Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн сурын харваанаас өсөх идэр мэргэн хоёр төржээ

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 7 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадам даваа гаригт Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Наадмын салхийг хагалж, сурын алтан зурхайд 146 харваач цэц мэргэнээ сорьжээ.

Энэ жил Урианхай сурын мэргэн “Шинэ Налайх”, “Монбэт” компанийн харваач Б.Мөнхтөр түрүүлж, Урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ. Дэд байрт Урианхай сурын хошой мэргэн Алдар спорт хороо,“Жем интернэшл” компанийн харваач Д.Мөнхгэрэл шалгарсан бол Хүч спорт хороо, “АПУ” трейдинг компанийн харваач, Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү гуравдугаар байр эзэлжээ.

БУРИАД СУРЫН ХАРВААГ З.АРИУНБАТ, Ж.НЯМДАВАА НАР ТЭРГҮҮЛЛЭЭ

Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа өнгөрсөн мягмар гаригт болж өндөрлөсөн. 16 аймгийн 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон энэхүү харваанаас хоёр мэргэн шинээр төрж, мөн тооны спортын мастер, гурван харваач дэд мастерын болзол хангажээ.

Эрэгтэй харваачдыг Дорнод аймгийн Хэрлэн сумын “Цацраг трейд” , “Дорнын гэрэгэ” компанийн харваач З.Ариунбат манлайлсан бол Сэлэнгэ аймаг Ерөө сумын уугуул, “Алдар спорт” хороо, “Жем интернейшнл” компанийн харваач Б.Батбаатар аман хүзүүджээ.

Харин эмэгтэй харваачдаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, “Бурхан халдун” группийн харваач Ж.Нямдаваа түрүүлж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, “Дорнын гэрэгэ” компанийн харваач, Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа дэд байр эзэлжээ.

Гуравдугаар байрт Өмнөговь аймгийн харьяат “Таван толгой транс” компани, “Ажнай” корпорацийн харваач, үндэсний сурын Монгол Улсын мэргэн, спортын мастер С.Баярмаа шалгарсан байна.

ХҮҮХДИЙН ХАРВААНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХАРВААЧ ТЭРГҮҮЛЛЭЭ

Сурын талбайд өчигдөр Хүүхдийн сурын харваа болж нийслэл хөдөө орон нутгийн 100 гаруй хүүхэд цэц мэргэнээ сорилоо. Энэ жил нийслэлээс гадна Ховд, Говь-Алтай, Баян- Өлгий, Дорноговь, Өмнөговь зэрэг холын аймгаас харваачид иржээ. 8-17 насны 50 гаруй эрэгтэй, 40 гаруй эмэгтэй хүүхэд сурын харваагаар өрсөлдсөн юм.

Өглөөний 09:00 цагаас хойш өдрийн турш халх харваагаар өрсөлдсөн хүүхдүүд гурван насны ангиллаар нэг гараандаа дөрвөн сум тавих бөгөөд нийтдээ 32 сумаар шилдгээ тодруулав. Байны хувьд 450-500 грамм жинтэй хясаа онож байв. Энэ жилийн хүүхдийн сур харваанд ихэнхдээ 7-8 жил сур харваагаар хичээллэсэн хүүхдүүд оролцож байна.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас ирсэн харваачидтай уулзсан юм. Тус аймгаас хүүхдийн сурын харваанд гурав, өсвөрийн харваанд гурван хүн иржээ. “Налайхын наадмын сурын харваанд амжилттай оролцож нэг хүүхэд түрүүлээд ирсэн. Тиймээс хүүхдүүддээ маш их найдлага тавьж байна” хэмээн Баян-Уул сумын багш Г.Баярсайхан ярьсан юм.

Ингээд Улсын баяр наадмын хүүхдийн сур харвааны эрэгтэй төрөлд Баян-Өлгий аймгийн харваач Н.Алтантулга 31 оноогоор тэргүүлсэн бол Өвөрхангай аймгийн харваач Б.Цацарням 24 оноогоор удааллаа.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Зуун мэргэн” холбооны харваач Б.Санчирнаран 29 оноогоор манлайлж, Өвөрхангай аймгийн харваач Б.Даваадулам хоёрдугаарт орлоо. Төрөл тус бүрд тэргүүлсэн Н.Алтантулга, Б.Санчирнаран нар өсөх идэр мэргэн цол хүртлээ.

Зураг