсан техникээрээ харвасаар байгаад өрсөлдөгчөөсөө 1 оноогоор түрүүлсэн. Тухайн үедээ бас итгэж чадахгүй байсан. Хүмүүс баяр хүргээд ярилцлага авахад л би түрүүлжээ гэж бодсон.
-Тэр үед хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Улсын мэргэн харваач болоод хамгийн түрүүнд аав ээж хоёр маань баярлаж байгаадаа гэж л их баярласан. Хүн аав ээжийнхээ ачийг бага ч болов хариуллаа гэж сэтгэл дүүрэн байв. Улсын наадамд түрүүлэх агшны сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Жижиг тэмцээн наадамд бол орж л байдаг, түрүүлж л байдаг. Улсын наадмыг яахан гүйцэх вэ.
-21 жил гэдэг багагүй хугацаа. Энэ спортыг цааш нь үргэлжлүүлээд явах нь ч ойлгомжтой. Харин таньд өөр хийхийг хүсч байгаа ажил юу байна?
-Хамгийн нэгт, улсын мэргэн харваач гэсэн цолоо батлах. Энэ бол түрүүлсэн тэр жилээсээ л эхэлж хүссэн зүйл маань. Зарим жилд нь аз дутаж хоёрт орох, эсвэл айргийн тавд, зарим үед нь эрүүл мэндийн байдал нөлөөлөх, эсвэл айргийн таваас нэг оноогоор мултарч зургаад орох гэх мэт амжилтаар наадамд орж байлаа.
Нэг удаа улсын мэргэн харваач болоход хүмүүс аз ч юм уу байдлаар хүлээж авдаг. Харин би энэ цолоо заавал батална гэсэн мөрөөдөлдөө үндэсний сурын харваа гэдэг энэ спортыг хаяж чадахгүй яваа хүн. Дөрөв, таван жил нэг хэсэг эрүүл мэндийн байдлаас болоод сайн явсангүй. Энэ жил. бие болоод бэлтгэлийн мөрөөдөлтэй наадамдаа бэлдэж байна. Одооноос эхлэн өөртөө нэлээн найдвар тавьж байгаа.
Нэгэнт ийм олон жил сурын спортын тогоонд чанагдсан юм чинь бодол байна аа. Над шиг уйгагүй явсан хүн ховор байдаг л даа. Зарим нь ажил амьдрал, эрүүл мэндийн шаардлагаар хөндийрдөг. Харин би туршлага, мэдлэг нэлээд хуримтлуулсан учраас одоо миний хоёр дахь зорилгоо биелүүлж олон шавь бэлдэх, нутагтаа үндэсний сур харвааг хөгжүүлье гэсэн бодол байна.
Үндэсний сур харвааг нутагтаа хөгжүүлэхийн тулд хөтөлбөр боловсруулсан байгаа. Нутгийнхаа 95 жилийн ойд ямар ч байсан шижигнэсэн баг тамирчидтай, сурын талбайтай, нум сум хэрэгслээр бас нэг гарын авлагаар бэлэг барих зорилготой байна.
-Гэр бүл, ханийнхаа тухай яриач. Танай хүн бас харваач гэл үү?
-Би ханьтайгаа 1993 онд нутгийнхаа наадамд түрүүлэхдээ бие биедээ баяр хүргэж яваад танилцсан. Нэг ёсондоо сурын спорт бид хоёрыг учруулсан. Анх 1999 онд хань минь үндэсний сурын спортын мастер цол хүртсэн. Энхтөр гэж хүн бий. Миний анхны багш боловч, насан туршийн дасгалжуулагч маань нөхөр минь байдаг.
Хоёулаа сонирхол нэг болохоор яриа ч нийлнэ санаа ч нийлнэ харвахдаа харваад амьдралаа зохицуулаад явж байна даа. Хүү маань байт харвааны улсын аварга цолтой, богино хугацаанд хичээллэж байгаа гэхэд нэлээд амжилттай яваа.
-Таны энэ спорт амьдралд хэрэг болох үе гардаг уу?
-Ямар ч спорт эрүүл мэндэд ашигтай. Цэвэр агаарт зунжин гадаа байна. Харвах бай, зогсоол хоёрын хооронд 65-75 метрийн зайнд олон удаа алхана. Өдөрт 6 км бол өлхөн алхаж байгаа юм. Үүгээрээ зүрхэнд их сайн. Үүнээс гадна сэтгэл зүйн хувьд эерэг нөлөөтэй. Халуунд халж, хүйтэнд хөрч тэвчээртэй болно. Анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурна.
Харвахын тулд, онохын тулд хажууд байгаа орчноосоо өөрөө өөрийгөө тасалж харвадаг учраас маш өндөр түвшинд анхаарлаа төвлөрүүлж сурдаг. Мэдээж алдаж онодог. Алдлаа гээд хямраад байхгүй, онолоо гээд бардаад байхгүй тэр сэтгэл хөдлөлүүдийг удирдаж, тайван байж сурах шаардлага гардаг учраас зан араншингийн хувьд төлөвшилтэй болж байгаа юм.
Түүнээс гадна оюун ухаан сэтгэн бодох чадвар их хөгжинө гэж бодож байна. Монгол үндэсний нум сум цаг агаарыг их мэдэрч хувирдаг. Хүйтэнд нум нь хатуурч, тэгэхээрээ сум нь даваад байдаг. Халуун наранд нум маань уярч зөөлрөөд сум дутуу унадаг.
Энэ болгоныг мэдрээд ирэхээр хараа, ухаан эрхийгээ тооцоолж харвах юм. Салхины ширүүн зөөлнийг тооцоолно. Биеийн хүчнээс гадна оюун ухааныг их шаарддаг спорт байгаа юм. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд их төлөвшдөг. Хичээллэсэн хүүхдийн анхаарал төвлөрч сурч байна гэж багш нар нь ярьж байгаа юм.
-Та байт харваагаар бас хичээллэдэг гэлээ. Энэ хоёрын ялгаа?
-Байт харваа нь орчин үеийн боловсронгуй болсон . тул нум нь цаг агаарыг мэдэрч хувирдаггүй. Овоо хараатай. Нарийн шагайна. Бай болон харвах техник нь өөр. Байт харвааг гурван хуруугаараа гогдож харвадаг. Харин үндэсний харваа нь бай нь өөр 60 ширхэг хясаа харвадаг. Татахдаа эрхий хуруугаар татдаг. Эрхийлж харвадаг тул мэргэн онодог хүнийг эрхий мэргэн харваач гэдэг байхгүй юу.
Ганцхан манай Монгол үндэсний харваатай биш шүү дээ. Бусад орон ч өөрийн гэсэн үндэсний харваатай. Байт харваа олимпийн төрлийн бүх орон харвадаг харваа. Үүнээс гадна өөр өөрийн гэсэн үндэсний харваанууд байдаг. Азийн орнууд монгол туургатнуудын сурын харваа, азийн орнуудын сурын харваа гэж болдог болж.
Сүүлийн үед манай улс Солонгос улстай гэрээ хийж тийшээ их очиж харвадаг болсон. Тийм уралдаанд хоёр жилийн өмнө орохыг урьсан. Харин би явж чадаагүй. Одоо дахин тийм санал ирэх юм бол явна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!